ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Банк, банк бус санхүүгийн үйл ажиллагаа Данс нээх, төлбөр тооцооны үйлчилгээ авах тухай

Данс нээх, төлбөр тооцооны үйлчилгээ авах тухай

Хуулийн зохицуулалт

Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль/шинэчилсэн найруулга/-ийн 9 дүгээр зүйлийн 1-т “Банк, эрх бүхий хуулийн этгээд хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйл ажиллагаа эрхлэхдээ харилцагчид Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасан баримт бичиг, журмыг баримтлан хадгаламж, харилцах, зээлийн данс нээж үйлчилгээ үзүүлнэ.” гэж заасан.

Дансыг банкны салбар нэгжид биеэр очиж эсхүл цахим хэлбэрээр данс нээлгэж болно.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 13-р зүйлд зааснаар банкаар дамжуулан хийгдэх төлбөр тооцоо нь (1) бэлэн, (2) бэлэн бус хэлбэртэй байна.

Бэлэн мөнгөний төлбөр тооцоо гэдэгт үндэсний болон гадаад улсын бэлэн мөнгөн тэмдэгтээр хийх гүйлгээг, харин бэлэн бус мөнгөний төлбөр тооцоо гэдэгт төлбөр тооцооны баримтаар хийх гүйлгээ хийнэ. Бэлэн бусаар хийх төлбөр тооцоог төлбөрийн даалгавар, аккредитив, инкасс, чек, вексель, төлбөрийн карт, электрон төлбөр тооцоо, зээлжих эрх, зээлээр хийх төлбөр тооцоо болон төлбөр тооцооны бусад хэрэгслээр гүйцэтгэж болно.

Асуудлыг шийдвэрлэх байгууллага

Данс нээлгэх тухай хүсэлтийг хүлээж аваад Банк, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд дансыг нээнэ. Данс нээхдээ дараах материалуудыг шаардана.

  1. Иргэн данс нээх бол өргөдөл, баримтад зурах гарын үсгийн маяг,
  2. Хуулийн этгээд данс нээх бол өргөдөл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар эсхүл улсын бүртгэлийн дугаар,  мөнгөн хөрөнгө захиран зарцуулах албан тушаалтны овог нэр, төлбөр тооцооны баримтад зурах гарын үсгийн маяг. Гарын үсгийн маяг нь нотариатын баталгаатай байна, тамга, тэмдгийн дардас.
Асуудлыг шийдвэрлэх дараалал

Данс нээх. Дээр дурдсан баримт бичгийг хянан үзээд 10 хоногийн дотор данс нээнэ. Дээр дурдсан баримт бичгүүд эргэлзээтэй бол данс нээхээс татгалзах эрхтэй.

Төлбөр тооцоо гүйцэтгэх. Хүлээн авсан дэс дарааллыг баримтлан төлбөр тооцоог гүйцэтгэнэ. Төлбөрийн гүйлгээг ирүүлсэн тэр өдөрт нь багтаан гүйцэтгэнэ.

Асуудлыг шийдвэрлэх хугацаа

Данс нээх. Банк харилцагчийн данс нээлгэх тухай хүсэлт, баримт бичгийг шалгаж, шаардлага хангасан тохиолдолд дансыг нээж, харилцах дансны гэрээг харилцагчтай байгуулна.

Төлбөр тооцоо гүйцэтгэх. Банк нь иргэн, хуулийн этгээд оролцсон төлбөр тооцоог гүйцэтгэхдээ уг төлбөр тооцооны баримтын бүрдүүлбэрийг шалгана

Асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд гомдол гаргах

Үндэслэлгүйгээр данс нээх, төлбөр тооцооны гүйлгээ хийхээс татгалзсан тохиолдолд тухайн банк, банкны ажилтны талаар гомдлоо банкны захиргаанд, банкны талаар Монголбанканд болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хохирол арилгуулахаар гомдол гаргаж болно. 

Банк, дараах тохиолдолд дансыг хааж болно:

  • харилцагч данс хаалгах хүсэлтээ бичгээр гаргасан;
  • харилцагчтай байгуулсан гэрээнд заасан нөхцөл биелэгдсэн;
  • хуульд заасан бусад нөхцөл байгаа бол. 

Бэлэн бус төлбөр тооцооны хэрэгслийн хамгийн түгээмэл нь “төлбөрийн карт” бөгөөд төлбөрийн карт гаргах, түүнийг ашиглаж, төлбөр тооцоог гүйцэтгэхтэй холбоотой харилцааг Монгол банкны Банкны төлбөрийн картын журмаар зохицуулдаг.

Асуулт 1. Анх данс нээлгэхэд бүрдүүлсэн баримт бичигт өөрчлөлт орсон тохиолдолд хэрхэх вэ?

Хариулт 1.Банкны салбарт биеэр очиж, холбогдох мэдээллийн өөрчлөлтийг бүртгүүлнэ. Ингэснээр дараад нь зарлагын гүйлгээ, дансан дахь хөрөнгийг захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэх боломжтой болно.

Асуулт 2. Данснаас миний зөвшөөрөлгүй ямар тохиолдолд зарлагын гүйлгээ хийгдэж, мөнгө гарах боломжтой вэ?

Хариулт 2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44.2.13, Нийгмийн даатгалын тухай хуулийн 25.1.2, Татварын ерөнхий хулуийн 711.2.3-т заасны дагуу шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, татварын өр, нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд банкан дахь данснуудын хөдөлгөөнийг зогсоох, үл маргах журмаар төлбөрийг төлүүлэх ажиллагааг банкаараа дамжуулан хийж болдог.

 

 


http://e-khutuch.mn/guide/print/24/223/all