ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Ажил эрхлэлт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр

“Хөгжлийн бэрхшээлтэй хүн” гэдэг нь бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн байнгын согог нь орчны бусад саадтай нийлсний улмаас бусдын адил нийгмийн амьдралд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцох чадвар нь хязгаарлагдсан хүнийг хэлнэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, онцлогийг хуулиар зохицуулснаар тэднийг ажил хөдөлмөр эрхлэх болон ялгаварлан гадуурхлаас ангид байх боломжийг бий болгодог.

Хуулийн зохицуулалт

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “Монгол Улсын иргэн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй”. Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт ”Монгол Улсын иргэн өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй” гэж тус тус заасан. 

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 17-19 дүгээр зүйлд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэх эрхийн талаар зохицуулсан байдаг.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлттэй холбогдсон Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд зааснаас бусад харилцааг

  • Хөдөлмөрийн тухай хууль,2022 он 
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль,2011 он 
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль 2008 он болон холбогдох бусад хуулиар зохицуулна.

Таны судалсан байвал зохих хууль бусад эрх зүйн акт:

  • Монгол Улсын Үндсэн хууль /1992 он/ ЭНД дарж үзнэ үү.
  • Хөдөлмөрийн тухай хууль /2022/ шинэчилсэн найруулага Энд  дарж үзнэ үү.
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхий тухай хууль /2016 он/ ЭНД дарж үзнэ үү.
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль /2008 он/ ЭНД дарж үзнэ үү. 
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль /2011 он/ ЭНД  дарж үзнэ үү.
Асуудлыг шийдвэрлэх байгууллага

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхсан талаарх гомдлыг дараах байдлаар шийднэ. Үүнд: 

  • Хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд эхний ээлжид харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л хүчин чармайлт гаргах үүрэгтэй.
  • Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 30 хоногийн хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст,
  • Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй
  • Хөдөлмөрийн эрхийн маргааныг шүүхээр шийдвэрлэх
  • Хүний эрхийн үндэсний комисс
  • Монголын үйлдвэрчний эвлэл 

 

Асуудлыг шийдвэрлэх дараалал

Хөгжлийн бэрхшээлтэй хүн ажилд орох, албан тушаал дэвших, цалин хөлс, нөхөн олговор авах, ээлжийн амралт авах хөдөлмөр эрхлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээнд бусадтай адил тэгш хамрагдах эрхтэй.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байр нь:

  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрны нөхцөл нь тэдний хөдөлмөрлөх чадварт нь тохирсон байна.
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байр нь түүнийг орж, гарахад нь саад болохооргүй байдлаар тоноглогдсон байна. /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 16 дугаар зүйл/

            Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулах ажлын байр нь стандартад нийцэж байгаа эсэхийг  төрийн захиргааны хяналтыг мэргэжлийн хяналтын улсын ерөнхий байцаагчийн эрх олгосон хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч шалгана. 

            Аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах болон Хөдөлмөрийн хуулиар шууд зохицуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан хамтын гэрээгээрээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, тухайн аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж тахир дутуу ажилтны амьжиргааг сайжруулах зохицуулалтын харилцааг тусгана.

            Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхэлтийг дэмжих зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 6 сараас дээш хугацаагаар ажилгүй байгаа иргэнийг ажилд авч, 12 сараас доошгүй хугацаагаар ажлын байраар хангасан ажил олгогчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний урамшууллыг нэг удаа олгож, хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хөдөлмөрийн насанд хүрээд асрамжийн газраас гарсан иргэнийг ажлын байраар хангаж, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх талаар тодорхой санаачилга гаргаж, үр дүнд хүрсэн ажил олгогчийг тусгай болзлын дагуу Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл шалгаруулж, урамшуулдаг. /Хөдөлмөр эрхэлтийг дэмжих тухай хуулийн  15 дугаар зүйл/

            Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлд зааснаар 25, түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нь ажил, албан тушаалынхаа дөрөв, түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулна. Заасан хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүн ажиллуулаагүй бол ажиллуулбал зохих орон тоо тутамд сар бүр төлбөр төлнө.

            Энэхүү төлбөрийг тухайн орлогыг бүрдүүлсэн орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд зарцуулна. 

