ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Нотариатын үйлчилгээ Гэрээслэл гэрчлэх

Гэрээслэл гэрчлэх

Хуулийн зохицуулалт

Гэрээслэл гэрчлэх 

Нотариатч гэрээслэлийг гэрчлэхдээ дараах баримт бичгийг үндэслэнэ. Үүнд: 

  • гэрээслэл үйлдэх үед гэрээслэгч нь өөрийн үйлдлийг бүрэн ойлгох чадвартай гэдгийг нотолсон мэргэжлийн эмчийн магадлагаа;
  • гэрээслэж байгаа хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, эрх нь гэрээслэгчийн өмч болохыг нотолсон баримт.

Нотариатч гэрээслэлийг гэрчилж, түүнд гэрээслэгч өөрөө гарын үсэг зурна.

Гэрээслэгч өвчтэй, эсхүл хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар гэрээслэлд өөрөө гарын үсэг зурж чадахгүй бол түүний хүсэлтийг үндэслэн хөндлөнгийн этгээдээр гарын үсэг зуруулж болох бөгөөд энэ тохиолдолд үйлчлүүлэгчийн дээрх шалтгааныг тодорхойлсон тэмдэглэлийг гэрчийг оролцуулан үйлдэнэ.

Гэрээслэгч Иргэний хуулийн 525.1-д заасны дагуу гэрээслэлээ өөрчилсөн буюу цуцалсан бол энэ тухай мэдээллийг 30 хоногийн дотор өөрчилсөн гэрээслэл, цуцалсан баримт бичгийн хамт уг гэрээслэлийг гэрчилсэн нотариатч, эсхүл Танхимд ирүүлнэ.

Иргэний хуулийн 525.1.Гэрээслэгч хэдийд ч гэрээслэлээ өөрчлөх буюу цуцлах эрхтэй.

Нотариатч хуульд заасан баримт бичгийг хүлээн авмагц анхны гэрээслэл болон гэрээслэлийн бүртгэлийн дэвтэрт өөрчилсөн буюу цуцалсан тухай тэмдэглэл хийж, хувийг хавсаргана. Гэрээслэлийг анх гэрчилсэн нотариатч байхгүй тохиолдолд Танхимын ерөнхийлөгч энэ зүйлд заасан ажиллагааг гүйцэтгэнэ.

Гэрээслэл биелүүлэх тухай баримт бичгийг гэрээслэлд заавал хавсаргаж болно.

Нотариатч гэрээслэлийн хувь тус бүрт тамга, баталгааны тэмдгээ дарж гэрчлүүлсэн он, сар, өдрийг бичиж, гарын үсэг зуран нэг хувийг гэрээслэгчид гардуулж, үлдэх хувийг Танхимд хадгалуулна.

Иргэний хуулийн 523.2-т заасан этгээд гэрээслэлийг гэрчилж болох бөгөөд энэ тохиолдолд нотариатчаар гэрчлүүлсний нэгэн адил үзнэ.

Иргэний хуулийн 523.2-т заасан этгээд гэрээслэлийг гэрчилсэн тохиолдолд өөрт үлдсэн хувийг Танхим, эсхүл Нотариатын тухай хуулийн 8.2-т заасан Танхимын салбарт хүлээлгэн өгөх бөгөөд уг гэрээслэлийг хүлээн авсан нотариатч гэрээслэлийг бүртгэлийн дэвтэрт бүртгэж, хүлээлгэн өгсөн этгээдээр гарын үсэг зуруулна.

523.2.Дараахь тохиолдолд нотариатаар гэрчлүүлсний нэг адил үзнэ:

523.2.1.цэргийн алба хаагчийн гэрээслэлийг түүний алба хааж байгаа цэргийн ангийн удирдлага гэрчилсэн;

523.2.2.хорих газар хоригдож байгаа буюу ажиллаж байгаа иргэний гэрээслэлийг хорих ангийн дарга гэрчилсэн;

523.2.3.хөлөг онгоцонд зорчиж яваа иргэн болон багийн гишүүдийн гэрээслэлийг онгоцны ахмад гэрчилсэн.

Нотариатын үйлдэл хийх заавраас:

Зургаа.Гэрээслэл гэрчлэх

6.1.Нотариатч нь гэрээслэлийг гэрчлэхдээ Иргэний хуулийн 522-526 дугаар зүйл, Нотариатын тухай хуулийн 40 дүгээр зүйлийг баримтална. 

