ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Гаалийн байгууллагын үйлчилгээ Гаалийн бүрдүүлэлтийг хийх

Гаалийн бүрдүүлэлт гэж гаалийн хилээр нэвтрүүлэх барааг гаалийн байгууллагад мэдүүлсэн үеэс гаалийн бичиг баримтыг, шаардлагатай тохиолдолд барааг шалгах, ногдуулсан татварыг төлсний дараа барааг олгох, эсхүл гаалийн хилээр гаргахыг зөвшөөрөх хүртэлх цогц үйл ажиллагаа юм.

Хуулийн зохицуулалт

Гаалийн тухай хуулийн зургадугаар бүлгийн нэгдүгээр дэд бүлэгт гаалийн бүрдүүлэлт хийх тухай зохицуулсан заалт байдаг. Гаалийн бүрдүүлэлт нь Гаалийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, Гаалийн удирдах төв байгууллагын эрхийн актаар тогтоосон гаалийн байгууллагаас явуулах үйл ажиллагаа юм.  Үүнд:

  • Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд энэ хуульд заасан журмын дагуу гаалийн бүрдүүлэлт хийнэ.

  • Барааг илгээх, хүлээн авах болон барааны гарал үүслийн улсаас үл хамааран гаалийн хилээр нэвтрүүлэх бараанд гаалийн бүрдүүлэлт хийнэ.

  • Гаалийн хилээр нэвтрүүлэх зарим бараа, тээврийн хэрэгслийн төрөл, онцлогийг харгалзан гаалийн бүрдүүлэлтийн журмыг энэ хуульд нийцүүлэн гаалийн удирдах төв байгууллагын дарга тусгайлан баталж болно.

Таны судалсан байвал зохих хууль бусад эрх зүйн акт

  • Гаалийн тухай хууль (2008 он) ЭНД дарж үзнэ үү.

  • Татварын ерөнхий хууль (2008 он)  ЭНД дарж үзнэ үү.

  • Гаалийн тариф, гаалийн татварын тухай (2008 он) ЭНД дарж үзнэ үү.

 

  • Гаалийн хилээр нэвтрүүлэх онцлог бараанд гаалийн бүрдүүлэлт хийх журам  (2008) ЭНД дарж үзнэ үү.

  • Чөлөөт бүсийн тухай хууль (2015 он) ЭНД дарж үзнэ үү.

  • Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай (1996 он)  ЭНД дарж үзнэ үү.

 

 

 

 

Асуудлыг шийдвэрлэх байгууллага

Тухайн нутаг дэвсгэрийн гаалийн газар, гаалийн улсын байцаагч

Асуудлыг шийдвэрлэх дараалал

Экспорт, импортын гаалийн бүрдүүлэлт дараах үе шаттай явагдана.

1.Мэдүүлэх,

2.Гаалийн бичиг баримтыг шалгах,

3.Бараа, тээврийн хэрэгслийг шалгах,

4.Гаалийн болон бусад татварыг ногдуулж, барагдуулах,

5.Эзэнд нь олгох, эсхүл гаалийн хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрөх.

“Мэдүүлэх” гэдэгт гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийн талаархи шаардлагатай бүх мэдээллийг гаалийн мэдүүлгийн маягтын дагуу бичиж, холбогдох бичиг баримтын хамт гаалийн байгууллагад өгөхийг ойлгоно.

Бараа мэдүүлэх хэлбэр:

  1. Бичгээр;

  2. Мэдээллийн сүлжээгээр;

  3. Зорчигч хувийн хэрэглээний эд зүйлийнхээ, мэдүүлэгч улс хоорондын шуудан илгээлтийн тухай тус тус амаар;

  4. Зорчигч улаан, ногоон гарцыг сонгох буюу үйл хөдлөлөөр

Асуудлыг шийдвэрлэх хугацаа

Гаалийн бүрдүүлэлтийг гаалийн байгууллага бүхий газарт, гаалийн удирдах төв байгууллагын даргаас тогтоосон цагт хийнэ.

Асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд гомдол гаргах

“Мэдүүлэгч” гэж гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлж байгаа аливаа этгээдийг хэлнэ. Мэдүүлэгч нь өөрийнхөө эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн гэж үзвэл гаалийн байгууллага, албан тушаалтны шийдвэрт гомдол гаргах эрхтэй.

Мэдүүлэгч гомдлоо дараах журмаар гаргана:

  • Гаалийн улсын байцаагчийн шийдвэрт гаргах гомдлыг тухайн гаалийн байгууллагын дарга, эрхлэгчид;

  • Гаалийн байгууллагын дарга, эрхлэгчийн шийдвэрт гаргах гомдлыг холбогдох дээд шатны байгууллага, албан тушаалтанд;

  • Гомдлыг хянан шийдвэрлэсэн дээд шатны байгууллага, албан тушаалтны шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд;

Гаалийн байгууллага, албан тушаалтны шийдвэрт холбогдох гомдлыг мэдүүлэгч тухайн шийдвэрийг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор гаргаж болно.

Гаалийн тухай хуулийн  17.2-т заасан хугацаа хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн нь тогтоогдвол гомдол гаргагчийн хүсэлтээр уг хугацааг Захиргааны ерөнхий хуулийн 94.2-т заасны дагуу гаалийн байгууллага, албан тушаалтан нөхөн сэргээж болно.

Гаалийн байгууллага, албан тушаалтны шийдвэрийн талаарх гомдлыг бичгээр гаргана. Гаалийн тухай хуулийн 18.1-д заасан гомдолд овог, нэр оршин суугаа газрын буюу шуудангийн хаягаа бичиж, гарын үсгээ зурна. Хүндэтгэн үзэх шалтгаанаар гарын үсгээ зурж чадахгүй бол бусдаар төлөөлүүлэн зурж болно. Өргөдөл гомдлыг иргэд бичгээр хамтран гаргасан бол түүнд бүгд гарын үсэг зурах буюу эсхүл тэдгээрийн төлөөлөгч гарын үсэг зурж, төлөөлөх эрхээ нотлох баримт бичгийг хавсаргана.

Гаалийн тухай хуулийн 17.1.1, 17.1.2-т заасны дагуу гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх үүрэг хүлээсэн гаалийн байгууллага, албан тушаалтан шаардлагатай бичиг баримтыг гомдол гаргагчаас гаргуулан авч болно. Өргөдөл гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ.

Мэдүүлэгч гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээний хураамж төлнө.

Үйлчилгээний хураамж

Хураамжийн хэмжээ

Гаалийн хилээр нэвтэрсэн бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн бүрдүүлэлт хийхэд:

-үндсэн мэдүүлэг бүрт

-нэмэлт мэдүүлэг бүрт

 

 

 

 7000.00 төгрөг

1200.00 төгрөг

Гаалийн хяналтын түр бүсэд захиалгаар үйлчлэхэд (гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээний хураамж дээр нэмж тооцно.)

1 цагийн хураамж:

-ажлын өдөрт

-ажлын бус цаг, амралт, баярын өдрүүдэд

 

 

 

 

 

4000.00 төгрөг

8000.00 төгрөг

Хувь хүний нэр дээр ирсэн улс хоорондын шуудангийн илгээмж болон зорчигчийн бараа арилжааны шинж чанартай бол тооцоот хуудсаар гаалийн бүрдүүлэлт хийхэд

1200.00 төгрөг

Авто тээврийн хэрэгслээр тээвэрлэж буй бараанд ачааны манифест (А1) бичихэд манифест тутамд

3000.00 төгрөг

Гаалийн баталгаат үйлдвэрийн газар хийгдэх үйл ажиллагааны гэрээний үнийн дүнгээс тооцон барааг хилийн чанадад буцаан гаргахад гаалийн баталгаат үйлдвэрийн газрын эрхлэгч шимтгэл төлнө. /ГЕГ-ын даргын 2015-07-22-ны А/166 дугаар тушаалаар өөрчлөлт орсныг тусгав./

 

Гаалийн үндсэн болон нэмэлт мэдүүлэг, гаалийн мэдүүлгийн хавсралт, ачааны манифестыг зуучлагч байгууллагуудад худалдахад:

