ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Зөрчлийн тухай ойлголт, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа Хэрэг бүртгэлт

Хэрэг бүртгэлт

Хуулийн зохицуулалт

Зөрчлийн хэрэг бүртгэлт” гэж зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг тогтоох, шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэх зорилгоор эрх бүхий албан тушаалтны явуулах энэ хуульд заасан ажиллагааг хэлдэг.

Дараах тохиолдолд эрх бүхий албан тушаалтан прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулна.

а/хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад энэ хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн;

б/хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас зөрчлийн талаар гомдол гаргасан, эсхүл мэдээлсэн;

в/зөрчил үйлдсэн хүн өөрийгөө илчилж ирсэн;

г/байгууллага, албан тушаалтнаас харьяаллын дагуу зөрчлийн талаархи холбогдох баримтыг шилжүүлэн ирүүлсэн.

Асуудлыг шийдвэрлэх байгууллага

Хэрэг бүртгэлтийн шатанд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг дараах этгээд хэрэгжүүлнэ.

а/эрх бүхий албан тушаалтан

б/зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан

Эрх бүхий албан тушаалтан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дахь зүйлийн 6 дахь хэсэгт заасан зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнууд байдаг. Тухайлбал, Консулын эрх бүхий албан тушаалтан, Хилийн төлөөлөгч, түүний орлогч, туслах, төрийн тусгай хамгаалалтын эрх бүхий ажилтан, аймаг, нийслэл, дүүргийн цэргийн штабын дарга, Тагнуулын байгууллагын эрх бүхий ажилтан, Олон нийтийн цагдаагийн ажилтан гэх зэрэг олон албан тушаалтнууд багтдаг.

Зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан ташаалтан. Эрх бүхий албан тушаалтны шууд харьяалах дээд шатны албан тушаалтныг хэлэх бөгөөд зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

а/зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг зохион байгуулалт, мэргэжлийн удирдлагаар хангах;

б/зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлж, прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх;

в/зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах үүргийг нэг, эсхүл хэд хэдэн эрх бүхий албан тушаалтанд даалгах;

г/шаардлагатай тохиолдолд зөрчлийн хэрэг бүртгэлтийг явуулах эрх бүхий албан тушаалтныг өөрчлөх;

д/зөрчил шалгах нэмэлт ажиллагаа явуулах шаардлагатай бол хэрэг бүртгэлтийн хугацааг 14 хүртэл хоногоор сунгах;

е/зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлэхээр прокурорт танилцуулж, шийдвэрлүүлэх;

ё/шаардлагатай бол эрх бүхий албан тушаалтны бүрэн эрхийг хэрэгжүүлэх.

Асуудлыг шийдвэрлэх дараалал

Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш шалгаж, харьяаллын дагуу шилжүүлэх, хүлээн авахаас татгалзах, хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх, зөрчлийн хэрэг нээх шийдвэрийн аль нэгийг гаргана.

Зөрчлийн хэрэг нээх. Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх, хүлээн авахаас татгалзах, хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэхээс бусад тохиолдолд зөрчлийн хэрэг нээнэ.

Зөрчлийн хэрэг танилцуулах. Эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгахаас өмнө оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийг зөрчлийн хэрэгтэй танилцуулна. Арван найман насанд хүрээгүй оролцогчид зөрчлийн хэргийг танилцуулахад түүний хууль ёсны төлөөлөгч, эсхүл өмгөөлөгчийг оролцуулна.

Зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгах. Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгаж,  зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох,  шийтгэл оногдуулах , хуульд заасан үндэслэл байгаа бол шийтгэлээс чөлөөлөх шийдвэрийн аль нэгийг гаргана.

  • Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх

Зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх талаар хуульд заасан үндэслэл байгаа тохиолдолд холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, эсвэл зөрчил үйлдсэн нь холбогдох баримтаар тогтоогдож байгаа бол энэхүү журмаар хянан шийдвэрлэдэг.  Үүнд:

а/зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол;

б/зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол;

в/зөрчил үйлдсэн болох нь стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон бол.

Эрүүгийн хэргийн шүүхээс хянан шийдвэрлэх зөрчлийн хувьд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тохиолдолд шүүхээс өмнөх шатанд тухайн зөрчлийг эрх бүхий албан тушаалтан шалган шийдвэрлэх боломжтой болох юм. Ингэснээрээ шийдвэр түргэн шуурхай гарч, хэргийн оролцогчийн цаг хугацаа, зардал зэргийг хэмнэх давуу талтай байдаг.

Зөрчил шалган шийдвэрлэх тусгай журам. Цагдаагийн байгууллагын эрх бүхий албан хаагч нь Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйл /Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах/-ийн 3 дахь хэсэг, 5.2 дугаар зүйл /Танхайрах/, 5.4 дүгээр зүйл /Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих/-ийн 4 дэх хэсэг, 5.8 дугаар зүйл /Жагсаал, цуглаан зохион байгуулах журам зөрчих/-ийн 6 дахь хэсэг, 8.6 /Хулгайлах/, 8.7 дугаар зүйл /Хөрөнгө завших/, 14.7 дугаар зүйл /Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих/-ийн 5 дахь зөрчлийг шалгахдаа ердийн журмаас гадна тусгай журмыг заавал баримтална.

