ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Банк, банк бус санхүүгийн үйл ажиллагаа Банк бус санхүүгийн байгууллага гэж ямар байгууллага вэ, ББСБ-н зөвшөөрөл авах тухай

“Банк бус санхүүгийн байгууллага” гэж өөрийн эзэмшигчдийн хөрөнгөөр зээл олгохоос гадна валют арилжаа, төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулга хийх үндсэн үйл ажиллагаа явуулдаг Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авсан ашгийн төлөө байгууллагыг хэлнэ.

Хуулийн зохицуулалт

БАНК БУС САНХҮҮГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ХУУЛЬ

Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар “Банк бус санхүүгийн үйл ажиллагаа” гэдэгт

  1. Зээл;
  2. Факторингийн үйлчилгээ /Бусдын авлагыг худалдан авах/;
  3. Төлбөрийн баталгаа гаргах /тодорхой этгээдийн өмнөөс мөнгөн төлбөрийн үүргийг гүйцэтгэх/;
  4. Төлбөр тооцооны хэрэгсэл гаргах /төлбөрийн карт, цахим мөнгө зэрэг биет болон биет бус хэрэгсэл/;
  5. Цахим төлбөр тооцооны үйлчилгээ /интернэт автомат тоног төхөөрөмж ашиглаж төлбөр тооцоог гүйцэтгэх/;
  6. Мөнгөн гуйвуулгын үйлчилгээ /харилцагчийн нэр дээр данс нээхгүйгээр өөрийн харилцах дансаар дамжуулан гүйлгээ, шилжүүлэг хийх/;
  7. Гадаад валютын арилжаа /төгрөгөөс бусад валют, мөнгөн дэвсгэртийг солих, шилжүүлэх, худалдах/;
  8. Итгэлцлийн үйлчилгээ /итгэл хүлээлгэгчийн хөрөнгийг үнэгүйдлээс хамгаалж, ашиг олох зорилгоор түр хугацаанд хөрөнгийг ашиглах, захиран зарцуулах/;
  9. Богино хугацаанд санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх /хөрөнгийг нь 1 жил хүртэл хугацаанд хөрөнгө оруулалтын үнэт цаас зэрэг санхүүгийн хэрэгсэлд хөрвүүлэх/;
  10. Хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх;
  11. Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахтай холбоотой санхүүгийн зуучлалын үйл ажиллагаануудыг хэлнэ.

  Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 14.1, 14.2-т зааснаар ББСБ нь өөрийн хөрөнгө буюу ДҮРМИЙН САНТАЙ байх бөгөөд дүрмийн сан нь хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдэнэ. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль 6.1.3, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 14.2-т зааснаар Дүрмийн сангийн доод хэмжээг Санхүүгийн зохицуулах хороо тогтоох бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан журмын дагуу дүрмийн санг өөрчилж, нэмэгдүүлж, хорогдуулна.

Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 441 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт

Огноо

Улаанбаатар хот

Орхон аймгийн Баян-Өндөр, Дархан аймгийн Дархан суманд

Бусад аймаг, сумдад

2022.02.10

СЗХ -2021 оны 66 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан

1900.0

475.0

145.0

2023.02.10

СЗХ -2021 оны 66 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан

2,500.0 600.0 200.0

 

ББСБ-н үйл ажиллагааны зөвшөөрлийг тодорхой хугацаатай олгоно.

ББСБ нь оноосон нэр болон “Банк бус санхүүгийн байгууллага” гэсэн дэлгэрэнгүй тэмдэглэгээ, эсхүл “ББСБ” гэсэн товчилсон тэмдэглэгээнээс бүрдэнэ. Банк бус санхүүгийн байгууллагын нэр, байршлыг Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөлтэйгээр өөрчилнө.

Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд ББСБ-ын үйл ажиллагааг эрхэлнэ. Улсын төсвөөс санхүүждэг хуулийн этгээд, шашны болон улс төрийн байгууллага, төрийн бус байгууллага, сан банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэхийг ХОРИГЛОНО. Хуулийн этгээд нь Компанийн тухай хуулийн 13-16 дугаар зүйлд зааснаар үүсгэн байгуулсан байна.

