ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Гаалийн байгууллагын үйлчилгээ Гаалийн бүрдүүлэлтийг хийх

Гаалийн бүрдүүлэлт гэж гаалийн хилээр нэвтрүүлэх барааг гаалийн байгууллагад мэдүүлсэн үеэс гаалийн бичиг баримтыг, шаардлагатай тохиолдолд барааг шалгах, ногдуулсан татварыг төлсний дараа барааг олгох, эсхүл гаалийн хилээр гаргахыг зөвшөөрөх хүртэлх цогц үйл ажиллагаа юм.

Асуулт 1. Гаалийн үнэ гэж юу вэ?

Гаалийн үнэ гэж гаалийн татвар ногдуулах, гаалийн статистик мэдээ гаргах зорилгоор Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн дагуу тодорхойлсон үнийг хэлнэ.

Асуулт 2. Импортлогч импортын барааны үнийг гаальд мэдүүлэх шаардлагатай юу? Мэдүүлэх тохиолдолд ямар нотлох бичиг баримтуудыг гаалийн мэдүүлэгт хавсаргах вэ?

Тиймээ. Заримт улс орнууд гаалийн болон бусад татвараас чөлөөлөгдөх болон чөлөөлөгдөхгүй импортын бүх барааны мэдүүлгийг статистик мэдээ гаргахад ашигладаг бол зарим улс орнуудын хувьд тарифын хязгаар, импортын лиценз, валютын хяналтын зорилгоор барааны мэдүүлгүүдийг ашигладаг байна.

 

Асуулт 3. Импортлогч гаалийн болон бусад татвараас чөлөөлөгдөх барааны үнийг гаалийн байгууллагад мэдүүлэх шаардлагатай юу?

Мэдүүлэгч гаалийн бүрдүүлэлтийн тухайн горимд шаардагдах бичиг баримтыг үндэслэн импортын барааны гаалийн үнийг тодорхойлж, гаалий. Байгууллагад мэдүүлнэ. Мэдүүлсэн тохиолдолд мэдүүлэгч гаалийн үнэ тодорхойлоход ашигласан бичиг баримтыг мэдүүлэгт хавсаргана. Энэхүү бичиг баримт нь бодит мэдээлэлд тулгуурласан, тоон үзүүлэлтээр илэрхийлэгдсэн байх ёстой. Гаалийн байгууллага харилцан хамааралтай талуудын хооронд хийгдсэн худалдаатай холбоотой эсвэл мэдүүлгийн үнэн бодит байдалд эргэлзэх тохиолдолд нэмэлт бичиг баримт, мэдүүлгийг мэдүүлэгчээс шаардана.

Асуулт 4. Нэг төрлийн бараа гэдэгт ямар барааг ойлгох вэ?

Үнэлгээний хэлэлцээрт заасны дагуу нэг төрлийн бараа гэдэгт дараах барааг ойлгоно. Үүнд:

-Барааны чанар, нэр хүнд, физик шинж зэрэг бүх үзүүлэлтээрээ адилхан,

-Үнэлэгдэж буй бараатай ижил оронд үйлдвэрлэгдсэн,

-Үнэлэгдэж буй барааны үйлдвэрлэгчтэй ижил үйлдвэрлэгчийн бараа зэрэг болно.

Нэг төрлийн барааны хэлцлийн үнэд нөлөөлөхгүй барааны гаднах байдлын ялимгүй жижиг ялгаануудаас хамаарч уг барааг нэг төрлийн бараа гэж үзэхгүй байх шалтгаан болохгүй. Ижил үйлдвэрлэгчтэй нэг төрлийн барааны хэлцлийн үнэ байхгүй тохиолдолд өөр үйлдвэрлэгчийн нэг төрлийн барааны хэлцлийн үнийг сонгож болно.

Асуулт 5. Ижил төрлийн бараа гэдэгт ямар барааг ойлгох вэ?

Үнэлгээний хэлэлцээрийн дагуу ижил төрлийн бараа гэдэгт дараах бүхий барааг ойлгоно. Үүнд:

  1. Үнэлэгдэж буй бараатай орц найрлага, хийгдсэн материалын төрлөөрөө ижил

  2. Үнэлэгдэж буй бараатай ижил үүргийг гүйцэтгэх чадвартай, арилжааны хувьд харилцан бие биенээ орлож чадах,

  3. Үнэлэгдэж буй бараатай ижил оронд үйлдвэрлэгдсэн,

  4. Үнэлэгдэж буй бараатай адилхан үйлдвэрлэгчтэй бараа зэрэг болно.

Үнэлэгдэж буй бараатай адилхан үйлдвэрлэгчтэй ижил төрлийн бараа байхгүй тохиолдолд өөр үйлдвэрлэгчийн ижил төрлийн барааны хэлцлийн үнийг үндэслэнэ.

