ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Нотариатын үйлчилгээ Гэрээ, хэлцэл гэрчлэх

Гэрээ, хэлцэл гэрчлэх

Хуулийн зохицуулалт

Гэрээ, хэлцэл гэрчлэх

Нотариатч хуульд заасан болон үйлчлүүлэгчийн хүсэлт гаргасан хуульд харшлаагүй дараахь гэрээ, хэлцлийг гэрчилнэ. Үүнд:

  • үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэх хэлцэл;
  • .гэрлэгчдийн эд хөрөнгийн эрхтэй холбогдсон гэрээ;
  • орон сууц дангаар өмчлөх эрх үүсгэх хэлцэл;
  • өөрт бэлэн байгаа бүх эд хөрөнгө, түүний тодорхой хэсгийг бусдын өмчлөлд шилжүүлэх, хязгаартайгаар эзэмшүүлэх, ашиглуулах /узуфрукт/ гэрээ;
  • тэжээн тэтгэх гэрээ;
  • эрх шилжүүлэх гэрээ;
  • зээлийн гэрээ;
  • хувьцаа, бусад үнэт цаасыг бусдын өмчлөлд шилжүүлэх гэрээ.
  • хуульд заасан бусад.

Нотариатч гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ хуульд нийцсэн болон талуудын хүсэл зоригийн илэрхийлэл мөн эсэхийг дор дурдсаны дагуу нягтална:

  • талууд тэгш эрхийн үндсэн дээр гэрээ, хэлцэл байгуулсан эсэх;
  • бусдын дарамт, шахалт болон бусад хүчин зүйлсийн нөлөөлөлд автаагүй эсэх;
  • агуулга нь үйлчлүүлэгчийн хүсэл зоригийг бүрэн илэрхийлж чадсан эсэх;
  • үүсэх үр дагавар, үр дүнд бодитой хандаж чадсан эсэх.

Дээр дурдсан нөхцөл байдлын аль нэг нь зөрчигдсөн бол нотариатч гэрээ, хэлцлийг гэрчлэхээс татгалзана.

Гэрээ, хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж байгаа бол төлөөлөгчийн бүрэн эрх, итгэмжлэл хуульд заасан шаардлага хангасан эсэхийг нягтална.

Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хийж байгаа гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ түүнийг хуулийн дагуу төлөөлж байгаа этгээдийн эрх хэмжээ нь гэрээ, дүрэм, Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрт тусгагдсан эсэхийг шалгана.

Нотариатч гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ түүний агуулга, гарах үр дагавар, үүргээ биелүүлээгүй нөхцөлд хүлээх хариуцлага зэргийг бүрэн гүйцэд ойлгосон эсэхийг талуудаас тодруулна.

Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, эрхийг бусдад шилжүүлэх гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ уг хөрөнгө, эрх нь тухайн этгээдийн хууль ёсны өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа эсэхийг нотлох эрхийн баримт бичгийг, хуулийн этгээдийн хувьд үүсгэн байгуулах гэрээ, дүрмийг үндэслэл болгоно.

Зохих байгууллагад бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох гэрээ, хэлцэлд нэмэлт, өөрчлөлт оруулсан, хугацааг сунгасан, цуцалсан, дуусгавар болгосныг гэрчлэхдээ гэрээний талуудын хүсэлтийг үндэслэн бие даасан нотариатын үйлдэл хийх бөгөөд ингэхдээ анхдагч гэрээг үндэслэж түүний хуулбарыг нотариатын баримтад хавсаргана.

Нотариатч гэрчилсэн гэрээ, хэлцлийн хувийг талуудад өгч, өөрт үлдэх хувьд холбогдох баримт бичгийг хавсаргаж, архивт хадгална.


Нотариатын үйлдэл хийх заавар:

 

Тав. Гэрээ, хэлцэл гэрчлэх

5.1.Нотариатч нь гэрээг гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийг баримтлана.

5.2. Дор дурдсан гэрээ, хэлцлийг хуульд заасны дагуу заавал гэрчлэнэ:

5.2.1.гэрлэгчдийн эд хөрөнгийн эрхтэй холбогдсон хэлцэл /Иргэний хуулийн 132 дугаар зүйлийн 132.2 дахь хэсэг/; 

Иргэний хуулийн 132.2. Гэрлэгчид хөрөнгийн эрхтэй холбогдсон гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэх бөгөөд энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.

5.2.2.орон сууц дангаар өмчлөх эрх үүсгэх хэлцэл /Иргэний хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг/; 

Иргэний хуулийн 145.2. Орон сууц дангаар өмчлөх эрх үүсгэх хэлцлийг нотариатаар гэрчлүүлэн улсын бүртгэлд бүртгүүлнэ.

5.2.3.үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэх хэлцэл /Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэг/; 

Иргэний хуулийн 109.2. Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана.

