ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Ажил эрхлэлт Цалин, хөлс

Цалин, хөлс гэдэг нь ажилтан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсний төлөө ажил олгогчоос мөнгөн хэлбэрээр олгож буй төлбөр юм. Хөдөлмөр эрхэлж байгаа хэн ч хийсэн ажлын үр дүндээ тохирсон цалин, хөлс авах эрхтэй. Цалингийн хэмжээг хөдөлмөрийн гэрээнд тусгах нь үндсэн нөхцөл болдог.

Хуулийн зохицуулалт

Хөдөлмөрийн тухай хуулийн 101.1 дэх хэсэгт зааснаар цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ.

104 дүгээр зүйл.Цалин хөлс олгох

104.1.Цалин хөлсийг сард хоёроос доошгүй удаа тогтсон өдөр олгох бөгөөд олгох өдрийг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, эсхүл хөдөлмөрийн гэрээнд тусгана.

104.2.Цалин хөлс олгох өдөр нь долоо хоног бүрийн амралтын болон нийтээр амрах баярын өдөр таарвал өмнөх ажлын өдөрт шилжүүлнэ.

104.3.Ажил олгогч ажилтанд цалин хөлс олгох бүрд тухайн хугацаанд олговол зохих цалин хөлсний бүрэлдэхүүн, суутгалын хэмжээ, түүний үндэслэл, олгосон цалин хөлсний хэмжээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ.

104.4.Талууд тохиролцсоны үндсэн дээр ажилтны цалин хөлсийг цаг, өдөр, долоо хоногоор тооцон олгож болно.

104.5.Ажилтны хүсэлтээр цалин хөлсийг нь урьдчилан олгож болно.

104.6.Хуульд өөрөөр заагаагүй бол ажил олгогч цалин хөлсийг ажилтанд өөрт нь олгоно.

104.7.Хууль тогтоомжийн дагуу олговол зохих цалин хөлс, олговрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээгээр тогтоосноос доогуур хэмжээгээр олгосон бол буруутай этгээдэд энэ хууль, Зөрчлийн тухай хууль болон холбогдох бусад хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

Асуудлыг шийдвэрлэх байгууллага

Ажилтан та цалин, хөлстэй холбоотой гомдолоо эхлээд байгууллагын дэргэдэх Хөдөлмөрийн маргаан таслах комисст, Хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй тохиолдолд байгууллагын захиргаанд гомдол гаргах эрхтэй. Шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд шүүхэд хандах эрх нээлттэй.

Асуудлыг шийдвэрлэх дараалал

Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хуулиар тогтооно.

Цалин хөлсний зохицуулалт: Ажил олгогч нь хууль тогтоомж, хамтын гэрээ, хэлэлцээрт нийцүүлэн дараах журмыг баталж мөрдүүлнэ:

  • ажил, албан тушаалын жагсаалт;
  • ажлын байрны тодорхойлолт болон албан тушаалын лавлах;
  • хөдөлмөрийн норм, норматив;
  • үндсэн цалингийн сүлжээ, жишиг болон нэмэгдэл хөлс, нэмэгдлийн хэмжээ, шагнал урамшуулал, түүнийг олгох нөхцөл, журам.

Цалин хөлс олгох зарчим, хэлбэр: Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно.

Адил хөдөлмөр эрхэлж байгаа эрэгтэй, эмэгтэй ажилтанд адил хэмжээний цалин хөлс тогтооно.

Нарийн мэргэшил, мэдлэг, мэргэжил шаардагдах болон онцгой нөхцөлтэй хөдөлмөрийн үнэлгээ илүү байна.

Ажилтныг туршилтын хугацаагаар авч ажиллуулсан тохиолдолд уг хугацаанд олгох цалин хөлсний хэмжээг талууд тохиролцож болно.

Цагаар ажиллах ажилтны цагаар болон хийснээр нь олгох цалингийн хэмжээ ижил ажлын байранд бүрэн цагаар ажилладаг ажилтныхтай адил байна.

Цагаар ажилласан ажилтны цалин хөлсийг гүйцэтгэсэн ажлын хэмжээ, ажилласан цагаар нь тооцож тухай бүр олгоно.

Хөдөлмөрийн нормоо биелүүлээгүй нь ажилтны буруугаас шалтгаалаагүй бол гүйцэтгэсэн ажилд нь ногдох хөлс болон үндсэн цалингийн зөрүүг нөхөн олгоно.