6.2.Нотариатч нь эрх зүйн бүрэн чадамжтай иргэний хүсэлтийг үндэслэн гэрээслэлийг нь гэрчлэх ба гэрээслэлд гэрээслэгч өөрөө гарын үсгээ зурна.

Гэрээслэл нь Иргэний хуулийн 523 дугаар зүйлийн 523.1 дэх хэсэгт заасны дагуу бичгээр 2 хувь үйлдэгдэх бөгөөд үйлдсэн газар, он, сар, өдөр, цаг, минутыг гэрээслэлд тэмдэглэнэ.

6.3.Гэрээслэлийн зүйл нь хөдлөх хөрөнгө байвал түүний фото зургийг авч гэрээслэлд хавсаргаж болно.

6.4.Гэрээслэгч өөрийн хийж байгаа үйлдлийг бүрэн ойлгох чадвартай байгаа эсэхэд эргэлзээ төрвөл нотариатч нь мэргэжлийн эмчийн магадлагааг үндэслэн гэрээслэлийг гэрчлэх бөгөөд энэ нь эрүүл мэндийн зарим шалтгаанаар бусдын асрамжинд байгаа гэрээслэгчид нэгэн адил хамаарна. 

6.5.Гэрээслэгч хуульд зааснаар хэдийд ч гэрээслэлээ өөрчлөх буюу цуцлах эрхтэй бөгөөд ийнхүү гэрээслэлээ өөрчлөх, цуцлах тухай баримт бичигт зурсан гэрээслэгчийн гарын үсгийг нотариатч гэрчилнэ.

6.6.Гэрээслэл болон түүнийг өөрчилсөн, цуцалсан бүртгэл нь улсын хэмжээнд нэгдсэн дугаартай байна. Нотариатч гэрээслэлийн бүртгэлийн дугаарыг Монголын Нотариатчдын Танхим /цаашид “Нотариатчдын танхим” гэх/-аас авах бөгөөд тухайн гэрээслэлийг гэрчилснээс хойш 14 хоногийн дотор Нотариатчдын танхимд бүртгүүлнэ. 

6.7.Гэрээслэл болон түүнийг өөрчилсөн, цуцалсаны бүртгэлийг Нотариатчдын танхим хөтөлнө.

6.8.Гэрээслэлийг гэрчлэхдээ гэрээслэгч гэрээслэлээр өв залгамжлагчийг байлцуулах тухай хүсэлт гаргаснаас бусад тохиолдолд өв залгамжлагчийг байлцуулалгүй гэрчилнэ.

6.9.Гэрээслэлийг бүртгэлийн дэвтэрт дугаарлахдаа тухайн нотариатчийн гэрээслэлийн бүртгэлийн дугаар болон Нотариатчдын танхимаас авсан гэрээслэлийн бүртгэлийн дугаарыг тус тус авч 001/25 гэх мэтчлэн бичнэ. 

Гэрээслэлийг гэрчилсэн он, сар, өдөр, цаг, минутыг тодорхой бичнэ.

6.10.Гэрээслэгчийн өөрийнх нь бичсэн гэрээслэлийн эх хувийг нотариатч архивт авч үлдэнэ. Гэрээслэгч өөрийн гэрээг гэрээслэлээ бичиж чадахгүй тохиолдолд түүний хүсэлтээр гэрч оролцуулж, өөр этгээдээр бичүүлж болно. Энэ тохиолдолд Нотариатын тухай хуулийн 34, 35 дугаар зүйлд заасны дагуу тэмдэглэл үйлдэж, гэрээслэлд хавсаргана.

6.11.Гэрээслэгч гэрээслэлээ өөрчлөх эсхүл цуцлах тухай хүсэлтээ анхны гэрээслэлийг гэрчилсэн нотариатч эсхүл Нотариатчдын танхимд гаргах эрхтэй болохыг нотариатч түүнд зөвлөнө.

Хэрэв гэрээслэгч гэрээслэлээ өөрчлөх, цуцлахаар хүсэлт гаргавал анхны гэрээслэлийг гэрчилсэн нотариатч "Гэрээслэлийн бүртгэлийн дэвтэр"-т; Нотариатчдын танхимын Ерөнхийлөгч анхны гэрээслэл болон Нотариатчдын танхимд хөтлөгддөг "Гэрээслэлийн нэгдсэн бүртгэлийн дэвтэр"-т гэрээслэл өөрчлөгдсөн, эсхүл цуцлагдсан тухай тэмдэглэх ба тэмдэглэл, гэрээслэгчийн хүсэлтийг гэрээслэлд хавсаргана.