            Хөгжлийн бэрхшээлтэй, одой хүний биеийн байдал нь хөдөлмөр эрхлэхэд саад болохооргүй буюу хөдөлмөрийн нөхцөл нь харшлахгүй бол тэдгээрийг уг шалтгаанаар ажилд авахаас татгалзахыг хориглоно.

Мөн дараах тохиолдлуудыг хориглоно. Үүнд:

  • ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцуулахаас татгалзах, сонгон шалгаруулалтад тэнцсэн хүнийг хөгжлийн бэрхшээлийн улмаас ажилд авахаас татгалзах;
  • хөдөлмөр эрхэлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүний албан тушаал ахих, дэвших боломжийг хязгаарлах;
  • байгууллага, аж ахуйн нэгж нь ажиллагсадыг хөгжлийн бэрхшээлээр нь ялгаварласан дүрэм, журам, удирдлагын арга барилыг хэрэглэх, ашиглах;
  • гэр бүлийн гишүүн нь хөгжлийн бэрхшээлтэй гэсэн шалтгаанаар хүнийг ажилд авахаас татгалзах, чөлөөлөх, бусад хэлбэрээр ажил, хөдөлмөр эрхлэх эрхийг нь хязгаарлах;
  • хөгжлийн бэрхшээлтэй хүний мэдлэг ур чадвар, онцлогт тохирсон ажлын байрыг зохион байгуулахаас татгалзах, цалин хөлсийг ялгавартай тогтоох;
  • хөгжлийн бэрхшээлтэй хүний онцлогт тохирсон ажлын байрны тохирох хэрэглэгдэхүүн бий болгохгүй байх. /Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйл/

Хөгжлийн бэрхшээлтэй ажилтны долоо хоногийн ажлын цаг 36 цаг хүртэл ба ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 20 өдөр байна.

Цалин хөлс олгож байгаа шалтгаанаар хөдөлмөр эрхэлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн халамжийн болон нийгмийн даатгалын аливаа тэтгэвэр, тэтгэмжийг зогсоохыг хориглоно.

Монгол Улсын иргэн гадаадад гэрээгээр ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас амь алдсан, тахир дутуу болсон нөхцөлд зуучлах зөвшөөрөл авсан байгууллага холбогдох хохирлыг барагдуулах бөгөөд ар гэрийнхэн нь хүсэлт гаргасан тохиолдолд амь алдсан иргэний цогцсыг Монгол Улсад авчрах зардлыг хариуцна. /Гадаадад ажиллах хүч гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.10 дэх заалт/

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг төрөөс дэмжих талаар: Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтэд төрөөс дараахь дэмжлэг үзүүлнэ:

  • хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөрлөх чадварт тохирох хэрэглэгдэхүүн бүхий ажлын байр бий болгох, тэдгээрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, төсвийн хөрөнгөөр хийх худалдан авалтад тэргүүн ээлжинд хамруулах;
  • хөгжлийн бэрхшээлтэй хүн мэргэжлээрээ ажиллахад шаардагдах ажлын багаж, тоног төхөөрөмж, материал болон бусад шаардлагатай хэрэгслийг худалдан авахад нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас нэг удаа санхүүгийн дэмжлэг үзүүлэх;
  • хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн дунд мэргэжлийн ур чадварын тэмцээн зохион байгуулахад төрөөс дэмжлэг үзүүлэх;
  • мэргэжлийн ур чадварын олон улсын тэмцээнд амжилттай оролцсон хөгжлийн бэрхшээлтэй хүнд урамшуулал олгох ба урамшуулал олгох журмыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батлах;
  • хөгжлийн бэрхшээлтэй хүнд мэргэжлийн чиг баримжаа, ур чадвар олгох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа сургалтын байгууллагад төрөөс дэмжлэг үзүүлэх.

