ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа Захиргааны хэргийн шүүхэд хүсэлт гаргах, шүүх хуралдааны өмнөх ажиллагаа

Захиргааны хэргийн шүүхэд хүсэлт гаргах, шүүх хуралдааны өмнөх ажиллагаа

Хуулийн зохицуулалт

Хуулийн зохицуулалт

Иргэний хувьд захиргааны хэргийн шүүхийн ажиллагаанд нэхэмжлэгчээр, эсхүл гуравдагч этгээдээр оролцох боломжтой бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17-р зүйлийн 17.1-д зааснаар “хэргийн оролцогч” гэж нэрлэгдэнэ. Хэргийн оролцогч дараах хүсэлтүүдийг гаргах эрхтэй.

Өмгөөлөгч авах

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т зааснаар “Захиргааны хэрэг үүсгэснээс хойш хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэх хүртэл хугацаанд хэзээд ч өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч болно.” Мөн хуулийн 30.2-т зааснаар өмгөөлөгчийг (1) бичгээр гаргасан хүсэлтээр, эсхүл (2) өмгөөлөгчтэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үндсэн дээр оролцуулна.

Өмгөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т заасан эрхийг эдэлж, 30.4-т заасан үүргийг хүлээж оролцох тул өмгөөлөгч таны эрх, ашиг сонирхлыг хамгаалахын тулд эрх, үүргээ хэрэгжүүлж оролцсон эсэхийг хянах боломжтой. 

Шүүх хуралдааныг хойшлуулах

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, 80 дугаар зүйлийн 80.2 дах заалтад зааснаар иргэн шүүх хуралдаанд оролцох боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаан байгаа тохиолдолд тэр талаарх нотлох баримтаа хүсэлтийн хамт гаргаж, шүүх хуралдааныг хойшлуулж болно. Энд дурдсан хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт хүндээр өвчилсөн, гадаад, дотоодод эмчлүүлж байгаа, албан томилолттой байгаа, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар шүүхэд ирэх боломжгүй байхыг ойлгоно.

Гэрчийн мэдүүлэг:

Хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг “гэрч”-ээр асуулгахаар хүсэлт гаргаж болно.  

Хэрэв та шүүхэд гэрчээр дуудагдсан бол: /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйл./

  • шүүхэд заавал хүрэлцэн очих үүрэгтэй,
  • үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй,  
  • мэдүүлэг өгөхөөс татгалзах, зайлсхийх, эсхүл зориуд худал мэдүүлэг өгсөн бол хуульд заасан хариуцлага оногдуулна.
  • хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй бол түүнийг албадан ирүүлэх ба холбогдох зардлыг гаргуулна.
  • Өөрийн болон гэр бүлийн гишүүн, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй.

Шинжээч томилуулах

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасны дагуу “Хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд шинжээчийг томилуулах хүсэлтийг гаргаж болно.”

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар ШҮҮГЧ САНААЧЛАГААРАА шинжээч томилох захирамж гаргана.

Бусад ажиллагаа

Хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шүүх үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийг оролцуулан хийх бөгөөд энэ тухай тэмдэглэл үйлдэж, уг ажиллагаанд оролцогчдоор гарын үсэг зуруулна. /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т/


http://e-khutuch.mn/guide/print/17/242/law