ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Гаалийн байгууллагын үйлчилгээ Бараа тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх

Асуулт 1. Ачаа, суудлын хосолмол зориулалттай нэг бүхээгтэй тээврийн хэрэгсэл дээр ангиллын маргаан их гардаг. Үүнийг ямар зарчмаар шийдвэрлэдэг вэ?

  1. Дэлхийн гаалийн байгууллага цаашид /ДГБ/-аас боловсруулан гаргасан шалгуур үзүүлэлт
  2. Улсын дээд шүүхийн 2007 оны тайлбарт заасны дагуу суудлын авто машин гэдэгт юуг ойлгох талаар нэг мөр тайлбарласан байдаг.

Энэ дашрамд хэлэхэд ам дамжсан ташаа мэдээллээр иргэд суудлын автомашины ангилалд хамаарах тээврийн хэрэгслийг оруулж ирж байна. Иймд үнэн зөв мэдээллийг гаалийн байгууллагаас авах нь зүйтэй.

Асуулт 2. Барааг импортлоход ямар хэмжээний татвар төлөхийг хэрхэн тодорхойлдог юм бэ?

Монгол Улсын хууль тогтоомжоор импортын барааны хувьд барааны ангилал, нэр төрлөөс хамааран гаалийн албан татвар, онцгой албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, автобензин дизелийн түлшний албан татварыг ногдуулан хурааж авдаг. Импортын бараанд ногдуулах гаалийн албан татварын хувь хэмжээг Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/-ийн ангиллын дагуу УИХ-аас 1999 оны 27 дугаар тогтоолоор тогтоосон байдаг. Онцгой албан татварын тухай хуулиар суудлын автомашин, согтууруулах ундаа, тамхи, автобензин дизелийн түлшинд биет нэгжийг үндэслэн онцгой албан татвар, харин Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар импортын бүх төрлийн бараанд ногдуулах нэмэгдсэн өртгийн албан татварыг тооцох үнэлгээ болон 10%-иар татвар ногдуулахаар тус тус заасан.

Асуулт 3. Татвараас чөлөөлөх барааны кодтой жагсаалт ч бас байдаг?  Жишээлбэл Жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмж.  Энэ ч бас гол зориулалт биш гэж үү?

Барааны ангиллын энэ систем нь олон улсын худалдааны хэлэлцээр /жишээ нь: Чөлөөт худалдааны хэлэлцээр, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр /байгуулах хэлэлцээ, тээврийн тариф, дотоодын татвар, тарифын бус хязгаарлалт гэх мэт олон зориулалтаар улс орнуудад хэрэглэгддэг. Үүний нэг жишээ бол ЗГ-ын 2014 оны 191 дүгээр тогтоолоор батлагдсан Жижиг дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмжийн жагсаалт. Гэхдээ энд нэг зүйлийг тодруулан хэлэх хэрэгтэй.  Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем цаашид /БТКУС/ нь барааны ангиллын кодчилсон систем болохоос аливаа улс орны үндэсний хууль тогтоомжоор батлагдсан татвартай холбоотой асуудлыг зохицуулдаггүй. Жижиг дунд үйлдвэрлэл цаашид /ЖДҮ/-ийн тоног төхөөрөмжийн жагсаалтыг тухайн салбарын яам болон Жижиг дунд үйлдвэрийн газраас гаргаж, хуульд заасны дагуу Гаалийн ерөнхий газар цаашид /ГЕГ/ БТКУС-ийн дагуу кодлох үүргийг гүйцэтгэж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдэн шийдвэрлэгддэг.

Асуулт 4. Энэ системийг мэдэхгүй хүн ангиллыг яаж тодорхойлох вэ?

Гаалийн зуучлагч байгууллага, гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэнд хандан тодорхойлуулж болно. Монголын Үндэсний  худалдаа аж үйлдвэрийн танхимаас зохион байгуулагддаг сургалтанд хамрагдан суралцаж,  өөрсдөө тодорхойлж болно. Мөн, Гаалийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу гаалийн байгууллага гаалийн хууль тогтоомжтой холбогдсон асуудлаар иргэн, хуулийн этгээдэд зөвлөгөө өгч болно. Гаалийн ерөнхий газар болон харьяа гаалийн газар, хороодод барааны ангиллын асуудал хариуцсан гаалийн улсын байцаагч бүхий нэгжүүдээс зөвлөгөө, мэдээлэл авч болно.

Асуулт 5. Барааны ангиллын хувьд санал нийлэхгүй, гомдолтой асуудал гарвал яах вэ?

Барааны ангилалтай уялдан татварын асуудал хөндөгддөг учраас барааны ангиллын кодыг тодорхойлох, хянах үйл ажиллагаа бол нэг ёсны шийдвэр юм. Иргэн хуулийн этгээд нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гаалийн байгууллага, албан тушаалтны амаар болон бичгээр гаргасан шийдвэрийн шалтгаан, үндэслэлийн талаар мэдээлэл авах эрхтэй. Гаалийн байгууллага, албан тушаалтан хүссэн мэдээллийг нэн даруй, хэрэв ийнхүү өгөх боломжгүй бол ажлын 3 өдөрт багтаан иргэн, хуулийн этгээдэд бичгээр өгөх үүрэгтэй гэж хуульд заасан.