Ажлын байрны сонгон шалгаруулалт:

  • Төрийн байгууллага, хуулийн этгээд нь ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлахдаа хөгжлийн бэрхшээлтэй хүний онцлог хэрэгцээг харгалзан үзнэ.
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүн нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохдоо түүний хөгжлийн бэрхшээлийн онцлог хэрэгцээ, шаардлагад тохирох тусламж, нэмэлт цаг ашиглах эрхтэй. 
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүн хэрэгцээ, шаардлагын талаар хүсэлт гаргасан тохиолдолд сонгон шалгаруулалт явуулж байгаа байгууллага хүсэлтийг хүлээн авах үүрэгтэй.
Асуудлыг шийдвэрлэх хугацаа

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлттэй холбоотой гомдлыг тухайн байгууллага хүлээн авч шийдвэрлэх ерөнхий хугацаа 30 хоног байна. Харин хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхсан талаарх гомдлыг Хүний эрхийн үндэсний комисс шийдвэрлэх бөгөөд гомдол гаргагч нь эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн өдрөөс, эсхүл тийнхүү зөрчигдсөн гэдгийг мэдсэн өдрөөс хойш нэг жилийн дотор гомдол гаргах эрхтэй. Комисс гомдлыг хуулийн дагуу 30 хоногт багтаан шийдвэрлэх үндсэн дээр шалгах ажиллагааг төлөвлөж явуулдаг ба нэмэлт судалгаа, шалгалт хийх шаардлагатай бол хугацааг Комиссын дарга 60 хүртэл хоногоор сунгаж болно.

Комисст гаргах гомдол дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Гомдлоо захиргааны журмаар шийдвэрлүүлсэн байх;
  • Хүний эрхийн олон улсын гэрээ, конвенц, дотоодын хууль тогтоомжид заасан ямар эрх зөрчигдсөн болохыг тодорхой заах;
  • Өөрийн нэр, оршин суугаа газрын болон шуудангийн хаяг, утасны дугаараа бичиж, гарын үсгээ зурсан байх;
  • Гомдолд холбогдож буй аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хүний нэр, хаяг, утасны дугаар холбогдох бусад баримтыг хавсаргах.
Асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд гомдол гаргах

Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана.

Хөдөлмөрийн гэрээний талууд дээрхээс бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор Хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй.

Ажил олгогч буюу ажилтан нь хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрийг эс зөвшөөрвөл, түүнийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор зохих сум, дүүргийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрх нээлттэй. 

Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэргэжлийн баримжаа олгох сургалтыг тус төвийн нэгж Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургууль эрхлэн явуулдаг. Тус сургууль нь 15-45 насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг 1-2,5 жилийн мэргэжлийн ангид суралцуулах боломжтой ба бусад мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдээс ялгаатай нь боловсролын түвшин хамаарахгүй сургуулиас завсардсан болон суурь боловсролгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэргэжлийн боловсрол, чиг баримжаа олгож байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн мэргэжлийн боловсрол олгож, тэдэнд харилцаа, амьдрах ухаан, бизнес аж ахуй эрхлэх, англи хэл, биеийн тамир, эрүүл мэндийн болон мэргэжлийн технологийн хичээлүүдийг /20 хувь/ онол, /80 хувь/ дадлага хослуулан заадаг. 27 Үүнд: Нэг жилийн Тогооч, Талх, нарийн боов үйлдвэрлэлийн технологийн ажилтан, Оёмол бүтээгдэхүүний оёдолчин /2,5 жил/, Модон эдлэлийн мужаан, Бэлэг дурсгалын зүйл урлаач, Хэвлэлийн дизайнч /2,5 жил/, Гар утас, телефон аппаратны засварчин гэсэн 7 чиглэлээр мэргэжлийн боловсрол олгох сургалтуудыг явуулдаг.

Хараагүй иргэдийн холбооны мэргэжлийн сургалтын төвөөс массаж, морин хуур, компьютер, ноос ноолуур боловсруулах гэсэн 4 чиглэлээр 2 жилийн хугацаатай сургалт явуулдаг. Мөн донор 29 байгууллагын санхүүгийн дэмжлэгтэйгээр хөдөө орон нутгийн хараагүй иргэдэд зориулсан, таягтай алхах сургалт, мөн сургагч багш бэлтгэх сургалт явуулдаг.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөрлөх эрхээ эдлэхэд иргэн, хуулийн этгээдийн дараахь үйлдэл, эс үйлдэхүйг ялгаварлан гадуурхалт гэж үзнэ:

  • ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцуулахаас татгалзах, сонгон шалгаруулалтад тэнцсэн хүнийг хөгжлийн бэрхшээлийн улмаас ажилд авахаас татгалзах;
  • хөдөлмөр эрхэлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүний албан тушаал ахих, дэвших боломжийг хязгаарлах;
  • байгууллага, аж ахуйн нэгж нь ажиллагсадыг хөгжлийн бэрхшээлээр нь ялгаварласан дүрэм, журам, удирдлагын арга барилыг хэрэглэх, ашиглах;
  • гэр бүлийн гишүүн нь хөгжлийн бэрхшээлтэй гэсэн шалтгаанаар хүнийг ажилд авахаас татгалзах, чөлөөлөх, бусад хэлбэрээр ажил, хөдөлмөр эрхлэх эрхийг нь хязгаарлах;
  • хөгжлийн бэрхшээлтэй хүний мэдлэг ур чадвар, онцлогт тохирсон ажлын байрыг зохион байгуулахаас татгалзах, цалин хөлсийг ялгавартай тогтоох;
  • хөгжлийн бэрхшээлтэй хүний онцлогт тохирсон ажлын байрны тохирох хэрэглэгдэхүүн бий болгохгүй байх.
  • Түгээмэл загвар, тохирох хэрэглэгдэхүүн бүхий орчин нөхцөл, үйлчилгээний хүртээмжийг бүрдүүлээгүй байх, бүрдүүлэхээс татгалзах, нийгмийн үйлчилгээг бусдын адил тэгш хүртэх боломжийг хязгаарлах төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйг ялгаварлан гадуурхалт гэж үзнэ.

“тохирох хэрэглэгдэхүүн” гэж хөгжлийн бэрхшээлтэй хүн бусдын адил хүний үндсэн эрх, эрх чөлөөг тэгш эдлэхэд зориулсан нэн хэрэгцээтэй тоног төхөөрөмж, материал, хэрэгсэл, программ хангамж, орчин нөхцөл, үйлчилгээг;

“түгээмэл загвар” гэж нэмэлт тохиргоо, тусгай загвар шаардахгүйгээр бүх хүн ашиглахад тохиромжтой, энгийн бүтээгдэхүүн, программ, орчин болон үйлчилгээний хэв маягийг хэлнэ.

Хуулийн этгээд нь хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр дараахь нийтлэг эрх, үүрэгтэй:

  • хөгжлийн бэрхшээлтэй хүний онцлог хэрэгцээ шаардлагад нийцсэн ажиллах орчныг бүрдүүлэх;
  • хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй орчин бүрдүүлэхдээ олон улсын чиг хандлагын дагуу түгээмэл загвар хэрэглэхийг эрхэмлэх;
  • нийтийн зориулалттай үйлчилгээний болон бусад байгууллага хөгжлийн бэрхшээлтэй хүнд дараалал харгалзахгүй үйлчлэх;
  • хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн амьдралын идэвхтэй оролцоо, түүний амжилт, бүтээлийг хамт олонд нь сурталчлах, урамшуулах;
  • хөгжлийн бэрхшээлтэй болсон хүнд түүнийг ажиллуулж байсан байгууллагын хувьд тусламж, дэмжлэг үзүүлэх;
  • өөрчлөн зохион байгуулагдсан буюу татан буугдсан бол түүний эрх, үүргийг хүлээж авсан этгээд дээрх эрх, үүргийг хэрэгжүүлэх; 
  • хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй зүй бусаар харилцах, эрх, эрх чөлөөг нь аливаа хэлбэрээр зөрчихийг үл тэвчих;
  • ажилтан тухайн байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон нь шүүхээр тогтоогдсон бол хохирлыг нөхөн төлөх;
  • хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны стандартыг хангаж ажиллах;
  • хууль тогтоомжид заасан бусад эрх, үүрэг.

Асуулт 1. Би хэлгүй. Бас сонсгол муутай. Ажил хийж, амьдралаа залгуулъя гээд хоёр ч ажилд орох хүсэлтээ тавихад ажилд аваагүй. Уг нь Хөдөлмөрийн хуульд тахир дутуу, одой хүнийг ажилд авч ажиллуулах талаар заасан байдаг гэсэн?

