ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Эрүүгийн хэрэг /гэмт хэрэг/ хянан шийдвэрлэх ажиллагаа Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх

Хуулийн зохицуулалт

Анхан шатны шүүх хуралдаанаар тухайн шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх, гэм буруутай бол түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хянан шийдвэрлэнэ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар анхан шатны шүүхийн ажиллагаа, шийдвэртэй холбогдуулан гаргасан талуудын гомдол, эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэнэ.

Хяналтын шатны шүүх хуралдаанаар гомдол, эсэргүүцлийн дагуу шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэнэ.

 

Асуудлыг шийдвэрлэх байгууллага

Эрүүгийн хэргийг Аймаг, нийслэл, сум болон сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим буюу хяналтын шатны шүүх байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангид найман жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэргийг гурван шүүгчийн бүрэлдэхүүнээр, бусад гэмт хэргийг шүүгч дангаар хянан шийдвэрлэнэ.

Шүүгч дангаар хянан шийдвэрлэх хэрэг ээдрээ төвөгтэй гэж шүүгч үзвэл энэ тухай саналаа Ерөнхий шүүгчид гаргаж, тухайн хэргийг гурван шүүгчийн бүрэлдэхүүнээр шийдвэрлэж болно.

Эрүүгийн хэргийг давж заалдах журмаар гурван шүүгчийн бүрэлдэхүүнээр, хяналтын журмаар таван шүүгчийн бүрэлдэхүүнээр тус тус хянан шийдвэрлэнэ.

Асуудлыг шийдвэрлэх дараалал

Прокурор хэргийг шүүхэд шилжүүлэх үндэслэлтэй гэж үзвэл яллах дүгнэлт үйлдэн харьяалах шүүхэд хүргүүлнэ.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор тухайн хэргийн талаар дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:

  • Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх;
  • Хэргийг прокурорт буцаах;
  • Хэргийг түдгэлзүүлэх;
  • Хэргийг харьяалах шүүхэд шилжүүлэх.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар дараахь асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана.

  1. өмгөөлүүлэх эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой хүсэлт;
  2. хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг томилох, өөрчлөх талаархи санал, хүсэлт;
  3. прокурорын яллах дүгнэлтэд гарсан үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг засуулах хүсэлт;
  4. яллагдагч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг төлөх тухай хүсэлт;
  5. хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт;
  6. яллагдагч, хохирогч нар сайн дураараа эвлэрэх тухай хүсэлт;
  7. яллах дүгнэлт албан ёсоор гардуулаагүй тухай гомдол;
  8. шүүх хуралдааны товын талаархи санал, хүсэлт;
  9. .шүүх хуралдаанд дуудах хохирогч, гэрч, шинжээч, шинжлэн судлуулах нотлох баримтын талаархи прокурор, оролцогчийн санал, хүсэлт;
  10. шүүх хуралдааныг хаалттай явуулах хүсэлт;
  11. таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой санал, хүсэлт;
  12. нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаар гаргасан гомдол;
  13. хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан тухай гомдол;
  14. мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлт;
  15. хөрөнгө хураан авах ажиллагаатай холбоотой санал, хүсэлт;
  16. эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол албан ёсоор танилцуулаагүй болон уг тогтоол ойлгомжгүй тухай гомдол зэрэг орно.
Асуудлыг шийдвэрлэх хугацаа

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор яллагдагчийг шүүхэд шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ. Хэрэв энэ хугацаанд яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх боломжгүй бол тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж болно.

Шүүх хуралдааныг хойшлуулахад талуудын санал, хүсэлтийг харгалзан дараагийн шүүх хуралдааны товыг тогтоож, хуралдааны бэлтгэл хангах арга хэмжээг авна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдаан завсарласан бол завсарлах хугацаа ажлын 5 өдрөөс хэтэрч болохгүй.

Хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажлын 5 өдрийн дотор хүргүүлнэ.

ДАВЖ ЗААЛДАХ ГОМДОЛ: Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргана.

Цагдан хоригдож байгаа ял шийтгүүлсэн этгээд давж заалдах гомдол гаргасан бол цагдан хорих байгууллагын захиргаа уг гомдлыг баталгаажуулж, дараагийн ажлын өдөрт багтаан харьяалах шүүхэд хүргүүлнэ.

ДАВЖ ЗААЛДАХ ЖУРМААР ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ: Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээс хавтаст хэргийн материал хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хэргийг хянан шийдвэрлэнэ.

Ерөнхий шүүгч хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж болно.

Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэх хуралдаан болох газар, товыг 3-аас доошгүй хоногийн өмнө хүсэлт гаргасан прокурор, оролцогчид мэдэгдэнэ.

ХЯНАЛТЫН ЖУРМААР ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ: Шүүх хэргийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар хянан шийдвэрлэх ба хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан энэ хугацааг Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн нь шүүгчийн саналыг харгалзан 1 удаа сунгаж болно.

