ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа Анхан шатны шүүхийн шүүх хурал, түүнд оролцох

Анхан шатны шүүхийн шүүх хурал, түүнд оролцох

Нэг. Иргэдийн төлөөлөгч. Монгол Улсын Үндсэн хуулийн 52.2, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3.1-т зааснаар захиргааны хэргийг анхан шатны журмаар, 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэхэд иргэдийн төлөөлөгчийг оролцуулна.

Шүүхийн ил тод, нээлттэй байх зарчмыг бэхжүүлэх, шүүн таслах ажиллагаанд олон нийтийн зүгээс хяналт тавих тогтолцоог бий болгох зорилгоор иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулдаг.

Иргэдийн төлөөлөгчийг батлагдсан журмын дагуу тухайн шүүхийн тамгын газар сонгон шалгаруулах ба нэрсийн жагсаалтаас цахимаар тохиолдлын журмаар сонгодог.

Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэд мэдэгдэх хуудсыг шүүх хуралдаан болохоос ажлын 5-аас доошгүй өдрийн өмнө мэдэгдэж, иргэний ажил олгогч байгаа тохиолдолд мөн мэдэгдэл хүргүүлнэ. Ажил олгогч нь ажилтандаа чөлөө олгож, аливаа байдлаар саад учруулахгүй байх үүрэг хүлээнэ.

Сонгогдсон иргэн

  • эмнэлгийн магадлалаар баталгаажсан эрүүл мэндийн нөхцөл байдлын улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон;
  • ажил олгогчийн баталгаажуулсан албан томилолттой байсан;
  • бага насны хүүхэд болон бусад этгээдийг асран хамгаалж байгаа бөгөөд энэ талаар хорооны Засаг даргын тодорхойлолттой бол;
  • хүндэтгэн үзэх бусад шалтгаантай байснаас бусад шалтгаанаар шүүх хуралдаанд оролцохоос татгалзсан бол хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

Хоёр. Шүүхийн нөхөн төлүүлэх зардал.

Дараах зардал гарсан бол хэргийн оролцогч НӨХӨН ТӨЛНӨ. /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44-р зүйл/

  • шинжээч, орчуулагч, хэлмэрчийн тээвэр, байр, хоолны зардал, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар гүйцэтгэсэн ажил үндсэн ажлын чиг үүрэгт хамаарахгүй бол ажлын хөлс;
  • гэрчийн тээвэр, байр, хоолны зардал, цалин, хөдөлмөрийн хөлс;
  • үзлэг хийх, туршилт явуулах, таньж олуулах ажиллагаа явуулахад гарсан зардал;
  • эд мөрийн баримт хадгалах зардал;
  • гэрчийн мэдүүлгийг очиж авсан зардал.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47-р зүйлд зааснаар шүүхийн зардлыг хуваарилж, хэн төлөх талаар шүүгч, шүүх бүрэлдэхүүн шийдвэртээ тусгана.


http://e-khutuch.mn/guide/print/17/244/advice