ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Банк, банк бус санхүүгийн үйл ажиллагаа Хадгаламж гэж юу вэ, хадгаламж нээлгэх тухай

Хадгаламж гэж юу вэ, хадгаламж нээлгэх тухай

Хуулийн зохицуулалт

Нэг. Мөнгөн хадгаламж.

Банк нь Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн /цаашид “иргэн” гэх/, хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгийг тэдгээрийн хүсэлтийн дагуу гэрээний үндсэн дээр хадгалж, түүнд хүү төлж болно.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар Мөнгөн хадгаламж гэж “Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээдийн мөнгөн хадгаламжийн гэрээний үндсэн дээр банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдэд хадгалуулсан үндэсний болон гадаад валютыг хэлнэ” гэжээ.

Хоёр. Хадгаламжийн хугацаа.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийг шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 12 дугаар зүйлд Хадгаламжийн гэрээг тодорхой буюу тодорхой бус хугацаагаар байгуулна.

  • Тодорхой хугацаа зааж хадгалуулсан хадгаламжийг хугацаатай, тодорхой бус хугацаагаар хадгалуулсан хадгаламжийг хугацаагүй хадгаламж гэж тооцно.
  • Хадгаламжийн гэрээг тодорхой хугацаагаар байгуулсан бол уг хугацаа дууссаны дараа хадгалагч нь хадгалуулагчийн мөнгийг буцаан өгч, гэрээнд заасны дагуу хүү төлөх үүрэгтэй.
  • Хугацаатай хадгаламжийн гэрээг тохиролцсон хугацаанаас өмнө хадгалуулагчийн хүсэлтээр цуцлах, эсхүл зарлагын гүйлгээ хийх тохиолдолд хадгалуулсан хугацаанаас нь хамааруулан хадгаламжийн хүүг гэрээнд заасан хэмжээгээр бууруулна.
  • Хадгалагч хугацаагүй хадгаламжийн гэрээг зөвхөн иргэнтэй байгуулна.

Гурав. Хадгаламжийн хүү.

Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар Мөнгөн хадгаламж нь ХҮҮТЭЙ байх бөгөөд хүүгийн хэмжээг бодох аргачлалыг Монголбанк батална.

Хадгалагч хуульд заасны дагуу хадгаламжийн хүү болон бусад нөхцөлийг нийтэд ил тод зарлах бөгөөд ийнхүү зарласан хүү, нөхцөлөөс аливаа хэлбэрээр өөрөөр тогтоон хадгалуулагчтай гэрээ байгуулахыг хориглоно. Хугацаатай хадгаламжийн хүүгийн хэмжээ нь хадгаламжийн гэрээнд өөрөөр заасан, эсхүл хадгалуулагчаас хадгаламжийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан, хадгаламжийн данснаас хуульд заасан үндэслэлээр зарлагын гүйлгээ хийснээс бусад тохиолдолд анх тохиролцсон хэвээр байна. Хугацаагүй хадгаламжийн хүүгийн хэмжээг хадгалагчаас өөрчлөх тохиолдолд энэ тухай нийтэд мэдэгдсэнээс хойш нэг сарын дараа хадгаламжийн гэрээнд заасан хүүгийн хэмжээ өөрчлөгдсөнд тооцно.

ХҮҮНИЙ ХЭМЖЭЭ ӨӨРЧЛӨГДӨХ тохиолдолд

  • Хугацаатай хадгаламж – хүү нь шууд өөрчлөгдөхгүй, гэрээний хугацаа дуустал анх тохиролцсон хэвээр байна.
  • Хугацаагүй хадгаламж - нийтэд мэдэгдсэнээс хойш 1 сарын дараа өөрчилнө.

Үйл ажиллагааны ерөнхий нөхцөл

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн хадгаламж болон зээл, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчийн шилжүүлгийн үйл ажиллагаанд тавих шаардлагыг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо өөрийн хянан зохицуулах чиг үүргийн хүрээнд батална. Үйл ажиллагааны ерөнхий нөхцөлд банк, эрх бүхий хуулийн этгээдээс харилцагчид үзүүлэх хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээний нөхцөл, талуудын эрх, үүрэг, хариуцлага, үйл ажиллагааны журмыг тусгасан байна.

Банк, эрх бүхий хуулийн этгээдээс цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэх 7 дугаар зүйлд Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно. Цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ. Банк, эрх бүхий хуулийн этгээд дансгүй, эсхүл санхүүгийн тогтвортой харилцаа үүсгээгүй этгээдэд цахим хэлбэрээр аливаа данс нээхийг хориглоно.


http://e-khutuch.mn/guide/print/24/220/law