ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Эрүүгийн хэрэг /гэмт хэрэг/ хянан шийдвэрлэх ажиллагаа Прокурорын хяналт

Прокурорын хяналт

Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа. Хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт холбогдсон яллагдагчийн эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болно. Энэ тохиолдолд яллагдагчийн хүсэлтэд хохирлоо нөхөн төлсөн баримт, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн тухай баталгааг хавсаргасан байна.

Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзэн яяллагдагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн бол мөрдөгч 14 хоногийн дотор мөрдөн байцаалт явуулах бөгөөд прокурор мөрдөн байцаалтын ажилтай танилцана.

Яллагдагч нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх хүсэлт гаргасан, эсхүл хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзсан, хэргийн зүйлчлэл, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар санал зөрсөн, эсхүл гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөргүй, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдоогүй бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй. Харин эсрэгээрээ прокурор мөрдөн байцаалтын ажилтай танилцаад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаархи саналыг яллагдагчид танилцуулж, зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлнэ.

Шүүх тухайн хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хүлээн авсан даруй ял оногдуулах шүүх хуралдаан зарлан явуулах бөгөөд Шүүх хуралдаанаар дараах нөхцөл байдлыг хянана:

- шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх;

- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх;

- прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн эсэх;

- хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх;

- гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн эсэх;

- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх.

Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана.

Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.

Дараах гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж болохоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан байна.

11.6/Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах/,

11.7/Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх/,

12.4/Бэлгийн дарамт учруулах/,

13.6/Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох/,

13.10/Хувь хүний нууцад халдах/,

13.11/Хувь хүний нууцыг задруулах/,

15.2/Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх/,

17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/Хулгайлах/,

17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/Дээрэмдэх/,

17.5/Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших/,

20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах/,

20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах/,

23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/Хууль сахиулагчийг эсэргүүцэх/,

23.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/Нийтийн албан тушаалтныг заналхийлэх/,

27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/,

27.11/Автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах/.

 

Прокурор хэргийг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор хянаж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлнэ.

Шүүх хэргийг хүлээн авснаас хойш 72 цагийн дотор хэргийг хянан шийдвэрлэнэ.

 

Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах. Энэхүү шүүхийн шийдвэрийг хянуулах хүсэлтийг прокурор хүлээн авч энэ хуулийн 41.1 дүгээр зүйлд заасан дараах үндэслэл байгаа эсэхийг шалгана.

а/ гэрч, шинжээчийн санаатай гаргасан худал мэдүүлэг, дүгнэлт, орчуулагч, хэлмэрчийн санаатай худал орчуулга, хуурамч нотлох баримт, тэмдэглэл, баримт бичгийг үндэслэж шийдвэр гарсан нь тогтоогдсон;

б/ шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан нь эрх хэмжээгээ урвуулан ашигласан нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон;

в/ цагаатгагдсанхүн, хуулийн этгээд гэм буруутай болохыг нотлох, эсхүл гэм буруугүй хүн, хуулийн этгээдэд ял оногдуулахад хүргэсэн, шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн;

г/ хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн бол.

Эдгээр үндэслэлийн аль нэг нь байвал прокурор шинэ нөхцөл байдал илэрсэн гэж үзэж, хэрэг үүсгэх тухай тогтоол гаргаж, энэ тухай хэргийн оролцогчид мэдэгдэх, уг байдлыг хянан шалгах, эсхүл энэ талаар мөрдөгчид даалгавар өгнө.

Прокурор шинээр илэрсэн нөхцөл байдлын талаар хэрэг үүсгэх үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай үндэслэл бүхий тогтоол гаргаж, гомдол, хүсэлтийг хүлээн авахаас татгалзах шийдвэр гаргах ба түүнийг эс зөвшөөрвөл дээд шатны прокурорт гомдол гаргаж болно.

Прокурор энэ хуулийн 41.1 дүгээр зүйлд заасан үндэслэл байгаа эсэхийг шалгаж, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг сэргээх тухай дүгнэлтээ дараахь шүүхэд бичгээр гаргана.

а/анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүхэд;

б/давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийдвэрийг хяналтын шатны шүүхэд

Шүүх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй гэж үзвэл шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дараахь шийдвэр гаргана.

-тухайн хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн харьяаллыг тогтоож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах;

-хэргийг прокурорт буцаах.


http://e-khutuch.mn/guide/print/18/233/advice