ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Эрүүгийн хэрэг /гэмт хэрэг/ хянан шийдвэрлэх ажиллагаа Мөрдөн байцаалт

Мөрдөн байцаалт

Асуудлыг шийдвэрлэх дараалал

Прокурор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэний дараа сэжигтнийг мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлж, уг тогтоолыг танилцуулахыг мөрдөгчид даалгана.

Мөрдөгч эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг прокуророос хүлээн авсан даруй дуудан ирүүлсэн сэжигтэнд танилцуулна.

Сэжигтэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцахаас татгалзвал түүнд тогтоолыг уншиж энэ талаар тэмдэглэл хөтөлж, шаардлагатай бол дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлнэ.

Мөрдөн байцаалтыг дуусгах. Мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдэнэ.

Хэргийн материалтай энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан оролцогч мөрдөгчөөс тогтоосон хугацаанд танилцах ба мөрдөгч хэргийн материалтай танилцах боломж, нөхцөлийг бүрдүүлнэ.

Оролцогч хүсэлт гаргавал хавтаст хэргийн материалаас шүүхээр хэлэлцүүлэх төрийн нууцад хамаарахаас бусад нотлох баримтыг өөрийн зардлаар хуулбарлаж, хувилж авах боломжоор хангана.

Хэргийн материалтай танилцах үед оролцогчоос гаргасан хүсэлт, гомдлыг мөрдөгч хүлээн авч хангах, эсхүл хэрэгсэхгүй болгож энэ тухай шийдвэр гаргана.

Хавтаст хэргийн материалтай танилцаад тэмдэглэлд тусгасан оролцогчийн хүсэлт, гомдлыг мөрдөгч хэрэгсэхгүй болгосон бол оролцогч прокурорт гомдол гаргаж болно.

Нэмэлт мөрдөн байцаалт явуулсан бол нэмж хийсэн ажиллагааны материалыг тухайн ажиллагаанд холбогдох оролцогчид танилцуулна.

Хэргийг прокурорт шилжүүлэх. Мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж дууссаны дараа холбогдох саналыг хавтаст хэргийн хамт прокурорт шилжүүлнэ.


http://e-khutuch.mn/guide/print/18/231/decide_order