ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Нотариатын үйлчилгээ Гэрээслэл гэрчлэх

Гэрээслэл гэрчлэх

Хүн хөрөнгөтэй болохын хэрээр түүнийгээ өөрийн дотны хэн нэгэндээ хууль ёсны дагуу шилжүүлэн үлдээх талаар илүүтэй бодох болсон байна.

Тиймээс амьдралынхаа туршид бий болгосон эд хөрөнгө, эрхээ өөрийн хүсэл зоригийн дагуу хүссэн хүндээ өвлүүлэхээр үлдээж байгаа баримт бичгийг гэрээслэл гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл гэрээслэл гэдэг нь тухайн иргэний өмчлөх эрхээ хэрэгжүүлж байгаа сүүлчийн хүсэл зориг юм.

Гэрээслэлийн харилцааг Иргэний хууль, Нотариатын тухай хууль, Нотариатын үйлдэл эрхлэн хийх заавараар нарийвчлан зохицуулсан байдаг.

Иргэн нь хуульд заасан өвлөх эрхтэй буюу эрхгүй нэг буюу хэд хэдэн иргэн, түүнчлэн төр буюу хуулийн этгээдэд өөрийн эд хөрөнгө болон эрхийг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь өөрийн үзэмжээрээ хуваарилан гэрээсэлж болно.

Нотариатч  эрх зүйн чадамжтай иргэний хүсэлтийг үндэслэн гэрээслэлийг гэрчлэх бөгөөд гэрээслэлээ бичгээр үйлдэж нотариатчийн дэргэд гарын үсгээ зурна. Гэрээслэлийн агуулга тодорхой, ойлгомжтой, засваргүй, гаргацтай  байх бөгөөд гэрээслэгч гэрээслэл биелүүлэгчийг томилж гэрээслэлдээ эд хөрөнгийн зориулалтыг зааж болно. Мөн гэрээслэлд хэд хэдэн өвлөгчийг оролцуулж байгаа бол өвлөгдөх эд хөрөнгийн хэмжээг тодорхой зааж бичих шаардлагатай.

Гэрээслэгч хэдийд ч гэрээслэлээ өөрчилж, цуцалж болдог.

Гэрээслэлийг нотариатаар баталгаажуулснаар хүчин төгөлдөр болдог. Гэрээслэл нь тухайн гэрээслэгчийг нас барсаны дараа задлагддаг учраас анхнаасаа гэрчлэхдээ хуулийн шаардлагыг хангаж, бичиг баримтыг зөв бүрдүүлж гэрчлэх хэрэгтэй. Ингэснээр гэрээслэгчийн хүсэл зориг биелэгдэх учиртай юм.

Гэрээслэлийг гэрчлэхдээ Нотариатчдын танхимаас бүртгэлийн дугаар авдаг. Энэ нь улсын хэмжээнд хийгдсэн нийт гэрээслэлийн тоо тодорхой байдаг гэсэн үг юм.

Нотариатч гэрээслэлийг гэрчлэхдээ зохих баримт бичиг бүрдсэн эсэхийг нягтлан шалгана. Гэрчилсэн гэрээслэлээ хавсралт материалын хамт зориулалтын дугтуйнд хийж, битүүмжлэн тамга, тэмдэг дарах ба нэг хувийг нь гэрээслэгчид олгож, үлдэх хувийг Монголын нотариатчдын танхимд хадгалуулдаг.

Нотариатч өв нээгдсэн үед гэрээслэлийг албан ёсоор задалж, гэрээслэлээр өв залгамжлагчид танилцуулахдаа гэрээслэгчийн нас барсаны гэрчилгээ эсхүл энэ тухай лавлагааг үндэслэн гүйцэтгэнэ.


http://e-khutuch.mn/guide/print/30/352/advice