ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа Захиргааны хэргийн шүүхэд хүсэлт гаргах, шүүх хуралдааны өмнөх ажиллагаа

Захиргааны хэргийн шүүхэд хүсэлт гаргах, шүүх хуралдааны өмнөх ажиллагаа

Нэг. Шүүхэд дуудан ирүүлэх тохиолдолд очих. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59.1, 59.2-т заансаар Шүүгч хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, гэрч, орчуулагч, хэлмэрч, шинжээчийг шүүхийн мэдэгдэх хуудсаар шүүх болон шүүх хуралдаанд дуудан ирүүлнэ.

Шүүх хуралдаанд дуудан ирүүлэхдээ шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар тэдгээрийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар мэдэгдэнэ.

Хоёр. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд та ТӨЛӨӨЛӨГЧӨӨРӨӨ дамжуулан оролцох боломжтой бөгөөд төлөөлөгчийг итгэмжлэлээр оролцуулна.

Итгэмжлэл олгохдоо дараах эрхийг олгох эсэхийг шийдвэрлэж, хэрэв олгох бол тусгайлан итгэмжлэлд зааж өгнө. Үүнд:

  • нэхэмжлэлд гарын үсэг зурах, хариу тайлбар гаргах;
  • нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх;
  • нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах;
  • нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, ихэсгэх, эсхүл багасгах;
  • эвлэрэх;
  • шүүхийн шийдвэрийг давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах;
  • төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлийг бусдад шилжүүлэх;
  • захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхийг шаардах.

http://e-khutuch.mn/guide/print/17/242/advice