ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Банк, банк бус санхүүгийн үйл ажиллагаа Хадгаламж гэж юу вэ, хадгаламж нээлгэх тухай

Хадгаламж гэж юу вэ, хадгаламж нээлгэх тухай

Асуулт 1. Хадгаламжийн данснаас ямар ямар тохиолдолд зарлагын гүйлгээ гаргаж болох вэ?

Хариулт1. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2-т зааснаар (1) хадгаламж эзэмшигчийн өөрийнх хүсэлтээр, эсхүл (2) түүний даалгавар, (3) итгэмжлэлээр зарлагын гүйлгээ гаргаж болно.

Асуулт 2. Хадгаламжийг зөвхөн банк нээх үү? Өөр байгууллага хадгаламж нээх үү?

Хариулт. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 3-р зүйл, Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 9-р зүйлд зааснаар Банк болон хадгаламж зээлийн хоршоо хадгаламжийн данс нээнэ.

Асуулт 3. Би гадаадад байдаг юм. Хадгаламжийн гэрээний хугацаа дуусаж байгаа юм. Тэрийг хэрхэн сунгуулах боломжтой вэ?

Хариулт 3. Иргэний хуулийн 62 дугаар зүйлд зааснаар өөрийгөө төлөөлж хадгаламжийн гэрээний хугацааг сунгах итгэмжлэлийг Монгол Улсад байгаа хүнд олгосноор хадгаламжийн гэрээний хугацаагаа сунгах боломжтой. Нотариатын тухай хуулийн 9.2-т зааснаар Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар нотариатын үйлдэл хийж, итгэмжлэлийг баталгаажуулна.

Асуулт 4. Хадгаламжаа өвлүүлж болох уу?

Хариулт 4. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1.6-д зааснаар хадгаламжаа өвлүүлэх, гэрээслэх, бэлэглэх эрхтэй.

Асуулт 5. Хадгаламж эзэмшигч нь нас барсан тохиолдолд хадгаламжийн дансанд байгаа мөнгийг хэрхэн авах вэ? Ямар бичиг баримтыг үндэслэн зарлагын гүйлгээ гаргах вэ?

Хариулт 5. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1. Хадгалуулагч нь нас барсан болон нас барсан гэж зарлагдсан тохиолдолд хадгалагч нь мөнгөн хадгаламжийг хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлах эрх бүхий этгээдэд олгох, эсхүл уул гэрээг түүний нэр дээр шинэчлэн хийнэ” гэж заасны дагуу Банк нотариатын олгосон гэрээслэл, өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн хадгаламжаас зарлага гаргах, хадгаламжийг өв залгамжлагчид шилжүүлнэ.

Асуулт 6. Хадгаламж эзэмшигч нас барсан тохиолдолд түүний дансан дах мөнгийг хэн авах боломжтой вэ?

Хариулт 6. Иргэний хуулийн 531.1-д зааснаар хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч нь хадгаламжийн данс дах мөнгийг авах боломжтой. Хууль ёсны өвлөгч гэж (1) нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх, (2) нас барагчийн өвөг эцэг, эмэг эх, ах, эгч, дүү, ач, зээ, (3) өвлүүлэгчийн ачинцар, зээнцэрийг хэлнэ.

Асуулт 7. Хадгаламж зээлийн барьцаа болох уу, ямар ямар зээл авах вэ?

Хариулт 7. Иргэний хуулийн 154.1, Хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд зааснаар хадгаламжийн дансан дах мөнгөн хөрөнгө нь барьцааны зүйл болно. Хадгаламж барьцаалан тухайн банкны санал болгож буй зээлийн бүтээгдэхүүнүүдэд барьцаалах боломжтой.

Асуулт 8. Миний хадгаламжийн хугацаа дуусах болоогүй байгаа гэхдээ би дуусах хугацаанаас өмнө хадгаламжаа авья гэхээр хүү нь буурна гэх юм. Энэ ямар учиртай вэ?

Хариулт 8. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.8-д зааснаар “Хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээг тохиролцсон хугацаанаас өмнө хадгалуулагчийн хүсэлтээр цуцлахад хадгалуулсан хугацаанаас нь хамааруулан мөнгөн хадгаламжийн хүүг гэрээнд заасан хэмжээгээр бууруулж болно” гэж заасан байх тул Мөнгөн хадгаламжийн гэрээнд зааснаар хүү буух нь зөв.

Асуулт 9. Миний банкин дах хадгаламжаас хуурамч гарын үсгээр аль 2000 онд зарлага гаргачихсан байна. Тэр асуудалтай холбоотойгоор би мөнгөө буцаан авахаар гомдол шаардлага гаргаж болох уу? Хугацаа гэж байдаг юм болов уу?

Хариулт 9. Иргэний хуулийн 454.8. “Мөнгөн хадгаламжийн гэрээгээр хадгалуулсан мөнгөө шаардахад хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй” гэж заасны дагуу мөнгөө буцаан авахаар нэхэмжлэлийг шүүхэд гаргах боломжтой байна.


http://e-khutuch.mn/guide/print/24/220/faq