ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Шүүхийн бус журмаар маргааныг шийдвэрлэх арга /эвлэрүүлэн зуучлал/ Эвлэрүүлэн зуучлах

Мэргэшсэн этгээдийн тусламжтайгаар талууд сэтгэл ханамжтайгаар эвлэрэн хэлэлцэж маргаанаа дуусгах боломжийг Эвлэрүүлэн зуучлах гэж хэлнэ.

Асуудлыг шийдвэрлэх дараалал

Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны үндсэн зарчим

Эвлэрүүлэн зуучлалыг дараах зарчимд үндэслэн явуулна:

  • талуудын сайн дурын үндсэн дээр хэрэгжих;
  • эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцогчдын нууцыг хадгалах;
  • эвлэрүүлэн зуучлагч төвийг сахисан байр суурьтай байх;
  • эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд талууд тэгш эрхтэй оролцох.

Талуудын сайн дурын үндсэн дээр хэрэгжих зарчим гэдэг нь талууд шүүх, төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоон дахь эвлэрүүлэн зуучлагчид хандсан, шүүгчийн санал болгосныг талууд хүлээн зөвшөөрч эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэх, эвлэрүүлэн зуучлах журмаар маргаанаа зохицуулах талаар өөрийн хүсэл зоригийг аливаа дарамт, шахалтгүйгээр чөлөөтэй илэрхийлэх, эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар маргаанаа шийдвэрлүүлэхийг зөвшөөрөх, татгалзах зэргээр илэрнэ.

Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцогчдын нууцыг хадгалах зарчим, нууцыг хадгалах үүрэг нь эвлэрүүлэн зуучлагч, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талууд болон оролцогчдод нэгэн адил хамааралтай.

Эвлэрүүлэн зуучлагч төвийг сахисан байр суурьтай байх зарчмыг эвлэрүүлэн зуучлагчийн эрх, үүрэгт зааж өгсөн байна. Тухайлбал, эвлэрүүлэн зуучлагчийн төвийг сахисан байр сурьтай байх нь эвлэрүүлэн зуучлагч маргаанд ямар нэг хувийг ашиг сохирхолгүйгээр төвийг сахин, эвлэрүүлэн зуучлах үйл явцыг удирдах, талуудын аль нэгэнд эрх зүйн зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэхгүй байхаар илрэн гарна.

Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд талууд тэгш эрхтэй оролцох зарчим нь талууд Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан эрхийг тэгш эдлэх зэргээр илэрнэ. Нөгөө талаар, талууд тэгш эрхтэй оролцох гэдэг бол эвлэрүүлэн зуучлагч талуудад адил буюу тэгш хандах байдлаар илрэн гарна.


http://e-khutuch.mn/guide/print/19/335/decide_order