ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Эрүүл мэндийн үйлчилгээ Эрүүл мэндийн даатгалаар эдлэх тусламж, үйлчилгээ

Эрүүл мэндийн даатгал: Төр, иргэн, хуулийн этгээдээс хуульд заасан журмын дагуу эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, эрүүл мэндийн даатгалын санг урьдчилан бүрдүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг хэлнэ. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага: Эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан эрүүл мэндийн байгууллага болон магадлан итгэмжлэгдсэн спортын клуб, эмийн сан хэлнэ.

Асуулт 1. Харьяалал харгалзахгүй эмээ авч болох уу? Хэдэн нэр төрлийн эмийг хэдэн хувиар хөнгөлдөг вэ?

Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээ”-г шинэчлэн баталлаа.Шинэчилсэн жагсаалтаар 173 ерөнхий нэршлийн 650 гаруй худалдааны нэрийн эмэнд 20-80 %-ийн, хүүхдийн зайлшгүй шаардлагатай 61 ерөнхий нэршлийн 170 гаруй худалдааны нэрийн эмэнд 50-80 %-ийн хөнгөлөлтийг үзүүлнэ. Харьяалал харгалзахгүй.

Асуулт 2. Хувийн эмнэлэгт хийлгэсэн оношилгоо шинжилгээний төлбөрийн даатгалаас төлүүлж болох уу?

Эрүүл мэндийн даатгалтай гэрээ байгуулсан эрүүл мэндийн байгууллагуудад эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг тооцохтой холбоотой харилцааг зохицуулсан журам байдаг. Уг журамд өвчний учир эмчийн бичсэн заалтын дагуу хийгдсэн оношилгоо, шинжилгээний төлбөрийг төрийн өмчийн эрүүл мэдийн байгууллагуудад эрүүл мэндийн даатгалын сангаас төлөхөөр заасан байдаг.

Асуулт 3. Эмийн үнэ яагаад харилцан адилгүй байна вэ?

Эрүүл мэндийн даатгалтай гэрээ байгуулсан эмийн сангууд нь Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх жагсаалтаар батласан үнийн дээд хязгаарыг баримтлан ажиллах ёстой. Даатгуулагчдад мэдээлэл нээлттэй байх үүднээс уг жагсаалтыг гэрээт эмийн сан бүр ил байршуулсан байдаг тул лавлах нягтлах боломжтой юм. Манай байгууллага нь үнийн дээд хязгаарыг хэтрүүлсэн эсэхэд хяналт тавьж ажилладаг бөгөөд эм нь үйлдвэрлэгдсэн газар, монгол улсад хаанаас худаалдаанд оруулж ирсэн зэргээс шалтгаалан харилцан адилгүй үнэтэй байдаг.

Асуулт 4. Хэвтэн эмчлүүлэхдээ гаднаас авсан мөн эм тарианы мөнгийг хаанаас авах вэ?

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлд тусламж үйлчилгээ үзүүлэгч эрүүл мэндийн байгууллагын эрх болон үүргийн тухай заасан байдаг. Үүнд даатгуулагчийг хэвтүүлэн эмчлэх үед өвчний түүхэнд бичигдсэн эм, тариа, материалын зардлыг өөрөөр нь гаргуулсан тохиолдолд зах зээлийн жишиг үнээр тооцон буцаан олгох үүрэгтэй тул хэвтүүлэн эмчлүүлсэн эмнэлгийн санхүүгийн газарт хандан өргөдөл гарган шийдвэрлүүлнэ.

Асуулт 5. Өндөр үнэтэй хагалгаа хийлгэхэд төлсөн төлбөрөө эрүүл мэндийн даатгалаас авч болох уу?

Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих өндөр өртөгтэй зарим сэргээн засах үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, сэргээн засах зориулалтаар хийгдэх протезийн жагсаалт, түүний жишиг үнэ даатгалын сангаас олгох төлбөрийн хэмжээний дагуу тусламж үйлчилгээ үзүүлсэн эрүүл мэндийн байгууллагад олгохоор зохицуулсан байдаг.

 


http://e-khutuch.mn/guide/print/3/449/faq