ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа Давж заалдах шатны ажиллагаа, түүнд оролцох

Давж заалдах шатны ажиллагаа, түүнд оролцох

Асуудлыг шийдвэрлэх дараалал

Нэг. Давж заалдах гомдол гаргах /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114, 115-р зүйл/

ГОМДЛЫГ:

  • Анхан шатны шүүхийн шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор гаргана.
  • Бичгээр гаргаж, гарын үсэг зурсан байна.
  • Хэргийг шийдсэн анхан шатны шүүхийн шүүгчийн туслахаар хугацаандаа гаргасан талаар бичилт хийлгэж, мэдээлэл, лавлагааны ажилтанд өгнө.
  • 70,200₮-н улсын тэмдэгтийн хураамж төлсөн банкны баримтыг хавсаргана.

ГОМДОЛД ЗААВАЛ ТУСГАХ ЗҮЙЛС:  

  1. Шүүхийн нэр;
  2. Гомдол гаргагчийн ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын болон цахим хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, цахим хаяг, оршин байгаа газрын хаяг, утас, факсын дугаар;
  3. аль шүүхийн ямар шийдвэрт гомдол гаргаж байгаа /анхан шатны шүүхийн шийдвэрийн огноо, дугаар/;
  4. шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл аль хэсэг, заалтыг зөвшөөрөхгүй байгаа;
  5. давж заалдах шатны шүүхээс ямар шийдвэр гаргуулахыг хүсч байгаа. /Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх, эсхүл дахин хэлэлцүүлэхийн алин болох/

Анхан шатны шүүхэд гаргаж өгөөгүй шинэ нотлох баримтаар авж заалдах гомдолоо нотолж болохгүй.

Хэрэв хүндэтгэн үзэх шалтгаанаар давж заалдах гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн бол ХУГАЦАА СЭРГЭЭЛГЭХ ХҮСЭЛТЭЭ холбогдох нотлох баримтын хамт анхан шатны шүүхэд гаргах бөгөөд уг хүсэлтийг хангах эсэхийг шүүгч тухайн хүсэлтэд хавсаргасан баримтыг хянаж, захирамж гарган шийдвэрлэнэ.

Хоёр. Гомдлоосоо татгалзах /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116-р зүйл/

Давж заалдах гомдол гаргасан этгээд шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орохоос өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд ГОМДЛООСОО ТАТГАЛЗАХ эрхтэй. Гомдлоосоо татгалзвал түүнийг гомдол гаргаагүйд тооцож,  улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгоно.

Гурав. Гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцэж, шийдвэр гаргах /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118-121 дүгээр зүйл/

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлээд “магадлал” гаргана. Давж заалдах шатны шүүх нь (1) анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх, (2) өөрчлөх, (3) хүчингүй болгох шийдвэрийн аль нэгийг гаргана. 


http://e-khutuch.mn/guide/print/17/245/decide_order