ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Ажил эрхлэлт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр

“Хөгжлийн бэрхшээлтэй хүн” гэдэг нь бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн байнгын согог нь орчны бусад саадтай нийлсний улмаас бусдын адил нийгмийн амьдралд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцох чадвар нь хязгаарлагдсан хүнийг хэлнэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, онцлогийг хуулиар зохицуулснаар тэднийг ажил хөдөлмөр эрхлэх болон ялгаварлан гадуурхлаас ангид байх боломжийг бий болгодог.

Асуудлыг шийдвэрлэх хугацаа

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлттэй холбоотой гомдлыг тухайн байгууллага хүлээн авч шийдвэрлэх ерөнхий хугацаа 30 хоног байна. Харин хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхсан талаарх гомдлыг Хүний эрхийн үндэсний комисс шийдвэрлэх бөгөөд гомдол гаргагч нь эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн өдрөөс, эсхүл тийнхүү зөрчигдсөн гэдгийг мэдсэн өдрөөс хойш нэг жилийн дотор гомдол гаргах эрхтэй. Комисс гомдлыг хуулийн дагуу 30 хоногт багтаан шийдвэрлэх үндсэн дээр шалгах ажиллагааг төлөвлөж явуулдаг ба нэмэлт судалгаа, шалгалт хийх шаардлагатай бол хугацааг Комиссын дарга 60 хүртэл хоногоор сунгаж болно.

Комисст гаргах гомдол дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Гомдлоо захиргааны журмаар шийдвэрлүүлсэн байх;
  • Хүний эрхийн олон улсын гэрээ, конвенц, дотоодын хууль тогтоомжид заасан ямар эрх зөрчигдсөн болохыг тодорхой заах;
  • Өөрийн нэр, оршин суугаа газрын болон шуудангийн хаяг, утасны дугаараа бичиж, гарын үсгээ зурсан байх;
  • Гомдолд холбогдож буй аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хүний нэр, хаяг, утасны дугаар холбогдох бусад баримтыг хавсаргах.

http://e-khutuch.mn/guide/print/2/367/decide_time