Мөн, гаалийн байгууллага, албан тушаалтны шийдвэрийн талаар гомдол гаргах журмыг Гаалийн тухай хуулийн 17 дугаар зүйлд Тодруулбал, гаалийн улсын байцаагчийн шийдвэрт гаргах гомдлыг тухайн гаалийн байгууллагын дарга, эрхлэгчид, гаалийн байгууллагын дарга, эрхлэгчийн шийдвэрт гаргах гомдлыг холбогдох дээд шатны байгууллага,  албан тушаалтанд буюу ГЕГ-т, гомдлыг хянан шийдвэрлэсэн ГЕГ, албан тушаалтны шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд хандах гэж тодорхой заасан.

Асуулт 6. Барааны ангилалтай холбоотой асуудлаар бизнес эрхлэгчид юун дээр анхаарвал зохих вэ?

Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн практикаас харахад бизнес эрхлэгчид хууль тогтоомжоор хүлээсэн үүрэг хариуцлагаасаа илүүтэйд аль болох бага татвар төлөх, эсхүл татвар төлөхгүй байх арга замыг эрж хайн, барааны ангиллыг буруу мэдүүлж, зөрчил, гэмт хэрэгт холбогдох тохиолдлууд гарах нь цөөнгүй байдаг. Иймд, улсын хилээр нэвтрүүлж буй бараатай холбоотой үнэн зөв мэдээлэл, бичиг баримтыг гаалийн байгууллагад гарган өгч зөв мэдүүлэх нь бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа, хууль сахилтын түвшингийн үнэлэмжид онцгой нөлөөтэй гэдгийг тэмдэглэн хэлье.

Асуулт 7. Барааны ангиллын кодыг ямар байгууллага тодорхойлох вэ?

Гаалийн мэдүүлэгч тухайн импортлох гэж буй барааны ангиллын кодыг тодорхойлон гаалийн байгууллагад мэдүүлнэ. Гэхдээ магадлан шинжилгээнд хамруулах шаардлагатай барааны хувьд Гаалийн төв лабораторид шинжилгээ хийсний үндсэн дээр тухайн барааны ангиллыг тодорхойлно.

Асуулт 8. Барааг дагалдаж ирсэн бичиг баримт дээр БТКУС-ийн кодын 7,8 дахь орон нь Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх барааны кодтой зөрүүтэй байх тохиолдолд татвараас чөлөөлөгдөх үү?

Манай улс 7,8 дахь оронгийн түвшинд задаргаа хийгээгүй тохиолдолд татвараас чөлөөлөгдөнө.

Олон улсын хэмжээнд эхний 6 оронгийн түвшин ижил байдаг бөгөөд сүүлийн 7,8,9,10...оронгууд нь тухайн улс орны үндэсний хууль тогтоомжийн дагуу хийсэн задаргаа байдаг.

Асуулт 9. Тухайн барааг дагалдаж ирсэн бичиг баримт дээрх БТКУС-ийн код нь бараатайгаа илт зөрүүтэй байх тохиолдолд яах вэ?

Ийм тохиолдолд та тухайн барааг мэдүүлэх гэж буй гаалийн газрын Барааны ангилал хариуцсан ГУД-д хандаж барааны ангиллын зөв кодыг тодорхойлуулах эрхтэй. ОУ хэмжээнд нийт бараа эргэлтийн 98% нь энэхүү системийн дагуу бараа тус бүр өөрийн гэсэн ангилалд хамрагдаж байгаа.  Амьд мал, амьтнаас авахуулаад  эцсийн бүтээгдэхүүн хүртэл оноосон кодтой болно.

 Асуулт 10. БТКУС-тай холбоотой тушаал, шийдвэрүүд нийтэд ил тод байдаг уу? Тушаал журамд нэмэлт өөрчлөлтийг хэрхэн оруулдаг.

БТКУС-тай холбоотой тушаал гаалийн байгууллагын веб сайт болон хуулийн нэгдсэн цахим сан www.legalinfo.mn дээр тавигдсан байгаа. Ер нь 4 жил тутам ДГБ-аас БТКУС-д нэмэлт, өөрчлөлт оруулдаг. Дараагийн нэмэлт, өөрчлөлт нь 2017 онд нэмэлт, өөрчлөлт орно. Манай Улсын хувьд үндэсний хууль тогтоомжоос хамаараад тухай бүр нь үндэсний кодын нэмэлт, өөрчлөлтийг оруулдаг. Барааны ангилалтай холбоотой шийдвэрийн хувьд энэ жилээс эхлээд ангилахад хүндрэлтэй, шинэ дэвшилтэд техник, технологийн 100 гаруй нэр төрлийн барааны каталог болон Монгол улсад бүртгэлтэй 2700 гаруй нэр төрлийн эм, эмийн бэлдмэл, стратегийн хүнсний кодолсон жагсаалтыг эмхтгэн гаалийн вэб сайтад байршуулаад байна.


http://e-khutuch.mn/guide/print/22/394/faq