5.2.4.бэлэн байгаа эд хөрөнгийг бусдад шилжүүлэх, хязгаартайгаар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ /Иргэний хуулийн 190 дүгээр зүйлийн 190.2 дахь хэсэг/;

Иргэний хуулийн 190.2. Нэг тал нь өөрт бэлэн байгаа бүх эд хөрөнгө буюу түүний хэсгийг нөгөө талын өмчлөлд шилжүүлэх, эсхүл хязгаартайгаар эзэмшүүлж, ашиглуулах /узуфрукт/-аар үүрэг хүлээсэн гэрээг нотариатаар заавал гэрчлүүлнэ.

5.2.5.тодорхой хөрөнгө бэлэглэхээр амласан амлалт /Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.2 дахь хэсэг/; 

Иргэний хуулийн 276.2. Эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцно.

5.2.6.тэжээн тэтгэх гэрээ /Гэр бүлийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэг/; 

Иргэний хуулийн 45.1. Болзол нь хуулийн шаардлагад нийцээгүй буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харш эсхүл илтэд биелэгдэх боломжгүй бол хэлцэл хүчин төгөлдөр бус байна.

5.2.7.үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах гэрээ, хэлцэл /Иргэний хуулийн 237 дугаар зүйлийн 237.1 дэх хэсэг/; 

237.1.Үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах хугацааг хэтрүүлсэн, эсхүл түүний оршин суугаа /оршин байгаа/ газар нь тодорхой бус бол үүрэг гүйцэтгэгч нь үүргийн зүйлийг уул үүргийг гүйцэтгэвэл зохих газрын нотариатад, мөнгө буюу үнэт цаасыг нотариатаар дамжуулан банкинд хадгалуулахаар шилжүүлэх үүрэгтэй. Энэ тохиолдолд үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэнд тооцогдож, үүргээс чөлөөлөгдөнө.

5.2.8.мөнгө буюу үнэт цаасыг банкинд хадгалуулахаар хүлээн авах гэрээ /Иргэний хуулийн 237 дугаар зүйлийн 237.1 дэх хэсэг

237.1.Үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах хугацааг хэтрүүлсэн, эсхүл түүний оршин суугаа /оршин байгаа/ газар нь тодорхой бус бол үүрэг гүйцэтгэгч нь үүргийн зүйлийг уул үүргийг гүйцэтгэвэл зохих газрын нотариатад, мөнгө буюу үнэт цаасыг нотариатаар дамжуулан банкинд хадгалуулахаар шилжүүлэх үүрэгтэй. Энэ тохиолдолд үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэнд тооцогдож, үүргээс чөлөөлөгдөнө.

5.3.Нотариатч нь Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт заасны дагуу хуульд заавал гэрчлэхээр заагаагүй боловч түүнд харшлаагүй гэрээ, хэлцлийг талуудын хүсэлтээр гэрчилж болно.

5.4.Нотариатч нь үйлчлүүлэгчийн хүсэлтээр гэрээний төслийг боловсруулсан бол гэрээг гэрчлэхээс өмнө төслийг түүнд танилцуулна.

5.5.Гэрээ, хэлцлийн агуулгыг хянах явцад тэдгээр нь хууль тогтоомж зөрчсөн, эсхүл өөр гэрээ хэлцлийг халхавчлах зорилго агуулсан, түүнчлэн хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн зэрэг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлийн шинжийг агуулсан, эсхүл хэлцэл хийсэн этгээд ноцтой төөрөгдсөн, мэхлэгдсэн, хүчинд автсан зэрэг Иргэний хуулийн 58-60 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бусад тооцож болох хэлцлийн шинж илэрвэл тухайн гэрээ, хэлцлийг нотариатч гэрчлэхгүй.

5.6.Гэр бүлийн гишүүдийн дундын өмчлөлд байгаа үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь захиран зарцуулахад гэр бүлийн насанд хүрсэн гишүүдийн зөвшөөрлийг авна. 

5.7.Үнэ цэнэтэй, ховор эд зүйлийг барьцаалж байгаа бол тухайн эд зүйлийн фото зураг, бичлэг зэргийг нотариатчид үлдэх гэрээний хувьд хавсаргана.

5.8.Гэрээ, хэлцэлд нэмэлт, өөрчлөлт оруулсан, хугацааг сунгасан, цуцалсан, дуусгавар болсныг гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.8 дахь хэсгийг баримтална. 

5.9.Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, гэрчилгээ авснаар өмчлөх, эзэмших эрх нь хууль ёсоор баталгааждаг эд хөрөнгө/автомашин, кран, чиргүүл, буу, үл хөдлөх эд хөрөнгө зэрэг/-ийг бусдад шилжүүлсэн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй тохиолдолд тухайн гэрээг үндэслэн эрх шилжүүлэх гэрээ гэрчлэхийг хориглоно.


http://e-khutuch.mn/guide/print/30/351/law