ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Эрүүгийн хэрэг /гэмт хэрэг/ хянан шийдвэрлэх ажиллагаа Хэрэг бүртгэлт

Хэрэг бүртгэлт

1. Гэмт хэрэгт холбогдсон эсвэл хохирсон хүн эрх зүйн мэдээллээ хаанаас авах боломжтой вэ?

Эрүүгийн хэргийн оролцогчдод хууль, эрх зүйн асуудлаар мэдээлэл шаардлагатай бол Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан, Эрх зүйн цахим хөтөч, хууль зүйн мэдээлэл, зөвлөгөө өгөх Клиник төвүүдээс мэдээлэл авах боломжтой.

Эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээлэл шаардлагатай бол цагдаагийн байгууллага, прокурорын байгууллага, авилгатай тэмцэх байгууллага дахь мэдээлэл, дүн шинжилгээ хариуцсан алба хаагчдаас, харин шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны талаарх мэдээлэл шаардлагатай бол шүүх байгууллага дахь мэдээлэл лавлагааны мэргэжилтнүүдээс мэдээлэл авах боломжтой. Мөн “Шүүхийн цахим сан” /www.shuukh.mn/ сайтаас шүүх хуралдааны товийг харж, шийтгэх болон цагаатгах тогтоолтой уншиж танилцах боломжтой.

2. “Эрүүгийн хэрэг” гэж юуг хэлдэг вэ? Гэмт хэргээс өөр тусдаа асуудал уу? 

“Гэмт хэрэг”, “эрүүгийн хэрэг”, “хавтаст хэрэг” гэх ойлголтууд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үе шатнаас хамаараад ийнхүү өөр өөрөөр нэрлэгдэж байгаа боловч агуулгын хувьд эрүүгийн хуульд гэмт хэрэг гэж заасан үйлдэл, эс үйлдэхүйг хууль, шүүхийн байгууллагаас шалгаж, шийдвэрлэх явцад бүрдүүлсэн шийдвэр, баримт бичиг, хэрэгт хавсаргасан бусад баримт бичгийг ийнхүү нэрлэж байгаа юм.

            Гэмт хэргийн үндсэн шинжээс дурдвал эрүүгийн хуульд гэмт хэрэг гэж тооцсон үйлдэл, эс үйлдэхүй байх бөгөөд түүний улмаас учирсан хохирол, хор уршиг багтдаг.

Гэмт хэрэгт тооцсон үйлдэл, эс үйлдэхүйг тодорхой төрлийн гэмт хэрэг болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10-29 дүгээр бүлэгт нарийвчлан заасан байдаг.

3. Хохирлын хэмжээг хэрхэн ангилдаг вэ?

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж үзэх ба мөн хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцдог. Эрүүгийн хуулийн 2.5-д зааснаар хохирлын хэмжээг “бага хэмжээний хохирол”, “үлэмж хэмжээний хохирол”, “их хэмжээний хохирол” гэж ангилсан бөгөөд эдгээрээс гадна “ноцтой хохирол”-д юуг тооцох талаар хуульчилсан байдаг.

4. Мөрдөгч гэж хэнийг хэлэх вэ?

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар “мөрдөгч” гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эрх бүхий албан тушаалтныг хэлдэг. Иймд энэ нь аль нэг албан тушаалыг бус хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах чиг үүрэг бүхий эрх бүхий албан тушаалтныг нийтэд нь ийнхүү нэрлэж байгаа юм.


http://e-khutuch.mn/guide/print/18/230/faq