ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Шүүхийн бус журмаар маргааныг шийдвэрлэх арга /эвлэрүүлэн зуучлал/ Эвлэрүүлэн зуучлагч

Хуулийн зохицуулалт

Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т зааснаар “эвлэрүүлэн зуучлагч” гэж тухайн маргаанд зуучлуулахаар талуудын сонгосон буюу зөвшөөрсөн, маргааны талаар шийдвэр гаргахад нь дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий мэргэшсэн этгээдийг хэлнэ.

Эвлэрүүлэн зуучлагч дэмжлэг үзүүлэх

Эвлэрүүлэн зуучлагч нь талуудыг харилцан ашигтай шийдлийг олоход “дэмжлэг үзүүлэх” чиг үүрэгтэй. Тухайлбал, эвлэрүүлэн зуучлах үйл явцыг зохион байгуулах, удирдах; маргааныг шийдвэрлэх талаар талуудад амаар болон бичгээр зөвлөмж өгөх; талуудтай ганцаарчилсан болон хамтарсан уулзалт хийх; маргааныг шийдвэрлэх хувилбарыг талуудад санал болгох; эвлэрүүлэн зуучлах ажиллагаан дахь талуудын тэгш оролцоог хангаж явуулах; талуудад эвлэрүүлэн зуучлалын үйл явц, түүний зорилго, үр дагаврын талаар мэдээлэл өгөх зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу дэмжлэг үзүүлэх юм. Ингэхдээ эвлэрүүлэн зуучлагч нь хувийн ашиг сонирхолгүйгээр, төвийг сахисан байх зарчимыг баримтлана.

Эвлэрүүлэн зуучлагчийн эрх, үүрэг

Эвлэрүүлэн зуучлагч дараах эрх эдэлнэ:

  • Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан эвлэрүүлэн зуучлагч маргааны шинж байдлаас шалтгаалан талуудтай харилцан тохиролцож ажлын хөлс авах, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны зардлыг төлүүлэх;
  • нууцлалыг хадгалах зарчмыг баримтлан үйл ажиллагааныхаа талаар олон нийтэд мэдээлэх;
  • Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд заасан журмыг дагаж мөрдөн эвлэрүүлэн зуучлах үйл явцыг зохион байгуулахдаа өөрийн арга, хэлбэрийг сонгон хэрэглэх, маргааныг шийдвэрлэх талаар талуудад амаар болон бичгээр зөвлөмж өгөх;
  • эвлэрүүлэн зуучлалд идэвхтэй оролцохыг талуудаас шаардах, талуудыг ганцаарчилсан болон хамтарсан уулзалтад дуудан ирүүлэх;
  • маргааныг шийдвэрлэх хувилбарыг талуудад санал болгох;
  • хуульд заасан бусад эрх. 

Эвлэрүүлэн зуучлагч дараах үүрэг хүлээнэ:

  • хууль тогтоомжид заасны дагуу эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүй тохиолдолд түүнээс татгалзах;
  • эвлэрүүлэн зуучлах ажиллагааны зарчмыг чандлан сахиж, үйл ажиллагаагаа талуудын аль алины эрх, ашиг сонирхолд нийцүүлэн тэдний тэгш оролцоог хангаж явуулах;
  • талуудад эвлэрүүлэн зуучлалын үйл явц, түүний зорилго, үр дагаврын талаар мэдээлэл өгөх;
  • маргаанд ямар нэг хувийн ашиг сонирхолгүйгээр төвийг сахин, эвлэрүүлэн зуучлах үйл явцыг удирдах;
  • эвлэрүүлэн зуучлагчийн ёс зүйн дүрмийг чандлан сахих;
  • эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад талуудаас итгэмжлэн өгсөн баримт сэлтийг буцааж өгөх;
  • талуудын аль нэгэнд эрх зүйн зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэхгүй байх;
  • хэлэлцэж байгаа асуудал бүрд талуудын хүсэлтийг бататгаж, харилцан буулт хийх нөхцөлийг бүрдүүлэх;
  • эвлэрүүлэн зуучлалын үйл явцын талаар тэмдэглэл хөтлөх, талуудад асуулт тавих, тайлбарыг баримтжуулах;
  • хуульд заасан бусад үүрэг.

 


http://e-khutuch.mn/guide/print/19/337/law