ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Зөрчлийн тухай ойлголт, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа Прокурорын хяналт

Прокурорын хяналт

Хуулийн зохицуулалт

Прокурор зөрчлийн хэрэг бүртгэлтэд хяналт тавих асуудлаар дараахь бүрэн эрхийг эдэлдэг.

а/зөрчлийн хэрэг бүртгэлт хуулийн хүрээнд явагдаж байгаа эсэхийг хянах;

б/зөрчлийг өөрөө илрүүлсэн, мэдээлэл хүлээн авсан бол харьяаллын дагуу шилжүүлэх;

в/энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 2, 4, 5 дахь хэсэгт заасан зөрчлийн хэрэг бүртгэлтийн харьяаллыг тогтоох;

г/оролцогчийн гаргасан гомдол, бусад үндэслэлээр зөрчлийн хэргийг хянах;

д/хуульд заасны дагуу зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг сунгах;

е/эрх бүхий албан тушаалтан, зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтны шийдвэр, ажиллагааны талаархи гомдлыг хянан шийдвэрлэх;

ё/прокурорын хяналтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулах талаар эрх бүхий байгууллагад шаардлага хүргүүлэх;

ж/энэ хуульд заасан прокурорын зөвшөөрлөөр явуулах ажиллагааны зөвшөөрөл олгох, хойшлуулшгүй тохиолдолд прокурорын зөвшөөрөлгүй явуулсан ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан эсэхийг хянаж, хүчинтэйд тооцох эсэхийг шийдвэрлэх;

з/зөрчлийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх;

и/зөрчил шалгах тодорхой ажиллагааг гүйцэтгүүлэхээр даалгавар өгөх;

к/эрх бүхий албан тушаалтны эрх хязгаарлах арга хэмжээ хэрэгжүүлэхтэй холбоотой гаргасан саналыг шийдвэрлэх;

л/энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрх хязгаарлах арга хэмжээний хууль зүйн үндэслэлийг хянаж, үндэслэлгүй арга хэмжээ авсан бол цуцлах, саатуулагдсан хүнийг суллах;

м/зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад эрх бүхий албан тушаалтан хууль зөрчсөн бол зөрчлийг тухайн эрх бүхий албан тушаалтнаар шалгуулахыг зогсоох талаар дээд шатны албан тушаалтанд шаардлага хүргүүлэх;

н/зөрчлийн хэрэг бүртгэлт, хяналтын ажилд шаардлагатай мэдээ, судалгаа, баримт бичгийг гаргуулан авах, газар дээр нь танилцах, иргэн, албан тушаалтнаас тайлбар авах;

о/тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжтэй бол эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, эсхүл эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, харьяаллын дагуу шилжүүлэх;

ө/зөрчлийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцох;

п/хуульд заасан бусад.

Асуудлыг шийдвэрлэх байгууллага

Прокурор нь өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлын хүрээнд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд хяналт тавина.

Асуудлыг шийдвэрлэх дараалал

Прокурор дараахь үндэслэл тогтоогдвол эрх бүхий албан тушаалтны зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хүчингүй болгож эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах, эсхүл зөрчлийн хэрэг бүртгэлтэд буцаана.

а/гэмт хэргийн шинжтэй бол;

б/илтэд зөрчил үйлдсэн.

Прокурор дээрх шийдвэр гаргасан даруй эрх бүхий байгууллагад хэргийг шилжүүлнэ.

Асуудлыг шийдвэрлэх хугацаа

Хэрэг бүртгэлтийн шатанд хяналт тавих ажиллагаа нь хэрэг бүртгэлтийн үндсэн болон нэмэлт хугацааны дотор хийгдэнэ. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар нийтлэг зөрчилд 58 хоног, зарим зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа 148 хоногоор тус тус тоологдсон.[1]

 

[1] Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль. Сургагч багш нарт зориулсан гарын авлага. Уб., 2017 он. 76-77 дахь тал.

Асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд гомдол гаргах

Зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад гаргасан прокурорын шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан эс зөвшөөрвөл шийдвэрийг гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор тухайн нэгжийн дээд шатны прокурорт гомдол гаргана.

Гомдлыг хүлээн авсан тухайн нэгжийн дээд шатны прокурор ажлын 5 өдрийн дотор хянан шийдвэрлэнэ. Гомдлыг шийдвэрлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.6, 15.7 дугаар зүйлд заасан журмыг баримтална.