Ажилтан өөрийн буруугаас хөдөлмөрийн нормоо биелүүлээгүй бол гүйцэтгэсэн ажилд нь тохирсон цалин хөлс олгоно.

Нэмэгдэл хөлс: Ажилтанд үндсэн цалин дээр нь ажлын үр дүнгээр нэмэгдэл хөлс олгож болно.

Ажилтан үндсэн ажлынхаа зэрэгцээ мэргэжил, ажил, албан тушаал хавсран буюу хослон ажилласан, эзгүй байгаа ажилтны үүргийг орлон гүйцэтгэсэн, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил, үүргийг гүйцэтгэсэн, шөнийн болон илүү цагаар ажилласан бол үндсэн цалингаас нь тооцон нэмэгдэл хөлс олгоно.

Нэмэгдэл хөлсийг Хөдөлмөрийн тухай хууль болон хамтын гэрээгээр тогтоосон хэмжээгээр ажил олгогч ажилтантай тохиролцон тогтооно.

Нэмэгдэл: Ажилтанд ажлын байрны тодорхойлолтыг үндэслэн мэргэшлийн зэргийн, хөдөлмөрийн нөхцөлийн болон бусад нэмэгдлийг хамтын гэрээгээр тогтоон олгоно.

Нийтээр амрах баярын өдөр ажилласны нэмэгдэл хөлс: Нийтээр амрах баярын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол дундаж цалин хөлсийг нь 2.0 дахин нэмэгдүүлж олгоно.

Илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласны нэмэгдэл хөлс: Илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүнд 1.5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлсэн цалин хөлс олгоно.

Дээрх нэмэгдүүлсэн цалин хөлсийг хамтын ба хөдөлмөрийн гэрээгээр зохицуулна.

Шөнийн цагаар ажилласны нэмэгдэл хөлс: Шөнийн цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүнд олгох нэмэгдүүлсэн цалин хөлсийг хамтын ба хөдөлмөрийн гэрээгээр зохицуулна.

Ээлжийн амралтын олговор:  Ажилтанд ээлжийн амралтын хугацаанд ээлжийн амралтын олговор олгоно.

Ээлжийн амралтын олговрыг ажилтны тухайн ажлын жилийн дундаж цалин хөлсний хэмжээгээр тогтооно.

Сул зогсолтын үеийн олговор: Ажилтны буруу биш шалтгаанаар гарсан сул зогсолтын хугацаанд ажилтныг өөр ажилд шилжүүлэх боломжгүй бол хамтын гэрээнд заасан хэмжээний олговор олгоно.

Хамтын гэрээгээр тодорхойлсон сул зогсолтын олговрын хэмжээ нь уг ажилтны үндсэн цалингийн 60 хувь, түүнээс дээш байх ба цалин хөлсний доод хэмжээнээс доогуур байж болохгүй.

Тухайн ажилтны буруугаас сул зогссон бол түүнд олговор олгохгүй.

Сул зогсолтын хугацаанд өөр ажил гүйцэтгэсэн тохиолдолд уг ажилд нь тохируулан цалин хөлс олгох бөгөөд энэ нь урьд авч байсан дундаж цалин хөлсний хэмжээнээс бага байж болохгүй.

Сул зогсолтын хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өөр ажил гүйцэтгэхээс татгалзсан ажилтанд олговор олгохгүй

Ажлын зайлшгүй шаардлагаар өөр ажилд түр шилжүүлэх үеийн цалин хөлс:

“Сул зогсолтын үед ажилтныг байгууллага дотроо хөдөлмөрийн гэрээнд заагаагүй ажилд, эсхүл өөр байгууллагад түр хугацаагаар өөртэй нь тохиролцсоны үндсэн дээр шилжүүлэн ажиллуулж болно” гэсэн үндэслэлээр ажилтныг өөр ажилд шилжүүлсэн үед гүйцэтгэсэн ажилд нь тохирсон цалин хөлс олгох бөгөөд урьд авч байсан дундаж цалин хөлс буурах тохиолдолд зөрүүг олгоно.

18 насанд хүрээгүй ажилтны цалин хөлс: 18 насанд хүрээгүй ажилтны цалин хөлсийг цагаар, эсхүл хийснээр нь бодож, ажлын өдрийн хорогдуулсан цагт нь ногдох үндсэн цалинг нэмж олгоно.

