ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Банк, банк бус санхүүгийн үйл ажиллагаа Банк бус санхүүгийн байгууллага гэж ямар байгууллага вэ, ББСБ-н зөвшөөрөл авах тухай

“Банк бус санхүүгийн байгууллага” гэж өөрийн эзэмшигчдийн хөрөнгөөр зээл олгохоос гадна валют арилжаа, төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулга хийх үндсэн үйл ажиллагаа явуулдаг Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авсан ашгийн төлөө байгууллагыг хэлнэ.

Асуулт 1. Иргэн банк бус санхүүгийн байгууллага байгуулж болох уу?

Хариулт 1. Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 6.1-д Банк бус санхүүгийн үйл ажиллагааг Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд эрхэлж болно гэж заасан тул иргэн ББСБ байгуулж болохгүй. Иргэн компани үүсгэн байгуулсны дараа ББСБ байгуулах зөвшөөрөл авч болно.

Асуулт 2. Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг хугацаатай эрхлэх үү?

Хариулт 2. Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 9.3-т зааснаар тусгай зөвшөөрлийг хугацаатай олгох бөгөөд гэрчилгээнд хугацааг тодорхой заана.

Асуулт 3. Хуулинд заасан бүх үйл ажиллагааг эрхлэх ёстой юу?

Хариулт 3. Үгүй. Аль нэг үйл ажиллагааг, эсхүл хэд хэдэн үйл ажиллагааг эрхэлж болно. Үйл ажиллагааг эрхлэх тохиолдолд тус бүр дээр нь зөвшөөрөл авна.

Асуулт 4. Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг хэн хүчингүй болгох вэ?

Хариулт 4. Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 19.2.4-т зааснаар Санхүүгийн зохицуулах хороо үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно.

Асуулт 5. ББСБ-ын үйл ажиллагааг түдгэлзүүлнэ гэж юуг хэлж байна вэ?

Хариулт 5. Үйл ажиллагааг явуулахыг түр хугацаагаар зогсоохыг түдгэлзүүлэх гэнэ.

Асуулт 6. Ямар тохиолдолд банк бус санхүүгийн үйл ажиллагааны зөвшөөрлийг хүчингүй болгох вэ?

Хариулт 6. Дараах тохиолдолд Санхүүгийн зохицуулах хороо тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно.

  • ББСБ өөрөө хүсэлт гаргасан,
  • Хорооноос баталсан зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийн шаардлагыг удаа дараа хангаагүй, санхүү, төлбөрийн чадваргүй болсон.
  • Дампуурсан эсхүл татан буугдсан тухай эрх бүхий этгээд, хувьцаа эзэмшигчдийн шийдвэр гарсан,
  • Тусгай зөвшөөрлийг авахдаа хуурамч баримт бичиг бүрдүүлсэн нь тогтоогдсон нь харилцагчид ноцтой хохирол учруулах болсон,
  • Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа зөрчсөн,
  • Хорооны зайнаас хийсэн шалгалтаар “их эрсдэлтэй” гэж гарсан, газар дээр хийсэн шалгалтаар хангалтгүй болон муу үнэлгээ авсан,
  • Тайлан мэдээг удаа дараа ирүүлээгүй, тайланг 4 улирал дараалан Хороонд ирүүлээгүй,
  • Зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлөө арилгаагүй, зөвшөөрөл сэргээлгэх хүсэлтийг Хороонд ирүүлээгүй,

Хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хүчингүй болгоно.


http://e-khutuch.mn/guide/print/24/219/faq