-1 багц нь

 

 

 

 

1200.00 төгрөг

Экспортод гаргах нүүрс болон уул уурхайн эрдэс бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлтийн хураамж:

-тонн тутамд

 

 

 

1500.00 төгрөг

Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд тавьсан нэг удаагийн ломбоны үнэ

 

 

1000.00 төгрөг

 

 

СТАТИСТИКИЙН МЭДЭЭЛЭЛ, ЛАВЛАГААНЫ ТӨЛБӨР

Үйлчилгээний хураамж

Хэмжих нэгж

Төлбөр /төг/

Гаалийн хилээр нэвтэрсэн бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн бүрдүүлэлт хийхэд:

-сар бүрээр

-хагас жилийн, жилийн эцсийн

 

 

 

 

 

ш

ш

 

 

 

 

 

5000

5000

Мэдээллийн сангаас гаргасан статистикийн мэдээлэл

А4-ийн 1 нүүр

5000

Лавлагаа /жагсаалтаар/

А4-ийн 1 нүүр

5000

 

Гаалийн тухай хуулийн 26.1-д заасан хураамжийн хэмжээг үйлчилгээний зардлыг харгалзан гаалийн удирдах төв байгууллагын дарга тогтооно.

Гаалийн тухай хуулийн 26.1-д заасан хураамжийг улсын төсөвт төвлөрүүлнэ.

Гаалийн бүрдүүлэлт хийхэд шаардагдах мэдээлэл бичиг баримт

Гаалийн байгууллага гаалийн бүрдүүлэлт хийхэд шаардагдах мэдээлэл бичиг баримтыг мэдүүлэгчээс гаргуулан авна.

Гаалийн тухай хуулийн 27.1-д заасан мэдээлэл, бичиг баримт гаргаж өгөх хугацааг гаалийн удирдах төв байгууллагын дарга тогтооно.

Гаалийн удирдах төв байгууллага гаалийн бүрдүүлэлтийг хялбарчлах, түргэвчлэх зорилгоор гадаад улсын гаалийн байгууллагатай мэдээлэл, бичиг баримтыг харилцан хүлээн зөвшөөрөх тухай гэрээ байгуулж болно.

Гаалийн тухай хуулийн 27.1-д заасан мэдээлэл, бичиг баримтыг факс, нийтийн электрон шуудан гаалийн байгууллагатай холбогдсон бусад байгууллагын мэдээллийн сүлжээгээр ирүүлж болно.

Гаалийн бүрдүүлэлтийн бусад төрөл

-Гаалийн түргэвчилсэн бүрдүүлэлт

Гаалийн хилээр нэвтрүүлэх дор дурдсан бараанд гаалийн түргэвчилсэн бүрдүүлэлтийг хийж болно:

  • Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас бий болсон хохирлыг арилгах зориулалтын бараа

  • Цацраг идэвхит бодис, химийн хорт болон аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис

  • Мал амьтан

  • Улс хоорондын шуудангийн илгээмж

  • Сонин, тогтмол хэвлэл, мэдээллийн болон эрдэм шинжилгээ, судалгааны материал

  • Амархан муудах, гэмтэх магадлал бүхий хадгалалтын онцгой нөхцөл шаардсан бараа

  • Донорын эд эрхтэн, цус цусан бүтээгдэхүүн

  • Хуульд заасан бусад бараа

Гаалийн тухай хуулийн 29.1-д заасан бараанд гаалийн бүрдүүлэлтийн бичиг баримтыг гаалийн байгууллагаас тогтоосон хугацаанд бүрдүүлж өгөх болзолтойгоор дараалал харгалзахгүй гаалийн бүрдүүлэлт хийнэ.

-Гаалийн хялбарчилсан бүрдүүлэлт

Гаалийн тухай хуульд заасан бичиг баримтыг шаардахгүйгээр гаалийн мэдүүлгийн зарим хэсгийг нөхөн бичүүлэх замаар гаалийн хялбарчилсан бүрдүүлэлт хийж, барааг гаалийн хилээр нэвтрүүлж болно.