Асуудлыг шийдвэрлэх хугацаа

Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор шалгана.

Хэрэг бүртгэлтийн үндсэн хугацаа нь 14 хоног байна. Нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан 14 хоног, мөн энэ үндэслэлээр прокурор 30 хүртэл хоног нэмж сунгаж болно.

Зөрчлийн хэрэг нээсэн өдрөөс эхлэн зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг тоолох бөгөөд Зөрчлийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлсэн тохиолдолд хэрэг бүртгэлтийн хугацааг үргэлжлүүлэн тоолно.

Асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд гомдол гаргах

Зөрчлийн хэргийн оролцогч хэрэг бүртгэлтийн шатанд эрх бүхий албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны талаар прокурорт гомдол гаргах эрхтэй бөгөөд хуульд зааснаар гомдлоо заавал бичгээр гаргана.

Зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад гаргасан прокурорын шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан эс зөвшөөрвөл шийдвэрийг гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор тухайн нэгжийн дээд шатны прокурорт гомдол гаргана.

Прокурор гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шийдвэрлэх бөгөөд шийдвэрээ гомдол гаргагчид танилцуулах, эсвэл хүргүүлэх ажиллагааг заавал хийнэ.

Гомдол гаргагч прокурорын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор дээд шатны прокурорт нь гомдол гаргах эрхтэй.

Дээд шатны прокурорт нь гомдлыг хүлээн авснаасаа хойш ажлын 5 өдрийн дотор хянан шийдвэрлэх бөгөөд энэхүү шийдвэрт оролцогч гомдол гаргах эрхгүй. Өөрөөр хэлбэл эрх бүхий албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд гомдол гаргах шат үүгээр дуусч буй юм.

Прокурор гомдлыг шийдвэрлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.6, 15.7 дугаар зүйлд заасан журмыг баримтална.

  • Хүсэлт гаргах /Зөрчлийн тухай хууль 1.13/

Зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах тухай хүсэлтийг хэргийн оролцогч зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд эрх бүхий албан тушаалтанд амаар эсхүл бичгээр гаргаж болно.

Эрх бүхий албан тушаалтан нь оролцогчоос гаргасан хүсэлтийг хангах үндэслэл тодорхой бол даруй, шалгах шаардлагатай бол түүнийг хүсэлт гаргаснаас хойш ажлын 3 өдрийн дотор багтаан хүсэлтийг хангах, хэсэгчлэн хангах, хангахаас татгалзах шийдвэрийн аль нэгийг гаргана.

Эрх бүхий албан тушаалтнаас оролцогчийн хүсэлтийг шийдвэрлэх, уг шийдвэрт гомдол гаргахад өмнө дурдсан “Эрх бүхий албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд гомдол гаргах” журмын зохицуулалт мөн адил үйлчилнэ.

Зөрчлийн хэргийн оролцогч хэрэг бүртгэлтийн шатанд эрх бүхий албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны талаар прокурорт гомдол гаргах эрхтэй бөгөөд хуульд зааснаар гомдлоо заавал бичгээр гаргана.

Зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад гаргасан прокурорын шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан эс зөвшөөрвөл шийдвэрийг гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор тухайн нэгжийн дээд шатны прокурорт гомдол гаргана.

Прокурор гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шийдвэрлэх бөгөөд шийдвэрээ гомдол гаргагчид танилцуулах, эсвэл хүргүүлэх ажиллагааг заавал хийнэ.

Гомдол гаргагч прокурорын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор дээд шатны прокурорт нь гомдол гаргах эрхтэй.

Дээд шатны прокурорт нь гомдлыг хүлээн авснаасаа хойш ажлын 5 өдрийн дотор хянан шийдвэрлэх бөгөөд энэхүү шийдвэрт оролцогч гомдол гаргах эрхгүй. Өөрөөр хэлбэл эрх бүхий албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд гомдол гаргах шат үүгээр дуусч буй юм.

Прокурор гомдлыг шийдвэрлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.6, 15.7 дугаар зүйлд заасан журмыг баримтална.

  • Хүсэлт гаргах /Зөрчлийн тухай хууль 1.13/

Зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах тухай хүсэлтийг хэргийн оролцогч зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд эрх бүхий албан тушаалтанд амаар эсхүл бичгээр гаргаж болно.

Эрх бүхий албан тушаалтан нь оролцогчоос гаргасан хүсэлтийг хангах үндэслэл тодорхой бол даруй, шалгах шаардлагатай бол түүнийг хүсэлт гаргаснаас хойш ажлын 3 өдрийн дотор багтаан хүсэлтийг хангах, хэсэгчлэн хангах, хангахаас татгалзах шийдвэрийн аль нэгийг гаргана.