Ажил хүлээлцэх хугацааны олговор:  Ажил хүлээлцэх хугацааны олговрыг ажилтны ажиллаж байсан аж ахуйн нэгж, байгууллага олгоно.

Ажил олгогчийн буруугаас ажил хүлээлцэх хугацаа хэтэрвэл уг хугацааны олговрыг ажилтанд олгоно.

Ажилтны буруугаас ажил хүлээлцэх хугацаа хэтэрвэл ажилтанд уг хугацааны олговрыг олгохгүй

Цалин хөлс олгох хугацаа: Ажилтны цалин хөлсийг сард хоёр ба түүнээс дээш удаа, тогтоосон өдөр олгоно. Ажилтны цалин хөлсийг цаг, өдөр, долоо хоногоор тооцон олгож болно. Ажилтны хүсэлтээр цалин хөлсийг нь урьдчилан олгож болно.

Цалин хөлсийг төлөх хэлбэр: Ажилтны үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, олговрыг мөнгөн хэлбэрээр олгоно.

Цалин хөлсний өөрчлөлтийн тухай мэдэгдэх: Ажил олгогч нь нийт ажилтны цалин хөлсний хэлбэр, хэмжээг хамтын гэрээний дагуу өөрчилсөн тухай шийдвэрийг мөрдөж эхлэхээс 10, түүнээс дээш хоногийн өмнө мэдэгдэж, хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулна.

Цалин хөлснөөс хийх суутгал, түүний хэмжээг хязгаарлах: Ажилтны цалин хөлснөөс зөвхөн дор дурдсан тохиолдолд суутгал хийж болно:

  • ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтрэхгүй хэмжээний хохирлыг нөхөн төлүүлэх тухай ажил олгогчийн шийдвэр гарсан;
  • хууль тогтоомжид заасан бусад тохиолдол.

Ажилтны нэг сарын цалин хөлснөөс хийх нийт суутгалыг /орлогын албан татварыг оролцуулахгүйгээр/ цалин хөлсний 20 хувиас, харин хүүхдийн тэтгэлэг гаргуулах болон хэд хэдэн суутгал нэгэн зэрэг хийх бол цалин хөлсний 50 хувиас хэтрүүлж болохгүй.

Ажилтан нь түүний цалин хөлснөөс суутгал хийх тухай шийдвэр буюу суутгалын хэмжээг эс зөвшөөрвөл гомдлоо хөдөлмөрийн маргаан таслах комисст гаргаж болно.

Ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтэрсэн хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргана.

Ажил олгогч ажилтны цалин хөлснөөс хууль бусаар суутгал хийсэн бол уг суутгасан мөнгийг эгүүлэн олгох тухай гомдлыг хөдөлмөрийн маргаан таслах комисст гаргана.

Ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтанд олгох тэтгэмж, олговор:

  • Эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадалгаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа ажилтны эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх
  • Хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах, хэлэлцээ хийхэд болон хууль тогтоомжийн дагуу зохион байгуулсан ажил хаялтад оролцож байгаа ажилтны  хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах, хэлэлцээ хийх үед
  • Төрийн байгууллагын сонгуульт үүрэг гурван сар хүртэл хугацаагаар гүйцэтгэж байгаа
  • Цэргийн зарлан дуудах хуудас авсан ажилтныг цэргийн жинхэнэ албанд татсан тухай цэрэг татлагын комиссын шийдвэр гартал ажилтанд дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно.

Дээрхээс бусад Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан тохиолдолд олгох тэтгэмж, олговрыг энэ хууль, холбогдох бусад хууль болон хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээгээр зохицуулна.

Өөр орон нутагт ажиллахаар шилжих үед олгох нөхөх олговор: Нэг аймаг, хотоос нөгөө аймаг, хотод, түүнчлэн аймаг, хотын дотор нэг сум, хорооноос нөгөө сум, хороонд шилжин сонгогдсон буюу томилогдсон ажилтанд уналга, ачаа тээш, зам хоногийн зардал, түүний гэр бүлийн гишүүдэд уналга, ачаа тээшийн зардлыг хүлээн авч байгаа байгууллага олгоно.

Хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилдаа ирээгүй үеийн олговор: Гамшиг болон аюул үүссэн, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар ажилдаа ирж чадаагүй ажилтанд үндсэн цалингийн 50 хувьтай тэнцэх хэмжээний олговор олгоно.

Ажилдаа ирээгүй ба гамшиг, саатлын хор уршгийг арилгахад биеэр оролцсон ажилтанд үндсэн цалингийн хэмжээгээр олговор олгоно.