-Гаалийн хялбарчилсан бүрдүүлэлтийг дараах тохиолдолд хийж болно.

  • Барааг гаалийн нутаг дэвсгэрээр дамжуулахгүйгээр хилийн чанадаас шууд гаалийн баталгаат бүсэд оруулах

  • Барааг гаалийн баталгаат бүсээс гаалийн нутаг дэвсгэрээр дамжуулахгүйгээр хилийн чанадад гаргах

Гадаад бүрдүүлэлтэд шаардлагатай гадаад худалдааны бичиг баримт:

            Олон улсын худалдааны бичиг баримтыг гүйцэтгэх үүргээс нь хамаарч дараах бүлгүүдэд хуваадаг.

Авто тээврийн хэрэгслээр:

  • Авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ;

  • Ачаа тээвэрлэлтийн бичиг баримт;

  • Худалдааны бичиг баримт; /Гадаад худалдааны гэрээ, төлбөрийн баримт, үнийн нэхэмжлэх, баглаа боодлын жагсаалт, даатгалын бичиг баримт, техникийн бичиг баримт болон бусад барааг тодорхойлсон шаардлагатай бичиг баримтууд/

Агаарын тээврийн хэрэгслээр:

  • Тээврийн хэрэгслийн гэрчилгээ;

  • Ерөнхий мэдүүлэг;

  • Зорчигчийн нэрсийн жагсаалт;

  • Ачааны жагсаалт /карго манифест/;

  • Ачаа тээвэрлэлтийн бичиг баримт;

  • Аяллын хугацаанд хэрэглэх зорчигчийн хүнс, хэрэгслийн жагсаалт;

  • Худалдааны бичиг баримт;

Төмөр замаар:

  • Дамжуулах хуудас;

  • Вагон хуудас;

  • Тээврийн бичиг баримт;

  • Худалдааны бичиг баримт;

Гадаад худалдааны бараа нийлүүлэх суурь нөхцөл: /INCOTERMS/

Гадаад худалдаанд худалдах, худалдан авах гэрээ байгуулахад талуудын сонгосон ИНКОТЕРМС-н бараа нийлүүлэх суурь нөхцлөөс хамаарч зардал, эрсдлийг хариуцах тал тогтоогдох бөгөөд энэ нь барааны үнэ бүрдэлтэнд шууд нөлөөлнө. Иймээс гэрээ байгуулах, хэрэгжүүлэх явцад гарч болох үл ойлголцол, цаг хугацаа, хөрөнгө мөнгөний алдагдлаас сэргийлэхийн тулд олон улсын худалдааны үйл ажиллагаанд өргөн хэрэглэгддэг, нийтээр хүлээн зөвшөөрч ИНКОТЕРМС-ийн худалдааны нэр томъёог зөв ойлгож хэрэглэх шаардлагатай юм. ИНКОТЕРМС-ийн худалдааны нэр томъёог зөв ойлгож хэрэглэх шаардлагатай юм. ИНКОТЕРМС-ийг олон улсын худалдааны нэр томъёо гэж ойлгоно. 

Асуулт 1. Гаалийн үнэ гэж юу вэ?

Гаалийн үнэ гэж гаалийн татвар ногдуулах, гаалийн статистик мэдээ гаргах зорилгоор Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн дагуу тодорхойлсон үнийг хэлнэ.

Асуулт 2. Импортлогч импортын барааны үнийг гаальд мэдүүлэх шаардлагатай юу? Мэдүүлэх тохиолдолд ямар нотлох бичиг баримтуудыг гаалийн мэдүүлэгт хавсаргах вэ?

Тиймээ. Заримт улс орнууд гаалийн болон бусад татвараас чөлөөлөгдөх болон чөлөөлөгдөхгүй импортын бүх барааны мэдүүлгийг статистик мэдээ гаргахад ашигладаг бол зарим улс орнуудын хувьд тарифын хязгаар, импортын лиценз, валютын хяналтын зорилгоор барааны мэдүүлгүүдийг ашигладаг байна.