Тийм ээ. Ийм зохицуулалт Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлд заасан байдаг. Өмчийн төрөл, хэлбэрээс үл хамаарч 25 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нийт ажлын байрныхаа дөрвөн хувиас доошгүй орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулна гэж заасан.

Тахир дутуу, одой хүний биеийн байдал нь хөдөлмөр эрхлэхэд саад болохооргүй буюу хөдөлмөрийн нөхцөл нь харшлахгүй бол уг шалтгаанаар ажилд авахаар татгалзахыг хориглохоор заасан. Иймд та эрхээ хамгаалуулахаар холбогдох байгууллагад хандаж болно.

Асуулт 2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн өдөрт хэдэн цаг ажиллах ёстой байдаг вэ ?

Хөдөлмөрийн тухай хуулийн 84.1-т зааснаар Долоо хоногийн ажлын цаг нь 40 цаг хүртэл, 16-17 насны болон хөгжлийн бэрхшээлтэй ажилтанд 36 цаг хүртэл байна.

Асуулт 3. Аж ахуй нэгж байгууллага орон тооныхоо хэдэн хувьд хөгжлийн бэрхшээлтэй болон одой хүн авч ажиллуулах ёстой байдаг вэ?

Хөдөлмөрийн тухай хуулийн 144.1-т зааснаар 25, түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нь ажил, албан тушаалынхаа дөрөв, түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулна. Дээрх хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүн ажиллуулаагүй бол ажиллуулбал зохих орон тоо тутамд сар бүр төлбөр төлнө.

Асуулт 4. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хөдөлмөр эрхлэх явцад нь ялгаварлан гадуурхах гэдэгт  ямар ямар үйлдэл, эс үйлдэхүй хамаарах вэ?

Хөгжлийн бэрхшээлтэнй хүний эрхийн тухай хуулийн 6.2.Түгээмэл загвар, тохирох хэрэглэгдэхүүн бүхий орчин нөхцөл, үйлчилгээний хүртээмжийг бүрдүүлээгүй байх, бүрдүүлэхээс татгалзах, нийгмийн үйлчилгээг бусдын адил тэгш хүртэх боломжийг хязгаарлах төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйг ялгаварлан гадуурхалт гэж үзнэ.

Мөн хуулийн 6.4.1.ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцуулахаас татгалзах, сонгон шалгаруулалтад тэнцсэн хүнийг хөгжлийн бэрхшээлийн улмаас ажилд авахаас татгалзах;

6.4.2.хөдөлмөр эрхэлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүний албан тушаал ахих, дэвших боломжийг хязгаарлах;

6.4.3.байгууллага, аж ахуйн нэгж нь ажиллагсадыг хөгжлийн бэрхшээлээр нь ялгаварласан дүрэм, журам, удирдлагын арга барилыг хэрэглэх, ашиглах;

6.4.4.гэр бүлийн гишүүн нь хөгжлийн бэрхшээлтэй гэсэн шалтгаанаар хүнийг ажилд авахаас татгалзах, чөлөөлөх, бусад хэлбэрээр ажил, хөдөлмөр эрхлэх эрхийг нь хязгаарлах;

6.4.5.хөгжлийн бэрхшээлтэй хүний мэдлэг ур чадвар, онцлогт тохирсон ажлын байрыг зохион байгуулахаас татгалзах, цалин хөлсийг ялгавартай тогтоох;

6.4.6.хөгжлийн бэрхшээлтэй хүний онцлогт тохирсон ажлын байрны тохирох хэрэглэгдэхүүн бий болгохгүй байх.

Асуулт 5. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлттэй холбоотой гомдлыг хаана гаргах вэ?

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхсан талаарх гомдлыг эхлээд байгууллагын дэргэдэх Хөдөлмөрийн маргаан таслах комисст, Хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй тохиолдолд байгууллагын захиргаанд гомдол гаргана. Шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүх болон Хүний эрхийн үндэсний комисст харьяалах асуудлаар гомдол гаргах эрх нээлттэй.   


http://e-khutuch.mn/guide/print/2/367/all