ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Банк, банк бус санхүүгийн үйл ажиллагаа Банкны тухай, банкны байгуулах, банкны зөвшөөрөл авах тухай

Банк нь “хувьцаа эзэмшигч болон харилцагчдын хадгалуулсан мөнгийг бусдад зээлдүүлэх, эргэлтэд оруулж, төлбөр тооцоо хийх үйл ажиллагаа”-г Монголбанкны зөвшөөрөлтэйгээр эрхлэдэг ашгийн төлөө байгууллага юм.

Хуулийн зохицуулалт

Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар "банк" гэж хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдсэн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээдэг, бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг Монголбанкны зөвшөөрөлтэйгээр эрхэлдэг, ашгийн төлөө хуулийн этгээдийг.

Банкны төрөл - Банкны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар банк нь дараах төрөлтэй байж болно.

  1. Хувь нийлүүлсэн хөрөнгийн өмчлөлөөр:
    1. төрийн – Төв банк, Хөгжлийн банк, Төрийн банк
    2. хувийн – Арилжааны банкууд
    3. холимог –
  2. Хүлээх хариуцлага буюу Үүсгэн байгуулагдсан хэлбэрээр:
    1. Хязгаарлагдсан хариуцлагатай – арилжааны банкууд ер нь ХХК-ийн хэлбэрээр үүсгэн байгуулагдсан байдаг.
    2. Хувьцаат –
  3. Үйл ажиллагаа явуулах хэлбэрээр:
    1. Нийтлэг – Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкууд
    2. Төрөлжсөн –Хөрөнгө оруулалтын банк, Азийн хөгжлийн банк г.м

Банкны тухай хуулийн 18-26 дугаар зүйлд банк үүсгэн байгуулагчид тавигдах шаардлага, банк үүсгэн байгуулах, банкны зөвшөөрөл авахад тавигдах шаардлагын талаар зохицуулсан.

Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан үйл ажиллагаануудыг банк Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгөөр, 6.2-д заасан үйл ажиллагаануудыг Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлнэ.

Мөн хуулийн 26 дугаар зүйлд зааснаар Банк нь оноосон нэрийн араас “банк” гэсэн нэр хэрэглэх ба банкны тусгай зөвшөөрөлгүй байгууллага “банк” гэсэн нэр хэрэглэхийг хориглоно.

Банк өөрийн хөрөнгөтэй байх бөгөөд банкны өөрийн хөрөнгийг санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Монголбанкны хамтран баталсан нягтлан бодох бүртгэлийн журмын дагуу тодорхойлно. Банкны хувь нийлүүлсэн хөрөнгө нь хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдэх бөгөөд түүний доод хэмжээг эдийн засгийн байдал, мөнгөний ханшны өөрчлөлт, банкны төлбөрийн чадвар, банкны систем дэх нөлөө, эрхлэх үйл ажиллагааны онцлогийг харгалзан Монголбанк тогтооно.

Банкны хувьцааг эзэмших – /Банкны тухай хуулийн 36 дугаар зүйл/

Банкны хувьцаа эзэмшигч өөрчлөгдөх, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт орохоор бол Монголбанкинд бичгээр урьдчилан мэдэгдэнэ. Аливаа этгээд нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох, түүний хувьцааны хэмжээ өөрчлөгдөхөөр бол Монголбанкинд бичгээр мэдэгдэж урьдчилан зөвшөөрөл авна.

Аливаа этгээд дангаар болон холбогдох этгээдийн хамт эзэмших банкны хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаасны хэмжээ тухайн банкны нийт гаргасан хувьцааны 20 хувиас хэтрэхгүй байна.

Банкны тухай хуулийн 36.6-р зүйлд Монголбанк банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ, бүтцэд өөрчлөлт орох, банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтэц, хэмжээг өөрчлөх, хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаас нэмж гаргах зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч, энэ хуульд заасан шаардлага, шалгуурыг хангасан баримт бичиг бүрэн гүйцэд бүрдсэнээс хойш 60 хоногийн дотор зөвшөөрөл олгох эсэх тухай шийдвэр гаргаж энэ талаар банкинд мэдэгдэнэ.

Банкны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар Банк нь улирлын санхүүгийн тайланг дараа улирлын эхний сарын дотор, жилийн эцсийн санхүүгийн тайланг дараа жилийн 1 дүгээр улиралд багтаан нийтэд хэвлэлээр мэдээлнэ.