 

 

 

 

Асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд гомдол гаргах

 Хэргийг анхан шатны журмаар шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх болон цагаатгах тогтоолд давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргаж болно. /гомдол гаргах хугацаа болон журмын талаар энэ хэсгийн “Асуудлыг шийдвэрлэх хугацаа”-ны мэдээллээс харна уу/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой хийгддэг.

1. Хялбаршуулсан журмаар шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхэд ямар хугацаа зарцуулах вэ?

Шүүх хэргийг хүлээн авснаас хойш 72 цагийн дотор хэргийг хянан шийдвэрлэдэг.

2. Эрүүгийн хэрэгт эвлэрэх боломж байдаг уу?

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрэх тухай хүсэлт гаргасан, холбогдогч хохирлоо нөхөн төлсөн, эсвэл төлөх тухай хохирогчтой эвлэрсэн бол энэ нь тухайн хэргийг Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нэг үндэслэл болдог.

Талууд эвлэрэх нь эрүүгийн хэргийг хурдан шуурхай шийдвэрлэх, хохирогч хохирлоо түргэн барагдуулж авах, холбогдогч гэм бүруугаа ойлгож хүлээн зөвшөөрөх, талууд аль аль нь шүүхийн шийдвэрт сэтгэл хангалуун байх зэрэг олон давуу талтай байдаг. 

3. Ямар тохиолдолд эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болдог вэ?

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгодог. Тухайлбал, гэмт хэргийн шинжгүй, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, яллагдагч, шүүгдэгч нас барсан /нас барсан хүнийг цагаатгах, эсхүл бусад хүнд холбогдох шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас уг хэргийг сэргээж хянан шийдвэрлэх ажиллагаа үүнд хамаарахгүй/, тухайн хэргийг урьд нь хэрэгсэхгүй болгосон тогтоол, магадлал хүчинтэй байгаа, тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон  зэрэг тохиолдол хамаарах юм. Хэрэв хэргийг хэрэгсэхгүй болгосон бол энэ тухай хохирогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгддэг.

4. Хэргээ шийдвэрлэх шүүгчийг сольж болох уу?

Шүүгч дараахь үндэслэл байвал эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй.

а/оролцогчийн хувиар тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа, эсхүл оролцохоор бол;

б/тухайн хэргийн прокурор, мөрдөгч, өмгөөлөгч, оролцогчийн гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн бол;

в/өмнө нь тухайн хэрэгт прокурор, мөрдөгч, оролцогч, бусад оролцогч, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар оролцсон бол;

г/өөрөө шууд, эсхүл шууд бусаар энэ хэрэгт хувийн сонирхолтой байна гэж үзэх бусад үндэслэл байгаа бол.

Мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх бүрэлдэхүүнд хоорондоо гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн холбоотой шүүгч, анхан шатны шүүх бүрэлдэхүүнд орсон шүүгчийн гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн уг хэргийг давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд тус тус орж болохгүй.

Шүүгчийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах тухай хүсэлтийг прокурор, оролцогч шүүхэд гаргах бөгөөд шүүгчийг татгалзан гаргах асуудлыг шүүх хуралдаан эхлэхээс өмнө шийдвэрлэнэ. Шүүх хуралдаан эхэлснээс хойш татгалзан гаргах үндэслэл мэдэгдвэл уг хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орохоос өмнө гаргаж болно. Хуульд заасан татгалзан гаргах үндэслэл байгаа тохиолдолд хүсэлт гаргах бөгөөд энэ тохиолдолд шүүгч дангаар шийдвэрлэж буй хэргийн хувьд шүүх хуралдааныг хойшлуулж, татгалзан гаргах хүсэлтийг Ерөнхий шүүгч шийдвэрлэнэ. Харин бүрэлдэхүүнтэй шийдвэрлэж байгаа хэрэгт татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлэхдээ татгалзагдаж буй шүүгчийг оролцуулахгүйгээр бусад шүүгчид шийдвэрлэдэг. Иймд солиулах буюу татагалзан гаргах тухай хүсэлт гаргаж, шийдвэрлүүлэх боломжтой.

5. Хяналтын шатны шүүхийн тогтоолыг хянуулах боломжтой юу?

Хяналтын шатны шүүхийн шийдвэр хууль зөрчсөн гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд заасан оролцогч, прокурор, дээд шатны прокурор уг шийдвэрийг гардан авснаас хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаж болно.

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч гомдлыг үндэслэлтэй гэж үзвэл 30 хоногийн дотор Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр дүгнэлт гаргана.

Хяналтын шатны шүүхийн шийдвэр гаргахад оролцсон шүүх бүрэлдэхүүний хоёр шүүгч тусгай санал гаргасан, эсхүл Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч дүгнэлт гаргасан, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичсэн бол хэргийг 30 хоногийн дотор Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэрлэдэг.


http://e-khutuch.mn/guide/print/18/234/all