ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Эрүүгийн хэрэг /гэмт хэрэг/ хянан шийдвэрлэх ажиллагаа Сэжигтнийг баривчлах

Мөрдөгч нь сэжигтнийг баривчлах шүүхийн зөвшөөрөл авах тухай саналыг прокурорт гаргах, сэжигтнийг шууд баривчлах тус тус эрхтэй

Баривчлагдсан сэжигтний эрх. Баривчлагдсан сэжигтэн нь дараах эрхийг эдэлнэ.

а/баривчилсан үндэслэлтэй танилцах;

б/шүүхийн зөвшөөрөлгүй баривчилснаас бусад тохиолдолд баривчлах тухай шүүхийн зөвшөөрөлтэй хуульд заасан хугацаанд танилцах, хуулбарыг авах;

в/өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх, өмгөөлөгч, гэр бүлийн гишүүнтэй холбогдох боломжоор хангагдах;

г/баривчлах шийдвэр, ажиллагааны талаар шүүхэд гомдол гаргах;

д/өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх;

е/эмнэлгийн тусламж авах;

ё/хууль бусаар баривчилсны улмаас учирсан хохирлоо арилгуулахаар гомдол гаргах;

ж/хууль зөрчсөн эрх бүхий албан тушаалтан, мөрдөгч, прокурорын үйл ажиллагаанд гомдол гаргах.

Баривчлагдсан сэжигтэн түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцаж, хуулбарлаж авах, баривчилсан үндэслэлийн талаар мөрдөгчөөр тайлбарлуулах эрхтэй.

Мөрдөгч сэжигтнийг баривчилснаас хойш 6 цагийн дотор түүний хувийн байдлыг тогтоох, мэдүүлэг авах ажиллагааг явуулна.

Мөрдөгч сэжигтнийг баривчилснаас хойш 6 цагийн дотор тухайн сэжигтнийг баривчилсан талаар түүний гэр бүлийн арван найман насанд хүрсэн гишүүн, эсхүл өмгөөлөгч, гадаад улсын иргэн бол тухайн улсын Дипломат төлөөлөгчийн газарт мэдэгдэнэ.

Мөрдөгч баривчлах ажиллагааны үед холбогдох хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадлага хэрэглэж болно.

 

Баривчлагдсан сэжигтнийг суллах. Шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан сэжигтнийг дараахь тохиолдолд шүүгч суллах шийдвэр гаргана:

агэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай баримт байхгүй;

б/энэ хуулийн 31.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчиж баривчилсан.

Баривчилснаас хойш 48 цаг дуусч, сэжиглэгдэж байгаа хүнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах прокурорын шийдвэр, цагдан хорих шүүхийн шийдвэр ирээгүй бол баривчлах байрны дарга мөрдөгч, прокурор, шүүгчид мэдэгдэж, түүнийг суллана.

Сэжигтнийг суллахдаа түүнийг ямар үндэслэлээр, хэзээ, хаана, хэний шийдвэрээр баривчилсан, хэзээ, хэний шийдвэрээр сулласан тухай магадлагаа олгоно.

Баривчлагдсан өсвөр насны сэжигтнийг суллахдаа түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хууль ёсны төлөөлөгчийн аль нэгэнд хүлээлгэн өгнө.

Мөрдөгч, прокурор, шүүх хууль бусаар баривчлагдсан болох нь тогтоогдсон сэжигтнийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу суллахдаа түүнд энэ хуульд заасны дагуу хууль бусаар баривчилснаас болж учирсан хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарлана.


http://e-khutuch.mn/guide/print/18/232/advice