Банкны тухай хууль

Асуудлыг шийдвэрлэх байгууллага

Монголбанк - Монголбанкны тухай хуулийн 17-р зүйлд зааснаар Монголбанк төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхдээ дараахь арга, хэрэгслийг ашиглаж болно:

  1. Банкны заавал байлгах нөөц, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох;
  2. Банкинд зээл олгох, санхүүгийн хэрэгсэл ашиглах;
  3. Хүүгийн нэгдсэн бодлого явуулах;
  4. Нээлттэй зах зээлийн үйл ажиллагаа явуулах;
  5. Банкнаас олгох зээлийн үлдэгдэлд хязгаарлалт хийх.

Монголбанк Засгийн газрын санхүүгийн зуучлагчийн үүрэг гүйцэтгэхдээ дараахь үйл ажиллагааг явуулж болно:

  1. Зохих нөхцөлийг тусгасан гэрээний дагуу төрийн сангийн нэгдсэн дансыг Сангийн сайдын хүсэлтээр өөр дээрээ байршуулж, Засгийн газрын төлбөр, түүнтэй холбогдох төлбөр тооцоог гүйцэтгэх;
  2. Засгийн газраас гаргасан үнэт цаасыг Засгийн газрын хүсэлтээр бусад этгээдэд зуучлан борлуулах ба төрийн мөнгөний бодлогын зорилт, зах зээлийн тухайн үеийн нөхцөл байдалд нийцэж байвал түүнийг худалдан авах, худалдах;
  3. Засгийн газрын болон түүнээс баталгаа гаргасан хуулийн этгээдийн гадаадаас авсан зээлийн төлбөрийн хуваарийг баримтлан төрийн сангийн нэгдсэн дансны үлдэгдлийн хэмжээнд багтаан төлбөр тооцоо гүйцэтгэх;
  4. Хууль тогтоомжид нийцсэн зуучлалын бусад үйл ажиллагаа эрхлэх.
  5. Өрийн удирдлагын тухай хуулийн 11.1-д заасан үйл ажиллагаа.

Санхүүгийн зохицуулах хороо – Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Санхүүгийн зохицуулах хорооны даргын тушаалаар баталсан журмуудад зааснаар Санхүүгийн зохицуулах хороо нь банкинд санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх, даатгалын зуучлагч, итгэлцлийн үйлчилгээ, андеррайторын үйлчилгээ, кастодион, факторингийн үйлчилгээ гэсэн 6 төрлийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг олгох, тэдгээрийг сунгах, хүчингүй болгох эрх, үүргийг хэрэгжүүлнэ.

Банк – Банкны үйл ажиллагаатай холбоотой шийдвэрүүдийг Банкны хувьцаа эзэмшигчдийн хурал, Төлөөлөн удирдах зөвлөл, Гүйцэтгэх удирдлагаас гаргана.

Монгол банкны тухай хууль

Асуудлыг шийдвэрлэх дараалал

Банкны тухай хуулийн 18-26 дугаар зүйлд банк үүсгэн байгуулах, банкны зөвшөөрөл авахад тавигдах шаардлагын талаар зохицуулсан.

  1. Банкны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан шаардлагыг хангасан хүн, хуулийн этгээд банк үүсгэн байгуулна. Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой хуулийн этгээд, төрийн бус байгууллага банк байгуулахыг ХОРИГЛОНО.
  2. Банкны тухай хуулийн 20.1 дүгээр зүйлд Банк үүсгэн байгуулагч болон банкны хувьцаа эзэмшигч нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16.1 дэх хэсэг, 20 дугаар зүйлд заасан баримт бичгээс гадна дараахь баримт бичгийг бүрдүүлнэ: 
  • Банк байгуулах тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөл;
  • Банк үүсгэн байгуулах гэрээ /нэг үүсгэн байгуулагчтай бол хамаарахгүй/;

  • Үүсгэн байгуулах банкны дүрэм;

  • Банк байгуулах эдийн засгийн үндэслэл

  • Үүсгэн байгуулагч болон тухайн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн нэр, хаяг, тэдгээрийн холбогдох этгээдийн үйл ажиллагааны сүүлийн гурван жилийн, энэ хуульд заасан шаардлагыг хангасан аудитын байгууллагаар баталгаажуулсан санхүүгийн тайлан;

  • Монголбанкнаас баталсан маягтын дагуу бүрдүүлж өгсөн банкны эрх бүхий албан тушаалтан, боловсон хүчин, техник, тоног төхөөрөмж, ажлын байрны талаархи тодорхойлолт;

  • Банкинд хувь нийлүүлэх хөрөнгийн хэмжээ, эх үүсвэр, гарал үүслийг нотлох баримт.

