ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Нотариатын үйлчилгээ Гэрээ, хэлцэл гэрчлэх

Гэрээ, хэлцэл гэрчлэх

Хуульд заавал гэрчлүүлэхээр заасан гэрээ, хэлцэлээс гадна хуульд харшлаагүй, гэрээ хэлцэлийг талуудын хүсэлтээр гэрчилж байна.

Заавал гэрчлүүлэх.

  • Гэрлэгчдийн эд хөрөнгийн эрхтэй холбоотой гэрээ , хэлцэл
  • Орон сууц дангаар өмчлөх эрх үүсгэх хэлцэл
  • Үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэх хэлцэл
  • Бэлэн байгаа эд хөрөнгийг бусдад шилжүүлэх, хязгаартайгаар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ
  • Тодорхой хөрөнгө бэлэглэхээр амласан амлалт
  • Тэжээн тэтгэх гэрээ
  • Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах гэрээ, хэлцэл
  • Мөнгө буюу үнэт цаасыг банкинд хадгалуулахаар хүлээн авах гэрээ

Сүүлийн үед иргэд нотариатын үйлдлийн ач холбогдлыг улам илүү ойлгох болсон бөгөөд талууд хойшид гарах маргаанаас урьдчилан сэргийлэх, үүсч болох хохирол эрсдлээс өөрийгөө хамгаалах,  хийж буй гэрээгээ хуулийн хувьд хүчин төгөлдөр болгох, хөдөлшгүй нотлох баримтыг бий болгон үлдээж үл маргах шинжтэй болгох, аль аль талдаа хариуцлагыг бий болгох гэх мэт олон шалтгааны улмаас аль болох гэрээгээ  гэрчлүүлэхээр нотариатад хандах явдал ихэсч байна. Нийгэм хөгжихийн хэрээр гэрээний төрөл ч нэмэгдэж байна. Тиймээс хуулинд заавал гэрчлүүлэхээр заагаагүй боловч  үйлчлүүлэгчийн хүсэлтээр хуульд харшлаагүй ямар ч төрлийн гэрээ, хэлцэлийг гэрчилж болно.

Практик дээр дараахь төрлийн гэрээнүүд түлхүү хийгдэж байна.

  • үл хөдлөх эд хөрөнгө, орон сууц, хувийн сууц, газар, автомашин худалдах худалдан авах, бэлэглэх гэрээ
  • компанийн эрх шилжүүлэх, хувьцаа худалдах, бэлэглэх гэрээ
  • газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээ
  • үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх, орон сууц хөлслөх гэрээ
  • банк, банк бус санхүүгийн байгууллага, ХЗХоршооны зээл,барьцаа, фидуци, батлан даалтын гэрээ
  • иргэд хоорондын зээлийн гэрээ \ барьцаатай, барьцаагүй\
  • хамтран ажиллах гэрээ
  • ажил гүйцэтгэх гэрээ
  • сургалтын гэрээ
  • иргэд хооронд мөнгө хүлээлцсэн тухай хэлцэл г.м

Гэрээг гэрчлэхдээ хуульд нийцсэн болон талуудын хүсэл зоригийн илэрхийлэл мөн эсэхийг нягтлан шалгахаас гадна:

  • тухайн гэрээ хэлцэлийг талууд тэгш эрхийн үндсэн дээр байгуулсан эсэх,
  • бусдын дарамт шахалт болон бусад хүчин зүйлсийн нөлөөлөлд автаагүй эсэх,
  • агуулга нь үйлчлүүлэгчийн хүсэл зоригийг бүрэн илэрхийлж чадсан эсэх,
  • үүсэх үр дагавар, үр дүнд бодитой хандаж чадсан эсэх
  • үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хүлээх хариуцлагыг тодорхой тусгасан эсэхийг нягтлан шалгана. 

Нотариатч гэрээ хэлцэлийг нэг загварт оруулж  бэлэн маягт бөглөж гэрчлэхээс илүү үйлчлүүлэгч бүрийн гэрээнд тавих шаардлага, хүсэл зориг өөр өөр тул тэдний хүсэл зоригийн илэрхийллийг бүрэн хангах үүднээс үйлчлүүлэгч бүрт тохирсон гэрээний төсөл боловсруулан гэрчлэх болсон.

Нотариатч өөрөө үйлчлүүлэгчийн хүсэлтээр гэрээний төсөл боловсруулж өгч болох бөгөөд энэ тохиолдолд гэрээг гэрчлэхээс өмнө төслийг талуудад танилцуулна.

Талуудын боловсруулж ирсэн гэрээ хэлцэлийн агуулгыг заавал хянах ёстой бөгөөд тэдгээр нь хууль тогтоомж зөрчсөн, өөр гэрээ хэлцэлийг халхавчлах зорилго агуулсан, хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заагдсан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн зэрэг Иргэний хуульд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлийн шинжийг агуулсан, эсхүл хэлцэл хийсэн этгээд ноцтой төөрөгдсөн, мэхлэгдсэн, хүчинд автсан зэрэг Иргэний хуульд заасан хүчин төгөлдөр бусад тооцож болох хэлцэлийн шинж илэрвэл тухайн гэрээ хэлцлийг гэрчлэхгүй.

Гэрээ хэлцлийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан хийж болох бөгөөд энэ тохиолдолд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бүрэн эрх, итгэмжлэл нь хуульд нийцсэн шаардлага хангасан эсэхийг заавал нягтлан шалгана.

Нотариатч гэрчилсэн гэрээ хэлцлийн хувийг талуудад өгч өөрт үлдэх хувийг холбогдох баримт бичгийн хамт хавсарган архивт авч үлдэнэ.


http://e-khutuch.mn/guide/print/30/351/advice