ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Эрүүгийн хэрэг /гэмт хэрэг/ хянан шийдвэрлэх ажиллагаа Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх

1. Хялбаршуулсан журмаар шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхэд ямар хугацаа зарцуулах вэ?

Шүүх хэргийг хүлээн авснаас хойш 72 цагийн дотор хэргийг хянан шийдвэрлэдэг.

2. Эрүүгийн хэрэгт эвлэрэх боломж байдаг уу?

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрэх тухай хүсэлт гаргасан, холбогдогч хохирлоо нөхөн төлсөн, эсвэл төлөх тухай хохирогчтой эвлэрсэн бол энэ нь тухайн хэргийг Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нэг үндэслэл болдог.

Талууд эвлэрэх нь эрүүгийн хэргийг хурдан шуурхай шийдвэрлэх, хохирогч хохирлоо түргэн барагдуулж авах, холбогдогч гэм бүруугаа ойлгож хүлээн зөвшөөрөх, талууд аль аль нь шүүхийн шийдвэрт сэтгэл хангалуун байх зэрэг олон давуу талтай байдаг. 

3. Ямар тохиолдолд эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болдог вэ?

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгодог. Тухайлбал, гэмт хэргийн шинжгүй, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, яллагдагч, шүүгдэгч нас барсан /нас барсан хүнийг цагаатгах, эсхүл бусад хүнд холбогдох шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас уг хэргийг сэргээж хянан шийдвэрлэх ажиллагаа үүнд хамаарахгүй/, тухайн хэргийг урьд нь хэрэгсэхгүй болгосон тогтоол, магадлал хүчинтэй байгаа, тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон  зэрэг тохиолдол хамаарах юм. Хэрэв хэргийг хэрэгсэхгүй болгосон бол энэ тухай хохирогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгддэг.

4. Хэргээ шийдвэрлэх шүүгчийг сольж болох уу?

Шүүгч дараахь үндэслэл байвал эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй.

а/оролцогчийн хувиар тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа, эсхүл оролцохоор бол;

б/тухайн хэргийн прокурор, мөрдөгч, өмгөөлөгч, оролцогчийн гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн бол;

в/өмнө нь тухайн хэрэгт прокурор, мөрдөгч, оролцогч, бусад оролцогч, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар оролцсон бол;

г/өөрөө шууд, эсхүл шууд бусаар энэ хэрэгт хувийн сонирхолтой байна гэж үзэх бусад үндэслэл байгаа бол.

Мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх бүрэлдэхүүнд хоорондоо гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн холбоотой шүүгч, анхан шатны шүүх бүрэлдэхүүнд орсон шүүгчийн гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн уг хэргийг давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд тус тус орж болохгүй.

Шүүгчийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах тухай хүсэлтийг прокурор, оролцогч шүүхэд гаргах бөгөөд шүүгчийг татгалзан гаргах асуудлыг шүүх хуралдаан эхлэхээс өмнө шийдвэрлэнэ. Шүүх хуралдаан эхэлснээс хойш татгалзан гаргах үндэслэл мэдэгдвэл уг хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орохоос өмнө гаргаж болно. Хуульд заасан татгалзан гаргах үндэслэл байгаа тохиолдолд хүсэлт гаргах бөгөөд энэ тохиолдолд шүүгч дангаар шийдвэрлэж буй хэргийн хувьд шүүх хуралдааныг хойшлуулж, татгалзан гаргах хүсэлтийг Ерөнхий шүүгч шийдвэрлэнэ. Харин бүрэлдэхүүнтэй шийдвэрлэж байгаа хэрэгт татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлэхдээ татгалзагдаж буй шүүгчийг оролцуулахгүйгээр бусад шүүгчид шийдвэрлэдэг. Иймд солиулах буюу татагалзан гаргах тухай хүсэлт гаргаж, шийдвэрлүүлэх боломжтой.

5. Хяналтын шатны шүүхийн тогтоолыг хянуулах боломжтой юу?

Хяналтын шатны шүүхийн шийдвэр хууль зөрчсөн гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд заасан оролцогч, прокурор, дээд шатны прокурор уг шийдвэрийг гардан авснаас хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаж болно.

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч гомдлыг үндэслэлтэй гэж үзвэл 30 хоногийн дотор Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр дүгнэлт гаргана.

Хяналтын шатны шүүхийн шийдвэр гаргахад оролцсон шүүх бүрэлдэхүүний хоёр шүүгч тусгай санал гаргасан, эсхүл Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч дүгнэлт гаргасан, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичсэн бол хэргийг 30 хоногийн дотор Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэрлэдэг.


http://e-khutuch.mn/guide/print/18/234/faq