ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Эрүүгийн хэрэг /гэмт хэрэг/ хянан шийдвэрлэх ажиллагаа Прокурорын хяналт

Прокурорын хяналт

1. Болгоомжгүй үйлдсэн гэмт хэрэгт прокурор хөнгөн ял оногдуулан шийдвэрлэх боломжтой юу?

Гэмт хэргийг санаатай болон болгоомжгүй хэлбэрээр үйлддэг. Ихэнх тохиолдолд санаатай үйлдсэн гэмт хэрэгт хүлээлгэх хариуцлага нь блогоомжгүй үйлдсэн гэмт хэрэгт хүлээлгэх хариуцлагаас өндөр байдаг ч тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээ нь хүлээлгэх эрүүгийн хариуцлагад шууд хамааралтай байдаг. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 11.5 дугаар зүйл /Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах/-д заасан гэмт хэрэгт хорих ял хуульчлагдаагүй, харин Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйл /Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах/-д заасан гэмт хэрэгт 6 сараас 3 жил хүртэл хорих ял оногдуулахаар хуульчилсан байдаг. Иймд болгоомжгүй үйлдсэн зарим гэмт хэрэгт хорих ял буюу хүнд ял оногдуулна.

Ял оногдуулах асуудлын хувьд гэмт буруутайд тооцож шүүхээс ял оногдуулахаар шийдвэрлэсэн тохиолдолд л зөвхөн ял оногдуулан эдлүүлдэг. Шүүхийн шийдвэр гарахаас өмнө эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр ялыг оногдуулахгүй.

2. Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа гэж ямар хугацаа байдаг вэ?

Эрүүгийн хуулийн 1.10-т зааснаар тодорхой гэмт хэрэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан буюу өнгөрсөн бол яллагдагчаар татахгүй, эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй. Энэ нь зорчих эрх хязгаарлах болон хорих ялын дээд, доод хэмжээнээс хамаарч байдаг.

Тухайлбал, хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол тухайн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг дууссан гэж үзнэ.

3. Прокурор хэргийг шүүхэд шилжүүлэхдээ хохирогчид энэ тухай мэдэгдэх үүрэгтэй юу?

            Прокурор яллах дүгнэлтийг үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэх асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан бөгөөд 32.10.6-д “Прокурор яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулж, хавтаст хэргийг харьяалах шүүхэд шилжүүлсэн тухай яллагдагч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэнэ” гэсэн байх тул хохирогчид мэдэгдэх үүрэг хуулиар хүлээгээгүй байна.

                Мөн хуулийн 7.5 дугаар зүйл “мэдээлэл авах” эрхийг хуульчлахдаа зөвхөн яллагдагчийн эрхийг хуульчилсан байдаг. Иймд прокурор хэргийг шүүхэд шилжүүлэхдээ хохирогчид энэ талаар мэдэгдэх үүргийг энэхүү хуулийн дагуу хүлээгээгүй байна.

4. Прокуророос татгалзаж болох уу?

Урьдчилсан хэлэлцүүлэг болон шүүх хуралдааны үед прокурорыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах хүсэлтийг оролцогч шүүхэд гаргах бөгөөд шүүх шийдвэрлэнэ. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад хяналт тавих явцад прокурорыг татгалзан гаргах хүсэлт гаргавал дээд шатны прокурор шийдвэрлэнэ.

Дээрх 2 тохиолдолд дээд шатны прокурор нь өөр прокурорыг томилж тухайн хэрэгт прокуророор оролцуулдаг.


http://e-khutuch.mn/guide/print/18/233/faq