ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Гаалийн байгууллагын үйлчилгээ Бараа тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх

Хуулийн зохицуулалт

“Гаалийн хилээр нэвтрүүлэх” гэж бараа, тээврийн хэрэгслийг гаалийн нутаг дэвсгэрт оруулах, дамжуулан өнгөрүүлэх, гаргахыг хэлнэ.

Монгол Улсын хилийг гаалийн хил гэж үзнэ.

Гаалийн тухай хуулийн зургадугаар бүлгийн хоёрдугаар дэд бүлэг, тавдугаар дэд бүлэгт бараа, тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулсан байдаг. Үүнд:

Бараа, тээврийн хэрэгслийг гаалийн нутаг дэвсгэрт Монгол улсын хоёр талын олон улсын гэрээний дагуу тогтоосон хилийн боомтоор оруулна.

Гаалийн нутаг дэвсгэрт зарим нэр төрлийн бараа оруулах хилийн боомтыг энэ хууль, холбогдох бусад хуульд заасны дагуу, эсхүл Засгийн газрын шийдвэрээр тогтоож болно.

Гаалийн тухай хуулийн 7.2-т заасан зөвшөөрлийг гаалийн удирдах төв байгууллага дор дурдсан тохиолдолд олгоно:

  • Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын үед;
  • Олон улсын гэрээнд заасан;
  • Улсыг батлан хамгаалах зорилгоор гадаад улсаас тусламж авах;
  • Хуульд заасан бусад.

Гаалийн тухай хуулийн 7.3-т заасны дагуу бараа, тээврийн хэрэгслийг хилээр нэвтрүүлэхэд гаалийн удирдах төв байгууллага гаалийн албан тушаалтныг томилон ажиллуулна.

Бараа тээврийн хэрэгслийг гаалийн тухай хуулийн 7.2-т заасны дагуу хилээр нэвтрүүлэх тохиолдолд мэдүүлэгч нь гаалийн удирдах төв байгууллагад хүсэлтээ гаргах бөгөөд түүнд холбогдох байгууллагын зөвшөөрөл, бараа, тээврийн хэрэгслийн жагсаалтыг хавсаргана.

Бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хилээр нэвтрүүлэхийг хориглох, хязгаарлах

Хуульд өөрөө заагаагүй бол Улсын Их Хурал улсын хилээр оруулах, гаргахыг хориглох барааны , Засгийн газар тарифын бус  хязгаарлалттай нэвтрүүлэх барааны жагсаалтыг тухайн барааны ангиллын кодыг Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн дагуу зааж тус тус батална.

Улсын хилээр оруулахыг хориглосон барааг гаалийн нутаг дэвсгэрт оруулахгүй.

Гаалийн тухай хуулийн 8.2-т заасан барааг Монгол Улсын нутаг дэвсгэрт оруулсан бол нэн даруй буцаан гаргах ба ийнхүү гаргах боломжгүй бол гаалийн хяналтын бүс, эсхүл түр агуулахад 3 хүртэл хоног хадгалах бөгөөд энэ хугацаанд иргэн, хуулийн этгээд бараагаа буцаан гаргаагүй бол гаалийн байгууллага бараа устгах горимын дагуу арга хэмжээг авна.

Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосноос бусад тарифын бус хязгаарлалттай барааг хууль тогтоомж, олон улсын гэрээнд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд гаалийн хилээр нэвтрүүлнэ.

Улсын хилээр гаргахыг хориглосон барааг гаалийн нутаг дэвсгэрээс гаргахгүй.

Олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааг гаалийн нутаг дэвсгэрээр дамжуулан өнгөрүүлэхгүй.

Гаалийн удирдах төв байгууллага бараа, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх хилийн боомт, гаалийн байгууллагын байршил, тэдгээрийн ажиллах цагийн хуваарийг болон гаалийн хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгаарласан барааны тухай нийтэд мэдээлнэ.

Гаалийн тухай хуулийн 8.3-т заасан үйл ажиллагаатай холбогдон гарах зардлыг тухайн иргэн, хуулийн этгээд хариуцна.

Гаалийн хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааг хууль бусаар нэвтрүүлсэн, эсхүл нэвтрүүлэхийг завдсан үйлдэл нь гаалийн тухай хуулийн 8.3-т хамаарахгүй.

Таны судалсан байвал зохих хууль бусад эрх зүйн акт

  • Гаалийн тухай хууль (2008 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам  ЭНД дарж үзнэ үү.
  • Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам ЭНД дарж үзнэ үү.
  • Барааг гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам ЭНД дарж үзнэ үү.
  • Барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам  ЭНД дарж үзнэ үү.
  • Барааг хилийн чанадад буцаан гаргах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам ЭНД дарж үзнэ үү.
  • Барааг хүлээн авахаас татгалзах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам ЭНД дарж үзнэ үү.
  • Гаалийн бүрдүүлэлтийн горимыг хялбарчлах уялдуулах тухай Олон Улсын Конвенци ЭНД дарж үзнэ үү.
  • Бараа, тээврийн хэрэгслийг түр хугацаагаар оруулах тухай Конвенци ЭНД дарж үзнэ үү.