 

Асуулт 3. Импортлогч гаалийн болон бусад татвараас чөлөөлөгдөх барааны үнийг гаалийн байгууллагад мэдүүлэх шаардлагатай юу?

Мэдүүлэгч гаалийн бүрдүүлэлтийн тухайн горимд шаардагдах бичиг баримтыг үндэслэн импортын барааны гаалийн үнийг тодорхойлж, гаалий. Байгууллагад мэдүүлнэ. Мэдүүлсэн тохиолдолд мэдүүлэгч гаалийн үнэ тодорхойлоход ашигласан бичиг баримтыг мэдүүлэгт хавсаргана. Энэхүү бичиг баримт нь бодит мэдээлэлд тулгуурласан, тоон үзүүлэлтээр илэрхийлэгдсэн байх ёстой. Гаалийн байгууллага харилцан хамааралтай талуудын хооронд хийгдсэн худалдаатай холбоотой эсвэл мэдүүлгийн үнэн бодит байдалд эргэлзэх тохиолдолд нэмэлт бичиг баримт, мэдүүлгийг мэдүүлэгчээс шаардана.

Асуулт 4. Нэг төрлийн бараа гэдэгт ямар барааг ойлгох вэ?

Үнэлгээний хэлэлцээрт заасны дагуу нэг төрлийн бараа гэдэгт дараах барааг ойлгоно. Үүнд:

-Барааны чанар, нэр хүнд, физик шинж зэрэг бүх үзүүлэлтээрээ адилхан,

-Үнэлэгдэж буй бараатай ижил оронд үйлдвэрлэгдсэн,

-Үнэлэгдэж буй барааны үйлдвэрлэгчтэй ижил үйлдвэрлэгчийн бараа зэрэг болно.

Нэг төрлийн барааны хэлцлийн үнэд нөлөөлөхгүй барааны гаднах байдлын ялимгүй жижиг ялгаануудаас хамаарч уг барааг нэг төрлийн бараа гэж үзэхгүй байх шалтгаан болохгүй. Ижил үйлдвэрлэгчтэй нэг төрлийн барааны хэлцлийн үнэ байхгүй тохиолдолд өөр үйлдвэрлэгчийн нэг төрлийн барааны хэлцлийн үнийг сонгож болно.

Асуулт 5. Ижил төрлийн бараа гэдэгт ямар барааг ойлгох вэ?

Үнэлгээний хэлэлцээрийн дагуу ижил төрлийн бараа гэдэгт дараах бүхий барааг ойлгоно. Үүнд:

  1. Үнэлэгдэж буй бараатай орц найрлага, хийгдсэн материалын төрлөөрөө ижил

  2. Үнэлэгдэж буй бараатай ижил үүргийг гүйцэтгэх чадвартай, арилжааны хувьд харилцан бие биенээ орлож чадах,

  3. Үнэлэгдэж буй бараатай ижил оронд үйлдвэрлэгдсэн,

  4. Үнэлэгдэж буй бараатай адилхан үйлдвэрлэгчтэй бараа зэрэг болно.

Үнэлэгдэж буй бараатай адилхан үйлдвэрлэгчтэй ижил төрлийн бараа байхгүй тохиолдолд өөр үйлдвэрлэгчийн ижил төрлийн барааны хэлцлийн үнийг үндэслэнэ.

Асуулт 6. Гомдол гаргасан импортлогч болон мэдүүлэгч ногдуулсан гаалийн татварыг бүрэн төлөх шаардлагатай юу?

Гаалийн байгууллагаас гаалийн үнийг тодорхойлсон шийдвэрт гомдол гаргаж байгаа учраас тухайн импортлогч нь шууд хариуцлага тооцох субьект болохгүй. Гаалийн байгууллага гомдол гаргахаас өмнө ногдуулсан гаалийн татварыг бүрэн төлж барагдуулах шаардлага тавихгүй. Зарим улс оронд гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл татвар төлөх баталгаа гаргуулах, эсхүл барьцаа хөрөнгө авах замаар үнийн маргаантай байгаа хэсэгт ялгавартай татвар ногдуулах эрх зүйн зохицуулалтыг хийж өгсөн байдаг. Манай улсын хувьд ийм зохицуулалт байхгүй.