 

Асуудлыг шийдвэрлэх байгууллага

Санхүүгийн зохицуулах хороо Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд зааснаар

  • Үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох;
  • ББСБ-ын үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах шаардлагуудыг тодорхойлох;
  • ББСБ-н үйл ажиллагаатай холбоотой журам заавар батлах, хэрэгжилтийг хангах;
  • Дүрмийн сангийн хэмжээг тогтоох, нэмэгдүүлэх, хорогдуулах;
  • Нэр, байршлыг өөрчлөх;
  • ББСБ-н үйл ажиллагаанд хяналт тавих, шалгалт хийх;
  • Арга хэмжээ авах;
  • Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох зэрэг арга хэмжээ авах эрхтэй. 
Асуудлыг шийдвэрлэх дараалал

Банк бус санхүүгийн байгууллага /цаашид “ББСБ” гэх/-н тусгай зөвшөөрөл авах. /Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 5-8 дугаар зүйл/  

  1. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11.1, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 8, 9, 10-р зүйл, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны зохицуулалтын журмын 3.1 дэх заалтад зааснаар тусгай зөвшөөрөл авахад дараах баримт бичгийг бүрдүүлнэ.   
    1. Зөвшөөрөл хүссэн өргөдөл. СЗХ02001 маягтын дагуу гаргасан байна.
    2. ББСБ-ын үүсгэн байгуулагчдын шийдвэр, хурлын тэмдэглэл эх хувь, гэрээ /1 хувьцаа эзэмшигчтэй бол зөвхөн шийдвэр/;
    3. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /нотариатаар баталгаажуулсан хуулбар;
    4. Компанийн дүрмийн эх хувь /Дүрэмд тавигдах шаардлагыг хуулийн 10-р зүйлд заасан/;
    5. Хувь нийлүүлсэн хөрөнгийг банкин дах дансанд байршуулсан дансны хуулга;
    6. Хувь нийлүүлсэн хөрөнгийн эх үүсвэрийг тодорхойлох баримтууд;
    7. Боловсон хүчин буюу ажилчдын цахим иргэний үнэмлэх, дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
    8. Бизнес төлөвлөгөө /үйл ажиллагааг амжилттай эрхлэх талаар тусгасан/;
    9. Үйл ажиллагаанд мөрдөх журмын төслүүд;
    10. Техник тоног төхөөрөмж, програм хангамж, ажлын байрны талаарх мэдээлэл;
    11. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх тухай хуульд заасны дагуу ББСБ-ын үйл ажиллагаанд хяналт тавих ажилтныг томилсон тухай тушаал, шийдвэр.
  2. 2-т заасан баримт бичгүүдийг бүрдүүлж, Санхүүгийн зохицуулах хороонд хэвлэмлээр болон цахимаар хүргүүлнэ.
  3. Санхүүгийн зохицуулах хороо 2-т заасан баримтууд дутуу, тодорхой бус гэж үзвэл холбогдох байгууллагаас лавлагаа авна.
  4. 2-т заасан баримт бичгүүдийг хянаад Хорооны хуралдаанаар хэлэлцэн, тусгай зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэнэ.
  5. Тусгай зөвшөөрөл олгосон тохиолдолд гэрчилгээ олгож, нэгдсэн бүртгэлд бүртгэж, Улсын бүртгэлд бүртгүүлж, тамга тэмдэг авснаар үйл ажиллагааг эхэлсэнд тооцно.
Асуудлыг шийдвэрлэх хугацаа

Баримт бичгүүдийг хүлээн авснаас хойш ажлын 30 хоногийн дотор тусгай зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэх ба шаардлагатай тохиолдолд хугацааг 14 хоногоор сунгаж болно. /Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2/

Асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд гомдол гаргах

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан аливаа шийдвэртэй холбогдсон гомдлыг Хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлд гаргана. Мөн хуулийн 32.4-т зааснаар Хяналтын зөвлөлийн гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол шүүхэд хандаж болно.

Банк бус санхүүгийн байгуулагад Даатгалын компаниуд, Үнэт цаас, брокерийн компаниуд, Хадгаламж зээлийн хоршоо, Сангууд хамаарахгүй, тэдгээр нь тусдаа статус бүхий компаниуд бөгөөд үйл ажиллагааг нь тусгайлсан хуулиар зохицуулдаг. Дараах хүснэгтэд эрхлэх үйл ажиллагааны чиглэлээр ялгааг нь харуулав.

