ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа Анхан шатны шүүхийн шүүх хурал, түүнд оролцох

Анхан шатны шүүхийн шүүх хурал, түүнд оролцох

Хуулийн зохицуулалт

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-т зааснаар Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн, талууд эвлэрснээс бусад бусад тохиолдолд захиргааны хэргийг гагцхүү шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ.

Мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т зааснаар “Шүүх хуралдааны танхимд байгаа бүх хүн шүүхийг хүндэтгэх, хуралдааны танхимд тогтоосон журмыг сахих, хуралдаан даргалагчийн шийдвэрт захирагдах үүрэгтэй.”

Анхан шатны шүүх шийдвэрээ Монгол Улсын нэрийн өмнөөс гаргах ба шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулж, ийнхүү танилцуулан сонсгосноор шийдвэр хүчинтэй болно. /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 108 дугаар зүйлийн 108.1, 108.2 дах заалт/

Асуудлыг шийдвэрлэх байгууллага

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.1, 74.2-д зааснаар  дараах шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэнэ. 

Шүүх

Шүүгчийн тоо

Шийдвэрлэх хэргийн төрөл

 

 

Захиргааны хэргийн анхан шатны шүүх

 

 

 

3

  • анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах, эсхүл хяналтын шатны шүүхээс хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан;
  • захиргааны хэм хэмжээний акттай холбоотой;
  • тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр шүүх бүрэлдэхүүнтэй шийдвэрлэхээр тогтоосон.

1

Дээр зааснаас бусад хэргийг.

Асуудлыг шийдвэрлэх дараалал

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89-108 дугаар зүйлд Шүүх хуралдааны дэг, шүүхийн шийдвэрийн талаар зохицуулсан.

  1. Шүүх хуралдааныг нээх, ирц, оролцох эрхийг шалгаж, танилцах
  2. Шүүх бүрэлдэхүүнийг зарлан, шинжээч, орчуулагч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг танилцуулж, татгалзан гарах эрхийг тайлбарлах,
  3. Хэргийн оролцогчийн эрх, үүргийг танилцуулж, орчуулагч, хэлмэрчийн үүргийг тайлбарлах
  4. Хүсэлт байгаа эсэхийг асууж, хүсэлтийг шийдвэрлэх
  5. Хэрэг хэлэлцэж эхлэх /шүүгч хэргийг танилцуулна
  6. Мэтгэлцэх /талууд өөрсдийн тайлбараа хэлнэ/
  7. Нотлох баримт шинжлэх /бичгийн нотлох баримтууд, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт сонсох/
  8. Шүүх хуралдаан завсарлаж, шүүх шийдвэрээ гаргаж, танилцуулна.
Асуудлыг шийдвэрлэх хугацаа

Нэг. Хэргийн оролцогч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд (1) заавал байлцуулах шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдааныг 14 хүртэл хоногоор хойшлуулна, (2) оролцуулахгүйгээр шууд хэргийг хянан шийдвэрлэнэ.

 Дараах тохиолдолд оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэнэ:

  • Нэхэмжлэгч эзгүйд шүүх хуралдаан хийж болох талаар бичгээр хүсэлт ирүүлсэн;
  • Шүүх хангалттай нотлох баримт цугларсан гэж үзвэл;
  • Хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан;
  • Хурлын тов мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол.

Хоёр. Шүүх хуралдаан дээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэх – Шүүх хуралдаан дээр гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүгч, шүүх бүрэлдэхүүн даруй шийдвэрлэнэ. /ЗХШХШтХ-ийн 96 дугаар зүйлийн 96.1/

Хүсэлтийг хүлээн авсан тохиолдолд шүүх хуралдааныг 14 хүртэл хоногоор, шинэ нотлох баримт зайлшгүй шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдааныг 30 хүртэл хоногоор хойшлуулж болно.

Гурав. Шүүх шийдвэрээ гарах – Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийг бичгээр гаргана.

Дөрөв. Шийдвэрийг гардаж авах – Шүүхийн шийдвэр дээрх заасан хугацаанд бичгээр гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авна.

Асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд гомдол гаргах

Нэг. Хүсэлтийг шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид “гомдол гаргах эрхтэй” гэж заасан эсэхээс хамаарч гомдол гаргана. Гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргана.

