ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Нотариатын үйлчилгээ Баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэх

Баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэх

Хуулийн зохицуулалт

Гарын үсэг гэрчлэх

  • Нотариатч хуульд нийцсэн баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчилнэ.
  • Нотариатч хуулийн этгээдийг төлөөлсөн эрх бүхий албан тушаалтны гарын үсгийг гэрчлэх бол тухайн байгууллагын тамга, тэмдэг дарагдсан эсэхийг нягтална.
  • Үйлчлүүлэгч биечлэн ирж тухайн баримт бичиг болон нотариатын үйлдлийн бүртгэлийн дэвтэрт гарын үсгээ зурна.

Нотариатын үйлдэл хийх заавраас:

Арван дөрөв. Баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэх

14.1.Нотариатч нь баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийн 44 дүгээр зүйлийг баримтална. Хуульд харшлаагүй, агуулга нь ойлгомжтой, алдаагүй, засваргүй баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг нотариатч гэрчилнэ.

14.2.Төрийн эрх бүхий байгууллагаас олгодог иргэний улсын бүртгэл /төрсний, гэрлэсний, нас барсны гэх мэт/-ийн баримт бичигт зурсан гарын үсгийг гэрчлэхгүй./ХЗДХС-ын 2021 оны А/210 дугаар тушаалаар өөрчилсөн/

14.3.Хуулийн этгээдийн банк, банк бус санхүүгийн байгууллага дахь харилцах данснаас гүйлгээ хийх албан тушаалтны гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэхдээ гарын үсэг зурж буй этгээдийн төлөөлөх эрхийг гэрчилсэн нотлох баримтыг шалгана. Үүнд уг этгээдийг тухайн албан тушаалд томилсон тушаал буюу сонгосон тогтоол/шийдвэр/, холбогдох байгууллагаас олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм зэрэг хамаарна.

14.4.Хуулийн этгээдийн банк, банк бус санхүүгийн байгууллага дахь харилцах данснаас гүйлгээ хийх эрх бүхий этгээдийн гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэх маягтад дээрх хүмүүсийн гарын үсгийн хэв, маяг, тухайн байгууллага, аж ахуйн нэгжийн тамга/тэмдэг/ дарагдсан байна.

14.5.Нотариатч нь баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэхдээ өөрийн ажлын байранд үйлчлүүлэгчийг биечлэн ирсэн тохиолдолд үйлчлэх бөгөөд тухайн баримт бичиг, нотариатын үйлдлийн бүртгэлийн дэвтэрт гарын үсгийг нь тус тус зуруулна.

Харин хуулийн этгээдийн банк, банк бус санхүүгийн байгууллага дахь харилцах данснаас гүйлгээ хийх албан тушаалтны гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэхдээ бүртгэлийн дэвтэрт тухайн байгууллага, аж ахуйн нэгжийн тамга /тэмдэг/-ыг гарын үсгийн ойролцоо даруулна.

14.6.Хэлгүй, дүлий, хараагүй иргэний гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэхдээ үйлчлүүлэгчийн иргэний үнэмлэхийг шалгах ба үүнийг гарын үсэг зурах үед гэрчийг байлцуулна. Хэрэв үйлчлүүлэгч гарын үсэг зурах боломжгүй (эрхтэн дутуу, бичиг үсэг мэдэхгүй гэх мэт) тохиолдолд Нотариатын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу тэмдэглэл үйлдэж, баримт бичигт хавсаргана.

14.7.Гадаад хэл дээр үйлдэгдсэн баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэхдээ түүний албан ёсны орчуулгыг үндэслэх бөгөөд тухайн орчуулгыг нотариатын баримт бичигт заавал хавсаргана.

 


http://e-khutuch.mn/guide/print/30/349/law