ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Банк, банк бус санхүүгийн үйл ажиллагаа Банкны тухай, банкны байгуулах, банкны зөвшөөрөл авах тухай

Банк нь “хувьцаа эзэмшигч болон харилцагчдын хадгалуулсан мөнгийг бусдад зээлдүүлэх, эргэлтэд оруулж, төлбөр тооцоо хийх үйл ажиллагаа”-г Монголбанкны зөвшөөрөлтэйгээр эрхлэдэг ашгийн төлөө байгууллага юм.

Хуулийн зохицуулалт

Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар "банк" гэж хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдсэн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээдэг, бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг Монголбанкны зөвшөөрөлтэйгээр эрхэлдэг, ашгийн төлөө хуулийн этгээдийг.

Банкны төрөл - Банкны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар банк нь дараах төрөлтэй байж болно.

  1. Хувь нийлүүлсэн хөрөнгийн өмчлөлөөр:
    1. төрийн – Төв банк, Хөгжлийн банк, Төрийн банк
    2. хувийн – Арилжааны банкууд
    3. холимог –
  2. Хүлээх хариуцлага буюу Үүсгэн байгуулагдсан хэлбэрээр:
    1. Хязгаарлагдсан хариуцлагатай – арилжааны банкууд ер нь ХХК-ийн хэлбэрээр үүсгэн байгуулагдсан байдаг.
    2. Хувьцаат –
  3. Үйл ажиллагаа явуулах хэлбэрээр:
    1. Нийтлэг – Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкууд
    2. Төрөлжсөн –Хөрөнгө оруулалтын банк, Азийн хөгжлийн банк г.м

Банкны тухай хуулийн 18-26 дугаар зүйлд банк үүсгэн байгуулагчид тавигдах шаардлага, банк үүсгэн байгуулах, банкны зөвшөөрөл авахад тавигдах шаардлагын талаар зохицуулсан.

Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан үйл ажиллагаануудыг банк Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгөөр, 6.2-д заасан үйл ажиллагаануудыг Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлнэ.

Мөн хуулийн 26 дугаар зүйлд зааснаар Банк нь оноосон нэрийн араас “банк” гэсэн нэр хэрэглэх ба банкны тусгай зөвшөөрөлгүй байгууллага “банк” гэсэн нэр хэрэглэхийг хориглоно.

Банк өөрийн хөрөнгөтэй байх бөгөөд банкны өөрийн хөрөнгийг санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Монголбанкны хамтран баталсан нягтлан бодох бүртгэлийн журмын дагуу тодорхойлно. Банкны хувь нийлүүлсэн хөрөнгө нь хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдэх бөгөөд түүний доод хэмжээг эдийн засгийн байдал, мөнгөний ханшны өөрчлөлт, банкны төлбөрийн чадвар, банкны систем дэх нөлөө, эрхлэх үйл ажиллагааны онцлогийг харгалзан Монголбанк тогтооно.

Банкны хувьцааг эзэмших – /Банкны тухай хуулийн 36 дугаар зүйл/

Банкны хувьцаа эзэмшигч өөрчлөгдөх, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт орохоор бол Монголбанкинд бичгээр урьдчилан мэдэгдэнэ. Аливаа этгээд нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох, түүний хувьцааны хэмжээ өөрчлөгдөхөөр бол Монголбанкинд бичгээр мэдэгдэж урьдчилан зөвшөөрөл авна.

Аливаа этгээд дангаар болон холбогдох этгээдийн хамт эзэмших банкны хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаасны хэмжээ тухайн банкны нийт гаргасан хувьцааны 20 хувиас хэтрэхгүй байна.

Банкны тухай хуулийн 36.6-р зүйлд Монголбанк банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ, бүтцэд өөрчлөлт орох, банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтэц, хэмжээг өөрчлөх, хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаас нэмж гаргах зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч, энэ хуульд заасан шаардлага, шалгуурыг хангасан баримт бичиг бүрэн гүйцэд бүрдсэнээс хойш 60 хоногийн дотор зөвшөөрөл олгох эсэх тухай шийдвэр гаргаж энэ талаар банкинд мэдэгдэнэ.

Банкны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар Банк нь улирлын санхүүгийн тайланг дараа улирлын эхний сарын дотор, жилийн эцсийн санхүүгийн тайланг дараа жилийн 1 дүгээр улиралд багтаан нийтэд хэвлэлээр мэдээлнэ.

Банкны тухай хууль


http://e-khutuch.mn/guide/print/24/218/law