ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Зөрчлийн тухай ойлголт, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа Шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа

Шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа

1. Хэд хэдэн зөрчил зэрэг үйлдсэн тохиолдолд ямар хариуцлага хүлээх вэ?

Зөрчлийн тухай хуулийн 3.1-д “Нэг үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, эсхүл түүнээс дээш зөрчлийн шинжтэй бол аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд нь шийтгэл оногдуулна” гэж хуульчилсан байдаг. Шийтгэлийг оногдуулахдаа зөрчил тус бүрд шийтгэл оногдуулахгүй хамгийн хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчил дэх шийтгэлийг сонгож оногдуулах бөгөөд үндсэн шийтгэл дээр нэмэгдэл шийтгэл, албадлагын арга хэмжээг нэмж оногдуулж болно. Энэ тохиолдолд хамгийн хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчлөөс бусад зөрчилд оногдуулахаар заасан нэмэгдэл шийтгэл, албадлагын арга хэмжээнээс оногдуулах юм.

2. Шийтгэлийг биелүүлээгүй бол ямар үр дагавартай вэ?

Торгох шийтгэлийн хувьд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасны дагуу торгох шийтгэлийг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх баривчлах шийтгэлээр сольдог. Ийнхүү солихдоо эрх бүхий албан тушаалтнаас шийтгэлийг солих талаар санал гарсан байхыг шаарддаг.

Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд тусгайлан олгогдсон зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах, эрхээ хэрэгжүүлэх хууль, захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон журмыг байнга, эсхүл ноцтой зөрчсөн, эсхүл тусгайлан олгогдсон зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах, эрхээ хэрэгжүүлэх журмыг зөрчсөн зөрчилд нь оногдуулсан шийтгэлийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн бол эрх хасах шийтгэлийг үндсэн шийтгэл дээр нэмж оногдуулна.

3. Зөрчлийн хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаж болох уу?

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1-д зааснаар эрүүгийн хэргийн шүүх нь давж заалдах шатны журмаар мөн зөрчил хянан шийдвэрлэдэг.

Зөрчлийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр /шийтгэвэр/-ийг эс зөвшөөрвөл эрх бүхий албан тушаалтан, оролцогч гомдол гаргаж, прокурор эсэргүүцэл бичиж болох бөгөөд энэхүү гомдол, эсэргүүцлийг шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр болдог.

4. Зөрчлийн хэргийг зөвхөн шүүх шийдвэрлэх үү?

            Шүүх шууд харьяалан шийдвэрлэх зөрчлийн хэргийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан байдаг. Үүнээс гадна эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрт гаргасан гомдлын дагуу мөн прокурорын дүгнэлтээр тус тус зөрчлийн хэргийг шүүх хянан шийдвэрлэнэ.

            Иймд шүүх харьяалан шийдвэрлэхээр хуульд заагаагүй зөрчлийн хэргийн хувьд эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэр буюу торгуулийн хуудас гарч, түүнд гомдол гаргаагүй бол тухайн торгуулийн хуудас нь зөрчлийн хэргийн эцсийн шийдвэр болно.


http://e-khutuch.mn/guide/print/26/237/faq