ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Эрүүгийн хэрэг /гэмт хэрэг/ хянан шийдвэрлэх ажиллагаа Мөрдөн байцаалт

Мөрдөн байцаалт

1. Мэдүүлгийг ямар хугацаанд авдаг вэ?

18 насанд хүрсэн хүнээс мэдүүлгийг 4 цагийн хугацаагаар тасралтгүй авч болох ба түүнээс илүү хугацаагаар авах бол дунд нь 1 цагийн завсарлага авах ба нэг удаагийн мэдүүлэг авах нийт хугацаа 8 цагаас хэтэрч болохгүй.

18 насанд хүрээгүй хүнээс авах мэдүүлгийг 2 цагийн хугацаагаар тасралтгүй явуулж болох ба түүнээс илүү хугацаагаар явуулах бол дунд нь 30 минутын завсарлага авна. Нэг удаагийн мэдүүлэг авах нийт хугацаа 4 цагаас хэтэрч болохгүй.

 

2. Мэдүүлэг өгхөөс татгалзах боломжтой юу?

Мөрдөгч мэдүүлэг өгөх гэж байгаа хүнд өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйг нь тайлбарлах бөгөөд энэхүү эрхийнхээ дагуу мэдүүлэг өгөхөөс татгалзах боломжтой. Тухайлбал, хүнийг баривчлах үед түүнд баривчилсан шалтгаан, үндэслэлийг мэдэгдэж, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг сануулдаг.

3. Төлбөрийн чадваргүй тохиолдолд хэрэгтээ өмгөөлөгч оролцуулах боломж байдаг юу?

Төлбөрийн чадваргүй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн өмгөөлүүлэх эрхийг хангах асуудлыг “Төлбөрийн чаваргүй яллагдагчид хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай” тусгай хуулиар зохицуулдаг.

Энэ тохиолдолд төлбөрийн чадваргүйн улмаас өмгөөлөгч оролцуулах хүсэлтээ сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нь мөрдөгчид гаргаж шийдвэрлүүлнэ.

            Харин төлбөрийн чадваргүй хохирогчийн хувьд энэ хуулийн дагуу өмгөөлөгч оролцуулах боломжгүй байна.

4.  Ямар үндэслэлээр цагдан хорих вэ?

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар Цагдан хорих нь Таслан сэргийлэх арга хэмжээний нэг төрөл бөгөөд цагдан хорих арга хэмжээг заавал шүүгчийн зөвшөөрлөөр, цагдан хорих хуульд заасан үндэслэл байгаа тохиолдолд энэхүү арга хэмжээг авна. Цагдан хорих арга хэмжээг авагдсан бол өөр бусад таслан сэргийлэх арга хэмжээг давхар хэрэглэдэггүй. Шүүх дараахь үндэслэлийн аль нэг нь байвал яллагдагчийг цагдан хорих шийдвэр гаргана.

а/эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан, оргон зайлсан;

б/шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа;

в/гэмт хэрэг дахин үйлдэх талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа;

г/урьд нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг 8 жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагчийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болдог.

5. Эрүүгийн хуулийн тусгай анги гэж юу вэ?

Эрүүгийн хууль нь ерөнхий болон тусгай ангиас бүрдэх бөгөөд Ерөнхий ангид гэмт хэрэг, эрүүгийн хариуцлага хүлээх хүн, хуулийн этгээд, тэдгээрт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар хуульчлан заасан байдаг бол Тусгай ангид гэмт хэргүүдийг бүлэгт ангилан заасан байдаг. Тухайлбал, Аравдугаар бүлэгт “Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг”, Арван нэгдүгээр бүлэгт “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг” гэх мэт. Эдгээр бүлгүүд нь дотроо гэмт хэргүүдэд задардаг бөгөөд гэмт хэрэг нь дотроо өөрийн шинжээрээ мөн 1, 2, 3 гэх мэтээр хэсэг болон задардаг.


http://e-khutuch.mn/guide/print/18/231/faq