Эрх бүхий албан тушаалтнаас оролцогчийн хүсэлтийг шийдвэрлэх, уг шийдвэрт гомдол гаргахад өмнө дурдсан “Эрх бүхий албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд гомдол гаргах” журмын зохицуулалт мөн адил үйлчилнэ.

1. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотой  мэдээллийг хаанаас авч болох вэ?

Зөрчлийн хэргийн оролцогчдод хууль, эрх зүйн асуудлаар мэдээлэл шаардлагатай бол Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан, Эрх зүйн цахим хөтөч, хууль зүйн мэдээлэл, зөвлөгөө өгөх клиник төвүүдээс мэдээлэл авах боломжтой.

Зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэх ажиллагааны талаарх мэдээлэл шаардлагатай бол цагдаагийн байгууллага, прокурорын байгууллага  дахь мэдээлэл, дүн шинжилгээ хариуцсан алба хаагчдаас, харин хянан шийдвэрлэх ажиллагааны талаарх мэдээлэл шаардлагатай бол шүүх байгууллага дахь мэдээлэл лавлагааны мэргэжилтнүүдээс  мэдээлэл авах боломжтой.

2. Зөрчил үйлдсэн тохиолдол бүрд хэрэг нээгдэж, шалган шийдвэрлэх үү?

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны дараалал ёсоор эхлээд зөрчлийн хэрэг нээх ажиллагаа хийгддэг. Энэ нь тохиолдол бүрд хийгдэхгүй. Тухайлбал, Зөрчлийн тухай хуулийн 1.9-д заасан “зөрчлийн шинжгүй, Зөрчлийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, тухайн зөрчилд хариуцлага тооцсон хуулийн зүйл, хэсэг, заалт хүчингүй болсон, зөрчил үйлдсэн хүн нас барсан, тухайн зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны, эсхүл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр бол” гэсэн тохиолдлуудад зөрчлийн хэрэг нээхгүй учир хэрэг бүртгэлтийн ажиллагаа болон шалган шийдвэрлэх ажиллагаа хийгдэхгүй.

3. Зөрчлийн шинж гэж юу вэ?

Зөрчил гэсэн ойлголтыг бүрдүүлж буй агуулга нь өөрөө зөрчлийн шинж болдог бөгөөд зөрчил нь 2 үндсэн шинжээс бүрдэж байна. Нэгдүгээрт, хууль эсвэл хэм хэмжээний акт зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй байх, Хоёрдугаарт, тэр үйлдэл, эс үйлдэхүйд зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулахаар заасан байх гэсэн шинжүүд юм. Зөрчил үйлдсэн гэх холбогдогчийн үйлдэл, эс үйлдэхүйд энэ 2 шинж хоёулаа байвал зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийг үйлдсэн гэж үзнэ.

4. Шийтгэлийн хуудас гэж юу вэ?

Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан шийдвэрийг шийтгэлийн хуудас гэнэ. Шийтгэлийн хуудсанд зөрчлийг шалган шийдвэрлэсэн он, сар, өдөр, шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай, түүнийг сайн дураараа биелүүлэх хугацаа, хэлбэр, нөхцөл, хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана.

Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд үүргээ биелүүлээгүйтэй нь холбогдуулан шийтгэл оногдуулсан бол уг үүргээ нөхөн биелүүлэхийг даалгах, эсхүл үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой зардлыг гаргуулах агуулгыг шийтгэлийн хуудсанд тусгасан байдаг.

5. Шийтгэлийн ямар төрлүүд байдаг вэ?

Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтоох зорилготой байдаг.

Зөрчлийн тухай хуулийн 3.3-т зааснаар зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах дараах шийтгэлүүд байдаг. Үүнд: 

1.торгох шийтгэл;

2.баривчлах шийтгэл;

      3.эрх хасах шийтгэл.

            Шийтгэл нь үндсэн болон нэмэгдэл шийтгэл, албадлагын арга хэмжээ гэсэн төрөлтэй бөгөөд торгох, баривчлах шийтгэлийг үндсэн, эрх хасах шийтгэлийг нэмэгдэл шийтгэлийн хэлбэрээр оногдуулдаг.

Хүнд оногдуулах шийтгэл. Зөрчил үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хүн зөрчил үйлдсэн бол шийтгэл оногдуулна. Зөрчил үйлдсэн хүний нас 16 наснаас эхлэх боловч зөрчил үйлдсэн арван зургаагаас арван найман насны хүний хувийн байдал, зөрчлийн шинж, зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан шийтгэлээс чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.

Хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл. Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан тохиолдолд хуулийн этгээдэд шийтгэл оногдуулахаар заасан. Энэ нь Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил бүрд хуулийн этгээдэд шийтгэл оногдуулахгүй, харин тусгай ангид хуулийн этгээдэд шийтгэл оногдуулахаар заасан зөрчлийн хувьд л шийтгэл оногдуулна гэж ойлгоно.


http://e-khutuch.mn/guide/print/26/235/all