Ажлын цагийг богиносгосон үеийн цалин хөлс: Хөдөлмөрийн тухай хуулийн 71.1, 71.2, 71.4-т заасан ажилтны ажлын богиносгосон цагийг ажилласан цагт тооцож дундаж цалин хөлсийг олгоно.

Тус хуулийн 71.3, 71.5-д заасны дагуу ажлын цагийг нь богиносгосон ажилтанд зургаан сарын хугацаанд түүний урьд авч байсан дундаж цалин хөлсийг олгоно.

Ажилтныг эрүүл мэндэд нь харшлахгүй өөр ажилд шилжүүлсэн үеийн цалин хөлсний зөрүү:

Жирэмсэн, хөхүүл хүүхэдтэй эмэгтэй хүнийг Хөдөлмөрийн нөхцөлийг хөнгөлөхөөр эмнэлгийн дүгнэлт гарсан бол ажлын цагийг хорогдуулах буюу эрүүл мэндэд нь харшлахгүй өөр ажилд шилжүүлж болно. Иинхүү өөр ажилд шилжүүлсэн хугацаанд цалин хөлс нь буурсан бол түүний урьд авч байсан болон одоо авч байгаа цалин хөлсний зөрүүтэй тэнцэх олговор олгоно.

Эмнэлэг-хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийг үндэслэн ажилтныг эрүүл мэндэд нь харшлахгүй өөр ажилд түүнтэй тохиролцон шилжүүлнэ.  Энэ тохиолдолд цалин хөлс буурахад хүрвэл зургаан сарын хугацаанд түүний урьд авч байсан болон одоо авч байгаа дундаж цалин хөлсний зөрүүтэй тэнцэх олговор олгоно.

Буруу халсан буюу шилжүүлсэн үеийн олговор: Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.

 

Асуудлыг шийдвэрлэх хугацаа

Ажилтны цалин, хөлстэй холбоотой гомдлыг тухайн байгууллага хүлээн авч шийдвэрлэх ерөнхий хугацаа 30 хоног байна.

Асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд гомдол гаргах

Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана.

Хөдөлмөрийн гэрээний талууд дээрхээс бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй.

Ажил олгогч буюу ажилтан нь хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрийг эс зөвшөөрвөл, түүнийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор зохих сум, дүүргийн шүүхэд давж заалдах эрхтэй.

Дараах тохиолдолд илүү цагаар ажиллуулж болно:

  • Улс орныг батлан хамгаалах, хүний амь бие, эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай ажил гүйцэтгүүлэх;
  • Байгалийн болон нийтийг хамарсан гамшиг, үйлдвэрлэлийн ослоос сэргийлэх, тэдгээрийн хор уршгийг нэн даруй арилгах;
  • Нийтийн усан хангамж, цахилгаан, дулааны эрчим хүч, тээвэр, холбооны хэвийн ажиллагааг алдагдуулсан гэмтлийг арилгах;
  • Урьдчилан мэдэх боломжгүй бөгөөд яаралтай хийхгүй бол аж ахуйн нэгж, байгууллагын буюу түүний салбар, нэгжийн хэвийн үйл ажиллагаанд учирч болзошгүй саадыг арилгах хойшлуулшгүй ажил гүйцэтгүүлэх;
  • Ажилтныг хоёр ээлжинд дараалан ажиллуулахыг хориглоно.

Ажилтны цалин хөлснөөс зөвхөн дор дурдсан тохиолдолд суутгал хийж болно:

  • Ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтрэхгүй хэмжээний хохирлыг нөхөн төлүүлэх тухай ажил олгогчийн шийдвэр гарсан;
  • Хууль тогтоомжид заасан бусад тохиолдолд.

Ажилтны нэг сарын цалин хөлснөөс хийх нийт суутгалыг /орлогын албан татварыг оролцуулахгүйгээр/ цалин хөлсний 20 хувиас, харин хүүхдийн тэтгэлэг гаргуулах болон хэд хэдэн суутгал нэгэн зэрэг хийх бол цалин хөлсний 50 хувиас хэтрүүлж болохгүй.

Асуулт: Үндсэн цалин гэж юу вэ. Түүнийг яаж тогтоох вэ?

Хариулт: Тухайн аж ахуйн нэгж, байгууллагад зохих журмаар тогтоогдсон, албан тушаалын цалин юм. Ажил олгогчид хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтнуудын үндсэн цалинг хамтын болон хөдөлмөрийн гэрээгээр тогтоодог.