Хоёр. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэж үзвэл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргана. /ЗХШХШтХ-ийн 114 дүгээр зүйлийн 114.1/

Нэг. Иргэдийн төлөөлөгч. Монгол Улсын Үндсэн хуулийн 52.2, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3.1-т зааснаар захиргааны хэргийг анхан шатны журмаар, 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэхэд иргэдийн төлөөлөгчийг оролцуулна.

Шүүхийн ил тод, нээлттэй байх зарчмыг бэхжүүлэх, шүүн таслах ажиллагаанд олон нийтийн зүгээс хяналт тавих тогтолцоог бий болгох зорилгоор иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулдаг.

Иргэдийн төлөөлөгчийг батлагдсан журмын дагуу тухайн шүүхийн тамгын газар сонгон шалгаруулах ба нэрсийн жагсаалтаас цахимаар тохиолдлын журмаар сонгодог.

Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэд мэдэгдэх хуудсыг шүүх хуралдаан болохоос ажлын 5-аас доошгүй өдрийн өмнө мэдэгдэж, иргэний ажил олгогч байгаа тохиолдолд мөн мэдэгдэл хүргүүлнэ. Ажил олгогч нь ажилтандаа чөлөө олгож, аливаа байдлаар саад учруулахгүй байх үүрэг хүлээнэ.

Сонгогдсон иргэн

  • эмнэлгийн магадлалаар баталгаажсан эрүүл мэндийн нөхцөл байдлын улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон;
  • ажил олгогчийн баталгаажуулсан албан томилолттой байсан;
  • бага насны хүүхэд болон бусад этгээдийг асран хамгаалж байгаа бөгөөд энэ талаар хорооны Засаг даргын тодорхойлолттой бол;
  • хүндэтгэн үзэх бусад шалтгаантай байснаас бусад шалтгаанаар шүүх хуралдаанд оролцохоос татгалзсан бол хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

Хоёр. Шүүхийн нөхөн төлүүлэх зардал.

Дараах зардал гарсан бол хэргийн оролцогч НӨХӨН ТӨЛНӨ. /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44-р зүйл/

  • шинжээч, орчуулагч, хэлмэрчийн тээвэр, байр, хоолны зардал, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар гүйцэтгэсэн ажил үндсэн ажлын чиг үүрэгт хамаарахгүй бол ажлын хөлс;
  • гэрчийн тээвэр, байр, хоолны зардал, цалин, хөдөлмөрийн хөлс;
  • үзлэг хийх, туршилт явуулах, таньж олуулах ажиллагаа явуулахад гарсан зардал;
  • эд мөрийн баримт хадгалах зардал;
  • гэрчийн мэдүүлгийг очиж авсан зардал.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47-р зүйлд зааснаар шүүхийн зардлыг хуваарилж, хэн төлөх талаар шүүгч, шүүх бүрэлдэхүүн шийдвэртээ тусгана.

Асуулт 1. Нэгэнт зарлагдсан шүүх хуралдааныг хойшлуулж болох уу?

Хариулт 1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96.2-т зааснаар (1) шүүх хуралдааны явцад нэмэлт нотлох баримт зайлшгүй шаарлагатай болсон, эсхүл (2) шүүх хуралдаанд ирээгүй оролцогчийг зайлшгүй оролцуулах шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдааныг 14 хүртэл хоногоор хойшлуулж болно”. Иймд шүүх хуралдаан хойшлох боломжтой.

Асуулт 2. Анхан шатны шүүхийн шийдвэр ямар тохиолдолд хүчин төгөлдөр болох вэ?

Хариулт 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110.1-т зааснаар

  • шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргаагүй,
  • давж заалдах гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол гаргаагүй;
  • магадлалд хяналтын журмаар гомдол гаргасан бөгөөд Улсын дээд шүүхээс тогтоол гаргасан тохиолдолд анхан шатны шүүхийн шийдвэр төгөлдөр болно.

Асуулт 3. Шүүх хуралдаан заавал биечлэн орох шаардлагатай юу?

Хариулт 3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан төлөөлөгч эсхүл өмгөөлөгчөөрөө төлүүлэн оролцож байгаа тохиолдолд заавал биечлэн байхыг шаардахгүй.


http://e-khutuch.mn/guide/print/17/244/all