Асуулт 7. Үнэлгээний хэлэлцээр нь гаалийн байгууллагын эрхийг ямар нэг хэмжээгээр хязгаарладаг уу?

Хэлэлцээрийн 17 дугаар зүйлд гаалийн үнэлгээний зорилгоор бүрдүүлсэн мэдүүлэг, бичиг баримт болон өргөдлийн үнэн зөв, бодит байдлыг нягтлан шалгах гаалийн байгууллагын эрх хэмжээг хязгаарлах буюу эргэлзээ болох зүйл энэ хэлэлцээрт тусгагдаагүй. Түүнчлэн хэлэлцээрийн 3 дугаар хавсралтын 6 дахь хэсэгт гаалийн байгууллагын эрх хэмжээний талаар тусгасан байдаг. Гаалийн үнийг тогтоохтой холбоотой гаальд мэдүүлсэн буюу гаргаж өгсөн үнийн бүрдэл хэсгүүдийн үнэн зөвийг шалгах үүднээс тайлбар лавлагаа авч болно.

Асуулт 8. Гаалийн байгууллагаас тодорхойлсон үнийг мэдүүлэгч хүлээн зөвшөөрөхгүй байж болох уу?

Гаалийн үнэлгээний хэлэлцээрийн 11 дүгээр зүйлд зааснаар гаалийн үнэлгээг тодорхойлсон гаалийн ажилтны шийдвэрт гомдол гаргах харилцааг тус хэлэлцээрийн гишүүн орнууд өөрийн хууль тогтоомжоороо зохицуулах ёстой. Иймд Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 8.6 дахь хэсэгт заасны дагуу мэдүүлэгч гаалийн байгууллагаас тодорхойлсон гаалийн үнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол гаалийн байгууллагаас уг үнийг тодорхойлсноос хойш 45 хоногийн дотор нэмэлт нотлох баримт гарган өөрийн мэдүүлсэн үнийг үнэн зөв гэдгийг нотолсон тохиолдолд гаалийн байгууллага нь мэдүүлэгчийн тодорхойлсон үнийг үндэслэн гаалийн үнийг шинээр тогтоож болно. Мөн мэдүүлэгч гаалийн байгууллагаас тогтоосон үнэтэй холбогдох гомдлыг Гаалийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн дагуу гаргах эрхтэй.

Асуулт 9. Барааг импортлоход ямар хэмжээний татвар төлөхийг хэрхэн тодорхойлдог юм бэ?

Монгол Улсын хууль тогтоомжоор импортын барааны хувьд барааны ангилал, нэр төрлөөс хамааран гаалийн албан татвар, онцгой албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, автобензин дизелийн түлшний албан татварыг ногдуулан хурааж авдаг. Импортын бараанд ногдуулах гаалийн албан татварын хувь хэмжээг Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/-ийн ангиллын дагуу УИХ-аас 1999 оны 27 дугаар тогтоолоор тогтоосон байдаг. Онцгой албан татварын тухай хуулиар суудлын автомашин, согтууруулах ундаа, тамхи, автобензин дизелийн түлшинд биет нэгжийг үндэслэн онцгой албан татвар, харин Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар импортын бүх төрлийн бараанд ногдуулах нэмэгдсэн өртгийн албан татварыг тооцох үнэлгээ болон 10%-иар татвар ногдуулахаар тус тус заасан.

Асуулт 10. Барааны ангиллын кодыг ямар байгууллага тодорхойлох вэ?

Гаалийн мэдүүлэгч тухайн импортлох гэж буй барааны ангиллын кодыг тодорхойлон гаалийн байгууллагад мэдүүлнэ. Гэхдээ магадлан шинжилгээнд хамруулах шаардлагатай барааны хувьд Гаалийн төв лабораторид шинжилгээ хийсний үндсэн дээр тухайн барааны ангиллыг тодорхойлно.

 

 


http://e-khutuch.mn/guide/print/22/393/all