Асуулт: Нэмэгдэл хөлс гэж юуг хэлэх вэ? Tүүнийг яаж тогтоох вэ?

Хариулт: Нэмэгдэл хөлс гэдэг нь ажилтан үндсэн ажлынхаа зэрэгцээ мэргэжил, ажил, албан тушаал хавсран буюу хослон ажилласан, эзгүй байгаа ажилтны үүргийг орлон гүйцэтгэсэн, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил үүргийг гүйцэтгэсэн, шөнийн болон илүү цагаар, нийтээр амрах баярын өдөр, долоо хоногийн амралтын өдөр ажилласан тохиолдолд үндсэн цалингаас тооцон олгож буй цалин хөлс юм. Нэмэгдэл хөлсний хэмжээг хамтын болон хөдөлмөрийн гэрээгээр ажил олгогч, ажилтантай харилцан тохиролцож тогтоодог. Хөдөлмөрийн тухай хуульд зарим нэмэгдэл хөлсний доод хэмжээг хуульчилсан байдаг.

Асуулт: Ямар ямар төрлийн нэмэгдэл хөлсний хэмжээг хуулиар тогтоосон байдаг вэ?

Хариулт: Нийтээр амрах баярын өдөр ажилласны болон долоо хоногийн амралтын өдөр ажилласны, илүү цагаар ажилласны нэмэгдлийн доод хэмжээг Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон байдаг. Нийтээр амрах баярын өдөр ажилласан ажилтанг нөхөн амруулаагүй бол дундаж цалин хөлсийг 2,0 дахин, илүү цагаар болон долоо хоногийн амралгын өдөр ажилласан ажилтанг нөхөн амруулаагуй бол түүнд 1,5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлсэн цалин хөлс олгох ёстой. Хуулиар доод хэмжээг нь тогтоосон нэмэгдэл хөлсний хэмжээг хамтын болон хөдөлмөрийн гэрээгээр нэмэгдүүлэн олгож болно. Харин хуульд заасан хэмжээнээс доогуур хэмжээгээр тогтоож болохгүй.

Асуулт: Нийтээр амрах баярын өдөр болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан, илүү цагаар ажилласан ажилтанг нөхөн амруулсан бол нэмэгдэл хөлс олгохуу?

Хариулт: Ажил олгогч нь нийтээр амрах баярын өдөр болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан, илүү цагаар ажилласан ажилтанг ажлын ачаалал багатай үед ажлын өдрийн үргэлжлэлийг богиносгох, долоо хоногийн ажлын өдрийг тоог цөөрүүлэх, ээлжийн амралт дээр нь нэмэгдэл амралт олгох, сул зогсолт гарвал өмнөх хугацаанд хэтрүүлэн ажилласан цагт нь тооцож биеэр нөхөн амрааж болно. Хэрэв ажил олгогч нь ажилтанг дээр дурдсан хэлбэрээр нөхөн амрааж чадаагүй бол хууль, хамтын болон хөдөлмөрийн гэрээнд заасан нэмэгдэл хөлсийг олгоно.

Асуулт: Нийтээр амрах баярын өдөр болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан, илүү цагаар ажилласан ажилтныг дараа нөхөн амраасан бол ямар нэгэн цалин хөлс олгохгүй гэсэн үг үү?

Хариулт: Нөхөн амраасан бол огт цалин хөлс олгохгүй гэсэн үг биш юм. Нийтээр амрах баярын өдөр болон долоо хоногийн амралтын өдөр, илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амраасан бол уг өдрүүдэд ажилласны цалин хөлсийг ажлын ердийн өдөрт ажилласантай адил хэмжээгээр олгох юм. Өөрөөр хэлбэл нэмэгдэл хөлсийг олгохгүй.

Асуулт: Нэмэгдэл гэж юуг хэлэх вэ? Түүнийг яаж тогтоох вэ?

Хариулт: Нэмэгдэл гэж ажилтны мэргэжлийн ур чадвар, ажлын байрны зохион байгуулалт, хөдөлмөрийн нөхцөлөөс хамаарах хүчин зүйлсийг харгалзан тогтоосон цалин хөлс юм. Нэмэгдлийн хэмжээг хамтын болон хөдөлмөрийн гэрээгээр ажил олгогч, ажилтантай харилцан тохиролцож тогтооно. Мэргэшлийн зэргийн нэмэгдлийг ажилтнуудын мэргэжлийн ур чадвар, боловсролын түвшин ажилласан жил зэргийг харгалзан ялгаатай тогтоож болно.

