ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Банк, банк бус санхүүгийн үйл ажиллагаа Банкны тухай, банкны байгуулах, банкны зөвшөөрөл авах тухай

Банк нь “хувьцаа эзэмшигч болон харилцагчдын хадгалуулсан мөнгийг бусдад зээлдүүлэх, эргэлтэд оруулж, төлбөр тооцоо хийх үйл ажиллагаа”-г Монголбанкны зөвшөөрөлтэйгээр эрхлэдэг ашгийн төлөө байгууллага юм.

Асуулт 1. Хэн банк байгуулах боломжтой вэ?

 Хуулийн этгээд, иргэн банкыг үүсгэн байгуулж болно. 

Асуулт 2. Банкны үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл хугацаатай олгогддог уу?

Банк байгуулах тусгай зөвшөөрөл, банкны үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг хугацаагүй олгох бөгөөд Банкны тухай хууль, Монголбанкны Банк байгуулах, Банкны үйл ажиллагааны журмуудад зааснаар хүчингүй болгох хүртэл хугацаагаар эрхэлнэ. 

Асуулт 3. Банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг ямар тохиолдолд хүчингүй болгох вэ?

  1. Банкны тухай хуулийн 21-р зүйлд зааснаар “Банк байгуулах тусгай зөвшөөрөл”-ийг хүчингүй болгосон тохиолдолд урьд олгосон, банкны үйл ажиллагаатай холбоотой бүх зөвшөөрөл хүчингүй болно.
  2. Монголбанк Банкны үйл ажиллагааны зөвшөөрлийг дараах үндэслэлээр хязгаарлаж, хүчингүй болгож болно. /Монголбанкны Банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журмын 6-р зүйл/ Үүнд:
  • заавал байлгах нөөц, төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг Монголбанкнаас тогтоосон журмын дагуу хангаагүй,
  • заавал байлгах нөөц, төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг биелүүлээгүй,
  • Банкны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан харилцан хамаарал бүхий этгээдэд олгох зээл, баталгааны дүнгийн шаардлагыг 3 сар дараалан хангаж ажиллаагүй;
  • Тухайн үйл ажиллагаанаас өөрийн хөрөнгийн үзүүлэлтэд нөлөөлөхүйц хэмжээгээр алдагдал хүлээсэн;
  • Банкны зарим үйл ажиллагааг хязгаарласан, түдгэлзүүлсэн шалтгааныг арилгаагүйгээр тухайн үйл ажиллагааг үргэлжлүүлэн эрхэлсэн, эсвэл 6 сарын хугацаанд хязгаарласан, түдгэлзүүлсэн тухай шийдвэрийг цуцлах хангалттай нөхцөл бүрэлдээгүй;
  • Банкны тухай хууль тогтоомж, Монголбанкны бүрэн эрхэд хамаарах асуудлаар гаргасан шийдвэрийг зөрчсөн буюу биелүүлээгүй;
  •  Хууль тогтоомжид заасан бусад үндэслэл бүрдсэн.

http://e-khutuch.mn/guide/print/24/218/faq