ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Шүүхийн бус журмаар маргааныг шийдвэрлэх арга /эвлэрүүлэн зуучлал/ Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа

Асуудлыг шийдвэрлэх дараалал

Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны нөхцөл

Талууд шүүх дэх, эсхүл төрийн болон төрийн бус байгууллага дахь эвлэрүүлэн зуучлагчид хандсанаар эсхүл шүүгч эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэх нь зохистой гэж үзэж санал болгосныг зохигчид зөвшөөрснөөр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа эхэлнэ. Энэ зарчмын хувьд бэхжүүлсэн зүйл бол эвлэрүүлэн зуучлах ажиллагаа нь талуудын хувьд сайн дурын байх юм.

Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах байр танхимаа шийдэх, талуудад уулзалтын тов мэдэгдэх, баримт сэлттэй танилцах буюу бэлтгэх үе шат; эвлэрүүлэн зуучлагч өөрийгөө болон тус ажиллагааны нөхцөл, журмыг танилцуулах буюу эхлэлийн үе шат; маргааны шалтгаан, үйл явцын талаар бүрэн мэдэж авах буюу шинжлэн тодруулах үе шат; талууд маргаанаа шийдвэрлэх талаар харилцан санал гаргах, зөвшилцөх буюу тохиролцооны үе шат; талуудын эвлэрэх эсэх талаарх байр суурь нь тодорхой болж шийдвэрт хүрэх буюу дуусгавар болгох гэсэн үе шатуудад хуваагдана.

Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа нь талууд оролцуулахыг зөвшөөрснөөс бусад этгээдийн хувьд хаалттай явагддаг.

Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа нь талуудын сайн дурын үндсэн дээр хэрэгжих тул талуудыг албадах, тэдгээрт дарамт, шахалт үзүүлэх, айлгах зэрэг аливаа хэлбэрээр нөлөөлөхийг хориглоно. Мөн тус ажиллагааны явцад хүсэл зоригийн бус болзол, нөхцөл тулгахыг хориглоно.

Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны оролцогч болох “талууд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, эрх ашиг нь хөндөгдсөн гуравдагч этгээд болон бусад этгээд” нь эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад олж авсан мэдээллийг мэдээлэл гаргагчийн бичгээр гаргасан зөвшөөрөлгүйгээр бусдад задруулж болохгүй. Энэхүү хориглолт нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцогчдын нууцыг хадгалах, тэдний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нууцыг хамгаалах агуулгатай.

Эвлэрүүлэн зуучлуулах өргөдөл гаргах

Талууд хамтдаа эсвэл талуудын аль нэг нь эвлэрүүлэн зуучлалын журмаар маргаанаа шийдвэрлүүлэхээр эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргаж болно. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа зөвхөн анхан шатны шүүхэд явагддаг тул өргөдлийг анхан шатны шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчид гаргана. Талууд зуучлагчийн дэмжлэгтэйгээр маргаанаа шийдвэрлэх тохиолдолд эвлэрлийн гэрээг шүүх баталгаажуулж, шийдвэр гаргах учир өргөдлийн бүрдүүлбэрийн хувьд тодорхой шаардлагыг хангасан байна.

Эвлэрүүлэн зуучлагч өргөдлийг хүлээж аваад харьяаллын дагуу эсэх, маргаан нь Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 3.1 дэх хэсэгт заасан эрх зүйн маргаан мөн эсэх, өргөдөл гаргагч болон уригдагч тал эрх зүйн чадамжтай эсэх, уригдах талын оршин суугаа хаяг тодорхой эсэх асуудлыг шалгаж, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах товыг талуудад мэдэгдэнэ.


http://e-khutuch.mn/guide/print/19/338/decide_order