Төрөл

Эрхлэх үйл ажиллагаа

ББСБ

  • Зээл
  • Валют арилжаа
  • Хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр зөвлөгөө өгх
  • Итгэлцлийн үйлчилгээ

Даатгалын компани

  • Ердийн даатгал
  • Урт хугацааны даатгал

Үнэт цаасны компани

  • Компанийн хувьцаа, бонд худалдах, худалдан авах үйлчилгээ
  • Хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ
  • Хөрөнгийн зах зээлийн талаар мэдээлэл өгөх
  • Хөрөнгийн зах зээл, хувьцаа, бонд

Хадгаламж зээлийн хоршоо

  • Зөвхөн ХЗХ-ны гишүүдэд зээл, хадгаламжийн үйлчилгээ үзүүлэх

Хөрөнгө оруулалтын сан

  • Хөрөнгөө өсгөн нэмэгдүүлэх зорилгоор мэргэжлийн компанид мөнгөө шилжүүлж, хөрөнгө оруулалт хийх

Зээлийн батлан даалтын сан

  • Банк, санхүүгийн байгууллагаас зээл авахад иргэн, хуулийн этгээдэд барьцаа хөрөнгө дутагдах тохиолдолд барьцаа хөрөнгөд батлан даалт гаргах үйлчилгээ

 

Банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/ нь Банк бус санхүүгийн байгууллагын тухай хуулийн 12-р зүйлд зааснаар дараах үйл ажиллагааг эрхлэхийг хориглоно.

  • тусгай зөвшөөрөлд зааснаас өөр үйл ажиллагаа эрхлэх;
  • өөрийн үйл ажиллагааны талаар буруу ташаа зар сурталчилгаа хийх, мэдээлэл өгөх;
  • иргэн, хуулийн этгээдээс хадгаламж авах, хадгаламжийн данс нээх;
  • 1чек, карт, вексель зэрэг төлбөрийн хэрэгслээр хадгаламж авах;
  • банк бус санхүүгийн байгууллагын тайлан тэнцэлд тусгаагүй эх үүсвэрийг өөрийн үйл ажиллагаанд ашиглах.

Асуулт 1. Иргэн банк бус санхүүгийн байгууллага байгуулж болох уу?

Хариулт 1. Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 6.1-д Банк бус санхүүгийн үйл ажиллагааг Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд эрхэлж болно гэж заасан тул иргэн ББСБ байгуулж болохгүй. Иргэн компани үүсгэн байгуулсны дараа ББСБ байгуулах зөвшөөрөл авч болно.

Асуулт 2. Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг хугацаатай эрхлэх үү?

Хариулт 2. Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 9.3-т зааснаар тусгай зөвшөөрлийг хугацаатай олгох бөгөөд гэрчилгээнд хугацааг тодорхой заана.

Асуулт 3. Хуулинд заасан бүх үйл ажиллагааг эрхлэх ёстой юу?

Хариулт 3. Үгүй. Аль нэг үйл ажиллагааг, эсхүл хэд хэдэн үйл ажиллагааг эрхэлж болно. Үйл ажиллагааг эрхлэх тохиолдолд тус бүр дээр нь зөвшөөрөл авна.

Асуулт 4. Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг хэн хүчингүй болгох вэ?

Хариулт 4. Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 19.2.4-т зааснаар Санхүүгийн зохицуулах хороо үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно.

Асуулт 5. ББСБ-ын үйл ажиллагааг түдгэлзүүлнэ гэж юуг хэлж байна вэ?

Хариулт 5. Үйл ажиллагааг явуулахыг түр хугацаагаар зогсоохыг түдгэлзүүлэх гэнэ.

Асуулт 6. Ямар тохиолдолд банк бус санхүүгийн үйл ажиллагааны зөвшөөрлийг хүчингүй болгох вэ?

Хариулт 6. Дараах тохиолдолд Санхүүгийн зохицуулах хороо тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно.

  • ББСБ өөрөө хүсэлт гаргасан,
  • Хорооноос баталсан зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийн шаардлагыг удаа дараа хангаагүй, санхүү, төлбөрийн чадваргүй болсон.
  • Дампуурсан эсхүл татан буугдсан тухай эрх бүхий этгээд, хувьцаа эзэмшигчдийн шийдвэр гарсан,
  • Тусгай зөвшөөрлийг авахдаа хуурамч баримт бичиг бүрдүүлсэн нь тогтоогдсон нь харилцагчид ноцтой хохирол учруулах болсон,
  • Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа зөрчсөн,
  • Хорооны зайнаас хийсэн шалгалтаар “их эрсдэлтэй” гэж гарсан, газар дээр хийсэн шалгалтаар хангалтгүй болон муу үнэлгээ авсан,
  • Тайлан мэдээг удаа дараа ирүүлээгүй, тайланг 4 улирал дараалан Хороонд ирүүлээгүй,
  • Зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлөө арилгаагүй, зөвшөөрөл сэргээлгэх хүсэлтийг Хороонд ирүүлээгүй,

Хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хүчингүй болгоно.


http://e-khutuch.mn/guide/print/24/219/all