ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Нотариатын үйлчилгээ Гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран болон дундаа хэсгээр өмчлөх эд хөрөнгөөс ногдох хэсгээ өмчлөх эрх гэрчлэх

Гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран болон дундаа хэсгээр өмчлөх эд хөрөнгөөс ногдох хэсгээ өмчлөх эрх гэрчлэх

Хуулийн зохицуулалт

Гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө харилцан тохиролцох журмаар хувааж болно.


Иргэний хууль:

125 дугаар зүйл. Гэр бүлийн хөрөнгө, түүний зохицуулалт

125.1.Гэр бүлийн хөрөнгө нь гэрлэгчдийн, гэр бүлийн бусад гишүүдийн хөрөнгөөс бүрдэнэ.

125.2.Гэрлэгчдийн хөрөнгийн эрхийн зарим харилцааг гэрээгээр зохицуулж болно.

126 дугаар зүйл. Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө

126.1.Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн.

126.2.Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид дараахь хөрөнгө хамаарна:

126.2.1.гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүн болон тэдгээрийн хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон болон бусад орлого, мөнгөн хуримтлал, шинээр бий болсон хөрөнгө;
126.2.2.гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн орлогоор олж авсан үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө;
126.2.3.ногдол хувь, үнэт цаас;
126.2.4.гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө;
126.2.5.гэр бүлийн гишүүн өөрийн хуваарьт хөрөнгөөс дундаа хамтран өмчлөхөд зориулж шилжүүлсэн хөрөнгө, мөнгөн хуримтлал.

126.3.Гэр бүлийн гишүүний хуваарьт эд хөрөнгийг гэр бүлийн бусад гишүүд их засвар хийсэн, шинэчилсэн, өөрчлөн тоноглосны улмаас үнэ нь үлэмж нэмэгдсэн, эсхүл анх гэр бүл болоход нь зориулагдсан /орон сууц, гэр, хашаа, байшин зэрэг/ бол хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болгон тогтоож болно.

126.4.Гэрлэснээс хойш гэр ахуйн ажил эрхэлсэн, хүүхэд асарсан, өвчтэй байсан болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар орлого олоогүй байсан эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн хөрөнгөө хамтран өмчлөх эрх эдэлнэ.

129 дүгээр зүйл. Гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг тодорхойлох

129.1.Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг дараахь тохиолдолд тодорхойлно:

129.1.1.гэр бүлийн гишүүн гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарахад ногдох хэсгийн талаар маргавал;
129.1.2.гэрлэгчдээс төлбөр гаргуулахад тэдгээрийн хуваарьт эд хөрөнгө хүрэлцэхгүй бол;
129.1.3.гэр бүлийн бусад гишүүнээс төлбөр гаргуулбал;
129.1.4.гэр бүлийн гишүүн нас барснаар өв нээгдсэн бол.

129.2.Гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байна.

130.2.Гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө харилцан тохиролцох журмаар хувааж болно.


Нотариатыны тухай хууль:

Гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгээ өмчлөх эрхийг гэрчлэх

Бичгээр байгуулсан гэрээг үндэслэн нотариатч гэрлэгчдийн эд хөрөнгийн эрхийг гэрчилж болох бөгөөд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүний өөрт ногдох хэсгийг өмчлөх эрх нь тухайн өдөр гэрлэгчдийн дундын өмчлөлд байсан эд хөрөнгөд хамаарах бөгөөд уг эд хөрөнгийн шинж байдлыг гэрээнд тодорхой тусгана.

Нотариатч гэрлэгчдийн өөрт ногдох хэсгийн өмчлөх эрхийг гэрчлэхдээ гэрлэлтийн гэрчилгээ, гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэр, нас барсны гэрчилгээ, сураггүй алга болсонд тооцсон, эсхүл нас барсан гэж зарласан шүүхийн шийдвэр, гэрлэгчдийн дундаа үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг нотолсон баримт бичгийг үндэслэнэ.

Үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө гэрлэгчдийн дундын хөрөнгийн бүрэлдэхүүнд байгаа эсэхийг гэрчлэхдээ уг эд хөрөнгийг зохих байгууллагад бүртгүүлсэн баримт бичиг, татвар, хураамж төлсөн баримт нотолгоог үндэслэл болгоно.

Банкны зээлээр орон сууц барьсан буюу их засвар хийсэн бол гэрлэгч тус бүрт ногдох хэсгийг өмчлөх эрхийг зээл олгогчийн лавлагааг үндэслэн гэрчилнэ.

Гэрлэгчдийн хэн нэг нь нас барсан бол тэдний дундын үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгөөс эхнэр буюу нөхрийн хүсэлтээр түүнд ногдох хэсгийн өмчлөх эрхийг энэ тухай өв залгамжлагчид мэдэгдэн тэмдэглэл хөтөлж, гарын үсэг зуруулсны дараа гэрчилнэ. Энэ мэдэгдэлд эхнэр буюу нөхөрт олгох эд хөрөнгийн бүрэлдэхүүнийг заана.

Нас барагчийн эхнэр буюу нөхөр нь түүний насанд хүрээгүй хүүхэд болон эрх зүйн чадамжгүй өв залгамжлагчийн хууль ёсны төлөөлөгч биш бол дээр дурдсан мэдэгдлийг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч /эцэг, /эх/, асран хамгаалагч, харгалзан дэмжигч/-д өгнө.

Мэдэгдлийг шуудангаар явуулж болох бөгөөд хэрэв өв залгамжлагч өөрөө биечлэн ирсэн бол нотариатч түүнд амаар мэдэгдэж, нас барагчийн эхнэр буюу нөхрийн өргөдөлтэй танилцуулан гарын үсэг зуруулна.

Нотариатын үйлдэл хийх заавар:

Арван хоёр. Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс тодорхой гишүүнд ногдох хэсгээ өмчлөх эрхийг гэрчлэх

12.1.Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс тодорхой гишүүнд ногдох хэсгээ өмчлөх эрхийг гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийн 48 дугаар зүйлийг баримтлана.

12.2.Гэр бүлийн аль нэг гишүүн  нас барснаар бусад  гишүүн өөрт ногдох хэсгээ тодорхойлуулах бол нас барсан эхнэр буюу нөхрийн нас барсны гэрчилгээ, гэрлэгсдийн   гэрчилгээ, гэрлэгсдийн дундаа  эд хөрөнгө өмчлөх эрхийг нотолсон баримт бичгийг үндэслэн гэрчилнэ.


http://e-khutuch.mn/guide/print/30/350/law