    Бүрдүүлж өгсөн баримт бичгийг дутуу буюу тодорхой бус гэж үзвэл Монголбанк эдгээр баримт бичгийн хүрээнд нэмэлт материал шаардах эрхтэй бөгөөд банк үүсгэн байгуулагч, банкны хувьцаа эзэмшигч, эрх бүхий албан тушаалтантай холбоотой асуудлаар хуулийн байгууллагаас тодорхойлолт, лавлагаа гаргуулан авч болно.

  1. Өргөдөл, 2-т заасан баримт бичгийг бүрдүүлэн Монголбанкинд хүргэнэ.
  2. Монголбанк өргөдөл, баримт бичгийг хянаж үзээд шаардлагатай тохиолдолд нэмэлт материал шаардана.
  3. Шийдвэр гаргана. Банк байгуулах зөвшөөрөл олгох, эсхүл олгохоос татгалзах шийдвэр гаргана. 

Монголбанкны Банк байгуулах тусгай зөвшөөрлийн журамд банк байгуулагч, хувьцаа эзэмшигч, ТУЗ-н гишүүн, гүйцэтгэх удирдлага, гадаад банк байгуулахад тавигдах шаардлага, бүрдүүлэх баримт бичгийг тодорхойлсон.

Асуудлыг шийдвэрлэх хугацаа

Монголбанк өргөдлийг хүлээн авснаас хойш 60 хоногийн дотор банк байгуулах зөвшөөрөл олгох эсэх шийдвэрийг гаргана. 

Асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд гомдол гаргах

Монгол улсын хөгжлийн банк – Хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, үнэт цаас гаргах, худалдах, худалдан авах, өөрийн нэрийн өмнөөс зээлийн баталгаа батлан даалт гаргах, гадаад валют арилжаа, зээлтэй холбоотой төлбөр тооцоо хийх үндсэн үүрэг бүхий ашгийн төлөө төрийн өмчит хуулийн этгээд юм.

Банк байгуулах тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан тохиолдолд Монголбанк нь тухайн банк байгуулагч, хувьцаа эзэмшигчээс банк байгуулах хүсэлтийг 1 жилийн дотор дахин хүлээн авахгүй.

Асуулт 1. Хэн банк байгуулах боломжтой вэ?

 Хуулийн этгээд, иргэн банкыг үүсгэн байгуулж болно. 

Асуулт 2. Банкны үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл хугацаатай олгогддог уу?

Банк байгуулах тусгай зөвшөөрөл, банкны үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг хугацаагүй олгох бөгөөд Банкны тухай хууль, Монголбанкны Банк байгуулах, Банкны үйл ажиллагааны журмуудад зааснаар хүчингүй болгох хүртэл хугацаагаар эрхэлнэ. 

Асуулт 3. Банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг ямар тохиолдолд хүчингүй болгох вэ?

  1. Банкны тухай хуулийн 21-р зүйлд зааснаар “Банк байгуулах тусгай зөвшөөрөл”-ийг хүчингүй болгосон тохиолдолд урьд олгосон, банкны үйл ажиллагаатай холбоотой бүх зөвшөөрөл хүчингүй болно.
  2. Монголбанк Банкны үйл ажиллагааны зөвшөөрлийг дараах үндэслэлээр хязгаарлаж, хүчингүй болгож болно. /Монголбанкны Банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журмын 6-р зүйл/ Үүнд:
  • заавал байлгах нөөц, төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг Монголбанкнаас тогтоосон журмын дагуу хангаагүй,
  • заавал байлгах нөөц, төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг биелүүлээгүй,
  • Банкны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан харилцан хамаарал бүхий этгээдэд олгох зээл, баталгааны дүнгийн шаардлагыг 3 сар дараалан хангаж ажиллаагүй;
  • Тухайн үйл ажиллагаанаас өөрийн хөрөнгийн үзүүлэлтэд нөлөөлөхүйц хэмжээгээр алдагдал хүлээсэн;
  • Банкны зарим үйл ажиллагааг хязгаарласан, түдгэлзүүлсэн шалтгааныг арилгаагүйгээр тухайн үйл ажиллагааг үргэлжлүүлэн эрхэлсэн, эсвэл 6 сарын хугацаанд хязгаарласан, түдгэлзүүлсэн тухай шийдвэрийг цуцлах хангалттай нөхцөл бүрэлдээгүй;
  • Банкны тухай хууль тогтоомж, Монголбанкны бүрэн эрхэд хамаарах асуудлаар гаргасан шийдвэрийг зөрчсөн буюу биелүүлээгүй;
  •  Хууль тогтоомжид заасан бусад үндэслэл бүрдсэн.

http://e-khutuch.mn/guide/print/24/218/all