Прокурор нь “тухайн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцогч бол”,  “тухайн зөрчлийн хэрэг бүртгэлт явуулж байгаа эрх бүхий албан тушаалтан, зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан, өмгөөлөгч, оролцогчийн гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн бол” Оролцогч нь прокурорыг татгалзан гаргах хүсэлтийг тухайн нэгжийн дээд шатны прокурорт гаргаж болно:

Тухайн нэгжийн дээд шатны прокурор хүсэлтийг үндэслэлгүй гэж үзвэл хангахаас татгалзах, үндэслэлтэй гэж үзвэл хүсэлтийг хангаж, өөр прокурор томилно. Дээд шатны прокурорын хүсэлтийг хянаад гаргасан шийдвэрт оролцогч дахин гомдол гаргах эрхгүй.

1. Прокурорын зөвшөөрлөөр хийгдэх ямар ажиллагаа байдаг вэ?

            Орон байранд үзлэг хийх, байгууллага хувь хүний нууцтай холбоотой мэдээлэл, баримт бичгийг холбогдох байгууллага, албан тушаалтнаас гаргуулан авах, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, хүнд холбогдуулан шинжилгээ хийлгэх зэрэг ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр хийдэг.  

2. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд ямар зардал хамаарах вэ?

            Энэхүү задал нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэхэд гарсан зардал бөгөөд дараах зардлаас бүрддэг.        

- Хохирогч, гэрч, шинжээч, орчуулагч, хэлмэрчид төлөх зардал

- Эд мөрийн баримтыг хадгалах, шилжүүлэх, шинжлүүлэхэд гарах зардал

- Тухайн зөрчил шалган шийдвэрлэх шууд холбогдон гарах бусад зардал

- Хохирол, хор уршгийн үнэлгээ, шинжилгээ хийлгэхтэй холбоотой зардал

3. Ямар тохиолдолд зөрчлийн үр дагаврыг арилгахыг даалгах арга хэмжээ авдаг вэ?

            Эрх бүхий албан тушаалтан өөрийн саанчлагаар эсвэл хуульд зааснаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх бөгөөд зөрчлийн үр дагаварыг арилгах хугацаа тогтоож өгдөг.

- зөрчлийн үр дагаврыг арилгах зорилгоор ариутгах, хоргүйжүүлэх, цэвэршүүлэх, засвар үйлчилгээ хийх,

- холбогдох бүтээгдэхүүнийг борлуулахыг хориглох,

- иргэний гүйлгээнээс буцаан татах,

- хохирлыг нөхөн төлүүлэх,

- зөрчлийг арилгах хүртэлх хугацаанд үйл ажиллагаа, ашиглалтыг зогсоох, энэ талаар олон нийтэд зарлан мэдээлэх.  

Тогтоосон хугацаанд үр дагаварыг арилгаагүй, энэхүү арга хэмжээний зардлыг төлөөгүй бол энэ талаар шүүхэд хүсэлт гаргаж, албадан гүйцэтгүүлнэ.

4. Саатуулах эрх бүхий албан тушаалтан, хугацаа ямар байдаг вэ? 

Дараахь эрх бүхий албан тушаалтан доор дурдсан үндэслэл, хугацаагаар хүнийг саатуулна. Үүнд:

Тагнуулын болон цагдаагийн байгууллагын эрх бүхий алба хаагч, хилийн төлөөлөгч, түүний орлогч, туслах, гадаадын иргэний хяналтын улсын байцаагч холбогдогчийг хэн болохыг тогтоох зорилгоор 6 цаг хүртэл хугацаагаар;

Цагдаагийн байгууллагын эрх бүхий алба хаагч зөрчил үйлдсэн согтуурсан, мансуурсан холбогдогчийг 24 цаг хүртэл хугацаагаар;

Хилийн төлөөлөгч, түүний орлогч, туслах хилийн дэглэм зөрчсөн хүний хувийн байдлыг тогтоох зорилгоор 7 хүртэл хоногийн хугацаагаар;

Гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн гаргасан хүсэлтээр холбогдогчийн хувийн байдлыг тогтоох, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж болзошгүй бол эрүүгийн хэргийн шүүх тухайн гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг 14 хүртэл хоногийн хугацаагаар.

Эрүүгийн хэргийн шүүх гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн гаргасан хүсэлтээр энэ зүйлийн гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг саатуулах хугацааг 30 хүртэл хоногоор нэг удаа сунгаж болно.


http://e-khutuch.mn/guide/print/26/236/all