ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Шүүхийн бус журмаар маргааныг шийдвэрлэх арга /эвлэрүүлэн зуучлал/ Эвлэрүүлэн зуучлах

Мэргэшсэн этгээдийн тусламжтайгаар талууд сэтгэл ханамжтайгаар эвлэрэн хэлэлцэж маргаанаа дуусгах боломжийг Эвлэрүүлэн зуучлах гэж хэлнэ.

Хуулийн зохицуулалт

Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх зүйн маргааныг шүүхийн бус аргаар эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгчтэйгээр талуудыг эвлэрүүлэн зуучлах журмаар шийдвэрлэх эрх зүйн үндсийг тогтоох, эвлэрүүлэн зуучлалыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулиар иргэний эрх зүйн болон хөдөлмөрийн ганцаарчилсан, түүнчлэн гэр бүлийн маргааныг шүүхийн бус аргаар эвлэрүүлэн зуучлах журмаар шийдвэрлэхээр заасан байна.

Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны зорилго

Эвлэрүүлэн зуучлалын зорилго нь талууд өөрсдийн ашиг сонирхолд нийцэхүйц шийдлийг олоход нь зуучлагч дэмжлэг үзүүлж, тэдгээрийн хоорондын харилцааны зөрчил, маргааныг эвийн журмаар, шуурхай, зардал багатай зохицуулахад оршино. Өөрөөр хэлбэл, маргаанд хөндлөнгийн этгээд болох эвлэрүүлэн зуучлагчийн оролцоотойгоор маргааны талууд хоорондоо харилцан ярилцах ба эцэст нь тохиролцоонд хүрч маргааныг шийдвэрлэхэд оршино.

Эвийн журмаар зохицуулна гэдэг нь талууд уулзалт хийх, харилцан буулт хийх, зөрчилдөөнтэй асуудалд нэгдсэн ойлголтод хүрч зөрчлийг арилгах замаар эвлэрлийн гэрээ байгуулахыг зориход оршино.

Зардал багатай гэдэг нь маргааны талуудад бусад маргаан шийдвэрлэх албан ёсны механизм болох шүүхийн процесст оролцохоос бага зардал гарахаар байхыг ойлгоно.

Асуудлыг шийдвэрлэх байгууллага

Талууд маргаанаа эвлэрүүлэн зуучлах журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасан харьяаллын дагуу анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид, эсхүл төрийн болон төрийн бус байгууллага дахь эвлэрүүлэн зуучлагчид гаргана.

  1. Шүүхийн ерөнхий зөвлөл нь эвлэрүүлэн зуучлагчийг сонгон шалгаруулах, гэрчилгээ олгох, бэлтгэх, давтан сургах ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий орон тооны бус Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл /цаашид "Зөвлөл" гэх/ -ийг байгуулна.
  2. Зөвлөл нь шүүгч, өмгөөлөгч, судлаач зэрэг таван хүний бүрэлдэхүүнтэй байна.
  3. Шүүхийн ерөнхий зөвлөл нь эвлэрүүлэн зуучлагчид гаргах өргөдөл, эвлэрлийн гэрээний болон мэдэгдэх хуудасны загварыг батална.
  4. Шүүхийн ерөнхий зөвлөл нь Зөвлөлийн дарга, гишүүнийг томилж, чөлөөлөн, Зөвлөлийн үйл ажиллагааны дүрмийг батална.
Асуудлыг шийдвэрлэх дараалал

Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны үндсэн зарчим

Эвлэрүүлэн зуучлалыг дараах зарчимд үндэслэн явуулна:

  • талуудын сайн дурын үндсэн дээр хэрэгжих;
  • эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцогчдын нууцыг хадгалах;
  • эвлэрүүлэн зуучлагч төвийг сахисан байр суурьтай байх;
  • эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд талууд тэгш эрхтэй оролцох.

Талуудын сайн дурын үндсэн дээр хэрэгжих зарчим гэдэг нь талууд шүүх, төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоон дахь эвлэрүүлэн зуучлагчид хандсан, шүүгчийн санал болгосныг талууд хүлээн зөвшөөрч эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэх, эвлэрүүлэн зуучлах журмаар маргаанаа зохицуулах талаар өөрийн хүсэл зоригийг аливаа дарамт, шахалтгүйгээр чөлөөтэй илэрхийлэх, эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар маргаанаа шийдвэрлүүлэхийг зөвшөөрөх, татгалзах зэргээр илэрнэ.

Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцогчдын нууцыг хадгалах зарчим, нууцыг хадгалах үүрэг нь эвлэрүүлэн зуучлагч, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талууд болон оролцогчдод нэгэн адил хамааралтай.

Эвлэрүүлэн зуучлагч төвийг сахисан байр суурьтай байх зарчмыг эвлэрүүлэн зуучлагчийн эрх, үүрэгт зааж өгсөн байна. Тухайлбал, эвлэрүүлэн зуучлагчийн төвийг сахисан байр сурьтай байх нь эвлэрүүлэн зуучлагч маргаанд ямар нэг хувийг ашиг сохирхолгүйгээр төвийг сахин, эвлэрүүлэн зуучлах үйл явцыг удирдах, талуудын аль нэгэнд эрх зүйн зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэхгүй байхаар илрэн гарна.

Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд талууд тэгш эрхтэй оролцох зарчим нь талууд Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан эрхийг тэгш эдлэх зэргээр илэрнэ. Нөгөө талаар, талууд тэгш эрхтэй оролцох гэдэг бол эвлэрүүлэн зуучлагч талуудад адил буюу тэгш хандах байдлаар илрэн гарна.

Асуудлыг шийдвэрлэх хугацаа
  • Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг 30 хоногт багтаан явуулах бөгөөд талуудын хүсэлтээр энэ хугацааг нэг удаа сунгаж болно.
  • Дээрх хугацааны дагуу явуулах эвлэрүүлэн зуучлах ажиллагааг хамгийг ихдээ 60 хоногийн хугацааны дотор явуулна.

 

Асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд гомдол гаргах
  • Эвлэрүүлэн зуучлалын тухай  хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хууль, эсхүл Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
  • Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль зөрчсөнөөс учирсан хохирлыг Иргэний хуульд заасны дагуу гэм буруутай этгээд нөхөн төлнө. 

Асуулт: Шүүхээр гэрлэлтээ цуцлуулах бол заавал эвлэрүүлэн зуучлалаар орох уу.? 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар "...Гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүйгээс бусад тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсаны дараа шүүх иргэний хэрэг үүсгэж гэрлэлтийг цуцлана. 

Дараах тохиолдолын аль нэг нь илэрвэл шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална.Үүнд: 

  • Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл,дарамтанд байдаг.
  • Гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, 
  • Дээрх хохирол учирсан нь тогтоогдсон гэх мэт 

Асуулт: Хялбаршуулсан журмаар маргаан шийдвэрлэх гэдгийг юу гэж ойлгох вэ?

Хэрэг үүсгэсэн захирамж гаргаснаас хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл нэхэмжлэгч, хариуцагч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол тухайн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэдэг. Энэ тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгох бөгөөд үүнийг нэхэмжлэгч, хариуцагч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болох үр дагавартай.

Асуулт: “Шүүхээс гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авна” гэдэгт ямар арга хэмжээ орох вэ?

Шүүгч гэрлэгч тус бүртэй ганцаарчилан уулзах, зөвлөлгөө өгөх, гэрлэлтийг цуцлуулах болсон шалтгаануудыг нарийвчлан судалж, үндэслэлтэй эсэхийг нь тайлбарлах, шаардлагатай тохиолдолд сэтгэл судлаач, сурган хүмүүжүүлэгчдийг татан оролцуулах зэрэг гэрлэгчдийг эвлэрүүлэхэд ач холбогдолтой бүхий л арга хэмжээг ойлгоно.

Асуулт: Эвлэрүүлэн зуучлуулах өргөдөл хаана яаж гаргах бэ.?

Эвлэрүүлэн зуучлалын журмаар маргаанаа шийдвэрлүүлэх хүсэлтэй этгээд Иргэний хэргийн шүүх болон төрийн болон төрийн буё байгууллагын эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргана.

Эвлэрүүлэн зуучлагч өргөдөл хүлээн авсан тухай болон эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах товыг талуудад мэдэгдэнэ.

Талууд эвлэрүүлэн зуучлагчийн нас, хүйс, мэргэшсэн чиглэл, дадлага, туршлага зэрэг асуудлаар эвлэрүүлэн зуучлагчид тусгайлан хүсэлт гаргаж болно.

 

 


http://e-khutuch.mn/guide/print/19/335/all