ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Зөрчлийн тухай ойлголт, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа Хэрэг бүртгэлт

Хэрэг бүртгэлт

Асуудлыг шийдвэрлэх дараалал

Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш шалгаж, харьяаллын дагуу шилжүүлэх, хүлээн авахаас татгалзах, хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх, зөрчлийн хэрэг нээх шийдвэрийн аль нэгийг гаргана.

Зөрчлийн хэрэг нээх. Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх, хүлээн авахаас татгалзах, хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэхээс бусад тохиолдолд зөрчлийн хэрэг нээнэ.

Зөрчлийн хэрэг танилцуулах. Эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгахаас өмнө оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийг зөрчлийн хэрэгтэй танилцуулна. Арван найман насанд хүрээгүй оролцогчид зөрчлийн хэргийг танилцуулахад түүний хууль ёсны төлөөлөгч, эсхүл өмгөөлөгчийг оролцуулна.

Зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгах. Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгаж,  зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох,  шийтгэл оногдуулах , хуульд заасан үндэслэл байгаа бол шийтгэлээс чөлөөлөх шийдвэрийн аль нэгийг гаргана.

  • Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх

Зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх талаар хуульд заасан үндэслэл байгаа тохиолдолд холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, эсвэл зөрчил үйлдсэн нь холбогдох баримтаар тогтоогдож байгаа бол энэхүү журмаар хянан шийдвэрлэдэг.  Үүнд:

а/зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол;

б/зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол;

в/зөрчил үйлдсэн болох нь стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон бол.

Эрүүгийн хэргийн шүүхээс хянан шийдвэрлэх зөрчлийн хувьд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тохиолдолд шүүхээс өмнөх шатанд тухайн зөрчлийг эрх бүхий албан тушаалтан шалган шийдвэрлэх боломжтой болох юм. Ингэснээрээ шийдвэр түргэн шуурхай гарч, хэргийн оролцогчийн цаг хугацаа, зардал зэргийг хэмнэх давуу талтай байдаг.

Зөрчил шалган шийдвэрлэх тусгай журам. Цагдаагийн байгууллагын эрх бүхий албан хаагч нь Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйл /Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах/-ийн 3 дахь хэсэг, 5.2 дугаар зүйл /Танхайрах/, 5.4 дүгээр зүйл /Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих/-ийн 4 дэх хэсэг, 5.8 дугаар зүйл /Жагсаал, цуглаан зохион байгуулах журам зөрчих/-ийн 6 дахь хэсэг, 8.6 /Хулгайлах/, 8.7 дугаар зүйл /Хөрөнгө завших/, 14.7 дугаар зүйл /Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих/-ийн 5 дахь зөрчлийг шалгахдаа ердийн журмаас гадна тусгай журмыг заавал баримтална.


http://e-khutuch.mn/guide/print/26/235/decide_order