Асуулт: Шагнал урамшуулал гэж юуг хэлэх вэ? Түүнийг яаж тогтоох вэ?

Хариулт: Шагнал урамшуулал гэж цалингийн болон ашгийн сан, бусад эх үүсвэрээс ажилтанд олгож буй олговор юм. Ажилтан тодорхой нөхцөл, болзлыг ханган ажилласан үед олгодог. Шагнал урамшуулал олгох нөхцөл болзлыг хөдөлмөрийн дотоод журам, хамтын болон хөдөлмөрийн гэрээгээр тохиролцон тогтоох буюу эсвэл шагнал урамшил олгох тусгай журам гарган тогтоож болдог.

Асуулт: Шөнийн цагаар ажилласан ажилтанд ямар хэмжээтэй нэмэгдэл хөлс олгох вэ? Түүнийг яаж тогтоодог вэ?

Хариулт: Шөнийн цагаар ажилласан ажилтанг ажил олгогч нөхөн амруулаагүй бол түүнд нэмэгдүүлсэн цалин хөлс олгох бөгөөд ямар хэмжээгээр нэмэгдүүлж олгохыг хамтын болон хөдөлмөрийн гэрээгээр тохиролцож тогтооно. Шөнийн цагаар ажилласны нэмэгдэл хөлс нь ажилтны ажилласан цагт оногдох дундаж цалин хөлс нэмэгдүүлсэн хэмжээтэй байна.

Асуулт: Тасралтгүй ажиллагаатай аж ахуйн нэгж, байгуулагад ээлжээр ажилладаг ажилтны ээлж нь шөнийн цагаар таарсан бол түүнд шөнийн цагийн нэмэгдэл хөлс олгогдох уу?

Хариулт: Тасралтгүй ажиллагаатай аж ахуйн нэгж, байгууллагад ээлжээр ажилладаг ажилтны ээлж нь шөнийн цагаар таарсан бол түүнд шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг олгоно.

Асуулт: Ажилтанд цалин хөлсийг ямар зарчим, хэлбэрийн дагуу олгодог вэ?

Хариулт: Ажилтанд цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгодог. Ажилтны цалин хөлсийг сард 2 ба түүнээс дээш удаа, тогтоосон өдөр олгох ёстой. Ажилтны цалин хөлсийг цаг, өдөр, долоо хоногоор тооцон олгож болно. Ажилтны үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдлийг заавал мөнгөн хэлбэрээр олгоно.

Асуулт: Цалин хөлс олгох өдрийг яаж тогтоох вэ?

Хариулт: Цалин хөлсийг сарын ямар ямар өдрүүдэд тавьж олгохыг хөдөлмөрийн дотоод журам буюу хамтын гэрээгээр тохиролцож тогтоодог.

Асуулт: Ажил олгогч ажилчдын цалинг тогтоосон өдөр олгоогүй, саатуулсан бол яах вэ?

Хариулт: Тогтоосон өдөр ажилчдын цалин хөлсийг олгоогүй, саатуулсан бол ажил олгогчоос цалин хөлс олгохыг нийт ажилчид болон ажилтны төлөөлөгчид шаардах эрхтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь нотлогдвол цалин хөлсийг хожигдуулсан хоног тутамд 0,3 хувийн алданги ажил олгочид шүүх ноогдуулж, ажилтанд олгодог. Мөн ажилтны цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй, саатуулсан албан тушаалтныг 5000-15000 төгрөгөөр шүүгч торгоно.

Асуулт: Шагнал урамшууллыг мөнгөн бус хэлбэрээр олгож болохуу?

Хариулт: Шагнал урамшууллыг мөнгөн бус хэлбэрээр олгож болно. Жишээ нь: гэрийн тавилга,цахилгаан бараа гэх мэт. Харин хөдөлмөрийн дотоод журам, хамтын болон хөдөлмөрийн гэрээ, эсвэл шагнал урамшуулал олгох тусгай журамтай бол уг журамдаа шагнал урамшууллыг мөнгөн хэлбэрээр олгохоор харилцан тохиролцсон бол заавал мөнгөн хэлбэрээр олгох ёстой.


http://e-khutuch.mn/guide/print/2/321/all