Асуулт 6. Гомдол гаргасан импортлогч болон мэдүүлэгч ногдуулсан гаалийн татварыг бүрэн төлөх шаардлагатай юу?

Гаалийн байгууллагаас гаалийн үнийг тодорхойлсон шийдвэрт гомдол гаргаж байгаа учраас тухайн импортлогч нь шууд хариуцлага тооцох субьект болохгүй. Гаалийн байгууллага гомдол гаргахаас өмнө ногдуулсан гаалийн татварыг бүрэн төлж барагдуулах шаардлага тавихгүй. Зарим улс оронд гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл татвар төлөх баталгаа гаргуулах, эсхүл барьцаа хөрөнгө авах замаар үнийн маргаантай байгаа хэсэгт ялгавартай татвар ногдуулах эрх зүйн зохицуулалтыг хийж өгсөн байдаг. Манай улсын хувьд ийм зохицуулалт байхгүй.

Асуулт 7. Үнэлгээний хэлэлцээр нь гаалийн байгууллагын эрхийг ямар нэг хэмжээгээр хязгаарладаг уу?

Хэлэлцээрийн 17 дугаар зүйлд гаалийн үнэлгээний зорилгоор бүрдүүлсэн мэдүүлэг, бичиг баримт болон өргөдлийн үнэн зөв, бодит байдлыг нягтлан шалгах гаалийн байгууллагын эрх хэмжээг хязгаарлах буюу эргэлзээ болох зүйл энэ хэлэлцээрт тусгагдаагүй. Түүнчлэн хэлэлцээрийн 3 дугаар хавсралтын 6 дахь хэсэгт гаалийн байгууллагын эрх хэмжээний талаар тусгасан байдаг. Гаалийн үнийг тогтоохтой холбоотой гаальд мэдүүлсэн буюу гаргаж өгсөн үнийн бүрдэл хэсгүүдийн үнэн зөвийг шалгах үүднээс тайлбар лавлагаа авч болно.

Асуулт 8. Гаалийн байгууллагаас тодорхойлсон үнийг мэдүүлэгч хүлээн зөвшөөрөхгүй байж болох уу?

Гаалийн үнэлгээний хэлэлцээрийн 11 дүгээр зүйлд зааснаар гаалийн үнэлгээг тодорхойлсон гаалийн ажилтны шийдвэрт гомдол гаргах харилцааг тус хэлэлцээрийн гишүүн орнууд өөрийн хууль тогтоомжоороо зохицуулах ёстой. Иймд Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 8.6 дахь хэсэгт заасны дагуу мэдүүлэгч гаалийн байгууллагаас тодорхойлсон гаалийн үнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол гаалийн байгууллагаас уг үнийг тодорхойлсноос хойш 45 хоногийн дотор нэмэлт нотлох баримт гарган өөрийн мэдүүлсэн үнийг үнэн зөв гэдгийг нотолсон тохиолдолд гаалийн байгууллага нь мэдүүлэгчийн тодорхойлсон үнийг үндэслэн гаалийн үнийг шинээр тогтоож болно. Мөн мэдүүлэгч гаалийн байгууллагаас тогтоосон үнэтэй холбогдох гомдлыг Гаалийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн дагуу гаргах эрхтэй.

Асуулт 9. Барааг импортлоход ямар хэмжээний татвар төлөхийг хэрхэн тодорхойлдог юм бэ?

Монгол Улсын хууль тогтоомжоор импортын барааны хувьд барааны ангилал, нэр төрлөөс хамааран гаалийн албан татвар, онцгой албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, автобензин дизелийн түлшний албан татварыг ногдуулан хурааж авдаг. Импортын бараанд ногдуулах гаалийн албан татварын хувь хэмжээг Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/-ийн ангиллын дагуу УИХ-аас 1999 оны 27 дугаар тогтоолоор тогтоосон байдаг. Онцгой албан татварын тухай хуулиар суудлын автомашин, согтууруулах ундаа, тамхи, автобензин дизелийн түлшинд биет нэгжийг үндэслэн онцгой албан татвар, харин Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар импортын бүх төрлийн бараанд ногдуулах нэмэгдсэн өртгийн албан татварыг тооцох үнэлгээ болон 10%-иар татвар ногдуулахаар тус тус заасан.

Асуулт 10. Барааны ангиллын кодыг ямар байгууллага тодорхойлох вэ?

Гаалийн мэдүүлэгч тухайн импортлох гэж буй барааны ангиллын кодыг тодорхойлон гаалийн байгууллагад мэдүүлнэ. Гэхдээ магадлан шинжилгээнд хамруулах шаардлагатай барааны хувьд Гаалийн төв лабораторид шинжилгээ хийсний үндсэн дээр тухайн барааны ангиллыг тодорхойлно.

 

 


http://e-khutuch.mn/guide/print/22/393/faq