Дээр дурьдсан хууль тогтоомжийн дагуу Гаалийн байгууллага дараах бичиг баримт болон мэдээллийг тээврийн хэрэгслийг жолоодон улсын хилээр орж ирсэн зорчигчоос шаардана. Үүнд:

  • Тээврийн хэрэгслийн гэрчилгээ;
  • Тээврийн хэрэгсэл эзэмшигч этгээдийн пасспорт/ Эзэмшигч нь өөр байх бол тухайн тээврийн хэрэгслийг ашиглахыг зөвшөөрсөн Нотариатчаар гэрчлүүлсэн Итгэмжлэл/;
  • CPD карнейтэй тохиолдолд түүний эх хувь;
  • Аялал жуулчлалын үйл ажиллагааг Монгол Улсад хариуцан зохион байгуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын нэр, хаяг, холбоо барих ажилтны утас /Монгол Улсад оршин сууж буй хувь хүний урилгаар ирж буй тохиолдолд уригч этгээдийн мэдээлэл/.

Жич: Мэдээлэл, бичиг баримтын бүрдэл нь тухайн тээврийн хэрэгслийг гаалийн болон бусад татвар хураамжгүйгээр, түр хугацаагаар оруулах нөхцлийг хангаагүй тохиолдолд Гаалийн байгууллага гаалийн бүрдүүлэлтийн горимын “500” кодоор бүрдүүлэлт хийлгэж, татварын барьцаа байршуулахыг шаардах эрхтэй.

Гаалийн байгууллага тээврийн хэрэгслийг түр хугацаагаар орохыг зөвшөөрсөн тохиолдолд тухайн зорчигч /тээврийн хэрэгслийг эзэмшигч этгээд/-д дараах бичиг баримтыг гаалийн холбогдох программаас хэвлэн гаргаж, гаалийн хяналтын тамга тэмдгээр баталгаажуулан өгөх үүрэгтэй.

Зорчигч нь түр хугацаагаар оруулсан тээврийн хэрэгслээ буцаан гаргахгүй болсон тохиолдолд дор дурдсан арга хэмжээг авна. Үүнд:

  • Зам тээврийн осол аваар гаргасан тохиолдолд Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль дүрэмд заасны дагуу зохих цагдаагийн байгууллагад мэдэгдэж, анхан шатны тусламж үйлчилгээг авах эрхтэй;
  • Эвдэрч гэмтсэний улмаас түүнийг замын хөдөлгөөнд дахин оролцуулан жолоодох боломжгүй тохиолдолд өөр бусад тээврийн хэрэгслээр тээвэрлүүлэн Гаалийн хууль тогтоомжид заасны дагуу хамгийн ойр байгаа гаалийн байгууллагад хүргэж, гаалийн бүрдүүлэлтийг хийлгэн буцаан гаргах арга хэмжээг авна. Энэ тохиолдолд Олон улсын тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхлэгч компаниудад хандаж тээврийн болон гаалийн зуучлалын үйлчилгээ авах эрхтэй;
  • Бусад тээврийн хэрэгсэл /чингэлэг болон агаарын карго ачаа, улс хооронд тээвэр хийх тусгай зориулалт бүхий автомашинд ачиж илгээх/-ээр илгээж, буцаан гаргах шаардлага үүссэн тохиолдолд мөн адил Олон улсын тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхлэгч компаниудад хандаж тээврийн болон гаалийн зуучлалын үйлчилгээ авах эрхтэй;
  • Өөрөө жолоодон хилээр буцаж гарахгүй тохиолдолд тээврийн хэрэгсэл шилжүүлсэн итгэмжлэлийг Монгол Улсын иргэний хуулийн дагуу хийж Нотариатчаар гэрчлүүлсэн байх шаардлагатай;
  • Монгол улсад оршин суугаа бусад этгээдэд бэлэглэх, худалдах тохиолдолд Монгол Улсын иргэний хуулийн дагуу зохих гэрээ хэлцлийг хийж Нотариатчаар гэрчлүүлсэний үндсэн дээр хамгийн ойр байрлаж буй Гаалийн байгууллагад очиж гаалийн болон бусад татвар хураамжийг төлөн гаалийн бүрдүүлэлтийг хийлгэнэ;
  • Монгол Улсын нутаг дэвсгэрт түр хугацаагаар үлдээх тохиолдолд хамгийн ойр байрлаж буй Гаалийн байгууллагад очиж бүрдүүлэлт хийлгэх хүсэлтээ гаргаж, гаалийн болон бусад татварын барьцааг байршуулж бүрдүүлэлт хийлгэн, нэг хүртэлх жилээр үлдээх эрхтэй. Энэ тохиолдолд тухайн тээврийн хэрэгслээ хадгалуулан хариуцуулж буй этгээдийн талаарх мэдээллийг Гаалийн байгууллагад гаргаж өгнө;
  • Гаалийн болон бусад татварын барьцааг байршуулах боломжгүй тохиолдолд Улаанбаатар хот дахь гаалийн газарт хандаж гаалийн баталгаат агуулахад оруулах горимоор гаалийн бүрдүүлэлт хийх хүсэлтээ гаргана. Гаалийн баталгаат агуулахад оруулах горимоор бүрдүүлэлт хийлгэсэн тохиолдолд хоёр жил хүртэлх хугацаагаар, гаалийн болон бусад татваргүйгээр зөвхөн агуулахад хадгалуулсан хугацааны төлбөрийг агуулах хугацаа хэтэрсэн тохиолдолд тухайн тээврийн хэрэгсэл нь улсын орлогод шилжих хуулийн үндэслэлтэй болно.

Жич: Тээврийн хэрэгсэлд ногдуулах Гаалийн албан татвар 5%, НӨАТ 10% бөгөөд суудлын автомашинд Онцгой албан татварыг ногдуулдаг. Онцгой албан татварын хувь хэмжээ нь тухайн асуудлын автомашины үйлдвэрлэгдсэн он, хөдөлгүүрийн цилиндрийн багтаамжаас шалтгаалан 725,000.00₮-18,850,000.00₮ байдаг.


http://e-khutuch.mn/guide/print/22/394/law