ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Нотариатын үйлчилгээ Баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэх

Баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэх

Хуульд харшлаагүй, агуулга нь ойлгомжтой, алдаагүй, засваргүй баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг нотариатч, нотариатын үүрэг гүйцэтгэгч гэрчилнэ.

Шүүх цагдаагийн болон холбогдох бусад байгууллагад гаргах бүх төрлийн өргөдөл, хүсэлт, тодорхойлолт, \гэрчийн мэдүүлэг, өвлөх эрхээсээ татгалзах өргөдөл, хүүхэд үрчлүүлэхийг, үрчлэхийг хүссэн, гадаадын иргэнтэй гэрлэхийг хүссэн, гэрлэлт цуцлуулахыг хүссэн, хэн нэгнийг ажилд ороход нь өмнөөс нь хариуцлага хүлээж батлан даахаа амласан, тодорхой хугацааны дараа мөнгө төлөхөөр амласан амлалт, төлбөр тооцоо төлж барагдуулсан тухай, хурлын тэмдэглэлд зурсан гарын үсэг г.м \ иргэний болон хуулийн этгээдийн харилцах данснаас гүйлгээ хийх албан тушаалтны гарын үсэг гэх мэт байж болно.

Энэ үйлдэл мөн нотариатын үүрэг гүйцэтгэгч нараар ихээхэн хийгддэг.  Итгэмжлэлээс ялгаатай. Итгэмжлэл бол хэн нэгэнд ямар нэг үүрэг гүйцэтгүүлэхээр эрх олгож байгаа бол гарын үсэг нь тухайн бичсэн зүйлийнхээ үнэн зөвийг нотолж, өөрөө хүлээн зөвшөөрч байна  гэдгээ гэрчлүүлж байгаа үйлдэл юм.

Бичиг баримтад зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэхдээ өөрийн ажлын байранд үйлчлүүлэгчийг биечлэн ирсэн тохиолдолд үйлчлэх бөгөөд тухайн баримт бичиг болон бүртгэлийн дэвтэрт гарын үсгийг, гарын үсгийн тайлалын хамт нотариатчийн дэргэд зуруулна.

Хуулийн этгээдийн банк, банк бус санхүүгийн байгууллага дахь харилцах данснаас гүйлгээ хийх эрх бүхий этгээдийн гарын үсгийг гэрчлэхдээ тухайн байгууллагаас тусгай маягт авсан байх бөгөөд маягтад дээрхи хүмүүсийн гарын үсгийн хэв маягаас гадна тухайн байгууллагын тамга, тэмдэг заавал дарагдсан байна. Тамга тэмдгийг мөн бүртгэлийн дэвтэрт даруулж авч үлдэнэ. Тухайн гарын үсэг зурж буй этгээдийн төлөөлөх эрхийг нотолсон бичиг баримтыг шалгах ёстой. Үүнд: уг этгээдийг тухайн албан тушаалд томилсон тушаал, сонгосон тогтоол, шийдвэр, холбогдох байгууллагаас олгосон итгэмжлэл хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ дүрэм зэргийг давхар шалгана.

Гадаад хэл дээр үйлдэгдсэн баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэхдээ түүний албан ёсны орчуулгыг үндэслэх бөгөөд тухайн орчуулгыг нотариатч өөрт үлдэх хувьтай хавсарган авч үлдэнэ.

Хэлгүй, дүлийн, хараагүй иргэний хувьд түүний гарын үсгийг зуруулахдаа гэрчийг байлцуулна. Хэрэв үйлчлүүлэгч эрхтэн дутуу, бичиг үсэг мэдэхгүйн улмаас гарын үсэг зурах боломжгүй бол Нотариатын тухайн хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу тэмдэглэл үйлдэж, баримт бичигт хавсаргана.


http://e-khutuch.mn/guide/print/30/349/advice