ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Зөрчлийн тухай ойлголт, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа Прокурорын хяналт

Прокурорын хяналт

1. Прокурорын зөвшөөрлөөр хийгдэх ямар ажиллагаа байдаг вэ?

            Орон байранд үзлэг хийх, байгууллага хувь хүний нууцтай холбоотой мэдээлэл, баримт бичгийг холбогдох байгууллага, албан тушаалтнаас гаргуулан авах, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, хүнд холбогдуулан шинжилгээ хийлгэх зэрэг ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр хийдэг.  

2. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд ямар зардал хамаарах вэ?

            Энэхүү задал нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэхэд гарсан зардал бөгөөд дараах зардлаас бүрддэг.        

- Хохирогч, гэрч, шинжээч, орчуулагч, хэлмэрчид төлөх зардал

- Эд мөрийн баримтыг хадгалах, шилжүүлэх, шинжлүүлэхэд гарах зардал

- Тухайн зөрчил шалган шийдвэрлэх шууд холбогдон гарах бусад зардал

- Хохирол, хор уршгийн үнэлгээ, шинжилгээ хийлгэхтэй холбоотой зардал

3. Ямар тохиолдолд зөрчлийн үр дагаврыг арилгахыг даалгах арга хэмжээ авдаг вэ?

            Эрх бүхий албан тушаалтан өөрийн саанчлагаар эсвэл хуульд зааснаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх бөгөөд зөрчлийн үр дагаварыг арилгах хугацаа тогтоож өгдөг.

- зөрчлийн үр дагаврыг арилгах зорилгоор ариутгах, хоргүйжүүлэх, цэвэршүүлэх, засвар үйлчилгээ хийх,

- холбогдох бүтээгдэхүүнийг борлуулахыг хориглох,

- иргэний гүйлгээнээс буцаан татах,

- хохирлыг нөхөн төлүүлэх,

- зөрчлийг арилгах хүртэлх хугацаанд үйл ажиллагаа, ашиглалтыг зогсоох, энэ талаар олон нийтэд зарлан мэдээлэх.  

Тогтоосон хугацаанд үр дагаварыг арилгаагүй, энэхүү арга хэмжээний зардлыг төлөөгүй бол энэ талаар шүүхэд хүсэлт гаргаж, албадан гүйцэтгүүлнэ.

4. Саатуулах эрх бүхий албан тушаалтан, хугацаа ямар байдаг вэ? 

Дараахь эрх бүхий албан тушаалтан доор дурдсан үндэслэл, хугацаагаар хүнийг саатуулна. Үүнд:

Тагнуулын болон цагдаагийн байгууллагын эрх бүхий алба хаагч, хилийн төлөөлөгч, түүний орлогч, туслах, гадаадын иргэний хяналтын улсын байцаагч холбогдогчийг хэн болохыг тогтоох зорилгоор 6 цаг хүртэл хугацаагаар;

Цагдаагийн байгууллагын эрх бүхий алба хаагч зөрчил үйлдсэн согтуурсан, мансуурсан холбогдогчийг 24 цаг хүртэл хугацаагаар;

Хилийн төлөөлөгч, түүний орлогч, туслах хилийн дэглэм зөрчсөн хүний хувийн байдлыг тогтоох зорилгоор 7 хүртэл хоногийн хугацаагаар;

Гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн гаргасан хүсэлтээр холбогдогчийн хувийн байдлыг тогтоох, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж болзошгүй бол эрүүгийн хэргийн шүүх тухайн гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг 14 хүртэл хоногийн хугацаагаар.

Эрүүгийн хэргийн шүүх гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн гаргасан хүсэлтээр энэ зүйлийн гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг саатуулах хугацааг 30 хүртэл хоногоор нэг удаа сунгаж болно.


http://e-khutuch.mn/guide/print/26/236/faq