Гэрээслэл өөрчилснийг гэрчлэхдээ гэрээслэл гэрчлэх дараалал, журмыг; гэрээслэл цуцалсныг гэрчлэхдээ баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэх дараалал, журмыг тус тус баримтална.

6.13.Гэрээслэл биелүүлэх тухай баримт бичгийг гэрээслэлд хавсаргаснаар гэрээслэлд холбогдох баримт бичгийг бүрдүүлсэн гэж үзэх ба гэрээслэлийн хувь тус бүрт нотариатчийн тамга, баталгааны тэмдэг дарж гэрээслэл гэрчлүүлсэн он, сар, өдөр, цаг, минутыг тэмдэглэж, гарын үсэг зурна. 

Гэрээслэлийг ус нэвтэрдэггүй дугтуйнд хийнэ.

Дугтуй тус бүрийн нүүрэн хэсэгт нотариатчийн тамга, баталгааны тэмдгийг дарж, зохих бичилтийг хийх ба гэрээслэгч, гэрээслэл үйлдсэн нотариатчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр хаяг, утасны дугаар зэргийг тодорхой тэмдэглэж, нэг хувийг гэрээслэгчид гардуулж, үлдэх хувийг Нотариатчдын танхимд хүлээлгэж өгнө. /ХЗДХС-ын 2021 оны А/210 дугаар тушаалаар өөрчилсөн/

6.14.Нотариатч нь өв нээгдсэн үед гэрээслэлийг албан ёсоор задалж, гэрээслэлээр өв залгамжлагчид танилцуулахдаа гэрээслэгчийн нас барсны гэрчилгээ, эсхүл энэ тухай лавлагааг үндэслэн гүйцэтгэнэ.

6.15.Гэрээслэгчийг нас барснаас хойш гэрээслэлээр өв залгамжлагч гэрээслэл задлуулах тухай хүсэлтийг гэрээслэлийг гэрчилсэн нотариатч, түүний эзгүйд Нотариатчдын танхимд гаргана.

Гэрээслэлийг задлах үед хөндлөнгийн гэрч, гэрээслэл биелүүлэгчийг байлцуулна.

6.16.Гэрээслэлийн эх хувь Нотариатчдын танхимын архивт хадгалагдана.

6.17.Гэрээслэл гэрчлэх явцыг фото зураг болон бичлэгээр баримтжуулж болно.

6.18.Нотариатч нь гэрээслэл задалсан тухай баримт бичиг үйлдэж, энэ тухай тэмдэглэл хөтөлж, өв залгамжлагчид гэрээслэлээр өвлөх эрхийн гэрчилгээг олгоно.

6.19.Нотариатч нь гэрээслэл биелүүлэгчээр томилогдсон бол энэ үүргийг хуульд заасан журмын дагуу гүйцэтгэнэ.

Асуудлыг шийдвэрлэх байгууллага

Нотариатын үйлдэл дараах төрөлтэй байна. Үүнд: 

  • гэрээ, хэлцэл гэрчлэх;
  • гэрээслэл гэрчлэх;
  • итгэмжлэл гэрчлэх;
  • өвлөх эрхийн гэрчилгээ олгох;
  • өвлөгдөх эд хөрөнгийг хамгаалах;
  • хуулийн этгээд үүсгэн байгуулах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах баримт бичиг гэрчлэх;
  • эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбогдох баримт бичиг гэрчлэх;
  • гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран болон дундаа хэсгээр өмчлөх эд хөрөнгөөс ногдох хэсгээ өмчлөх эрх гэрчлэх;
  • баримт бичгийн хуулбарыг болон орчуулгыг гэрчлэх;
  • баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэх;
  • Иргэний хуулийн 237 дугаар зүйлд заасан үүргийн гүйцэтгэлийг хүлээн авч хадгалах, шилжүүлэх;
  • нотариатын мэдэгдэх хуудас бичих.
  • хуульд заасан бусад.

Заавал гэрчлүүлэх нотариатын үйлдлийг зөвхөн хуулиар тогтоох бөгөөд үүнээс бусад үйлдлийг үйлчлүүлэгчийн хүсэлтээр гэрчилнэ.

Нотариатын бүртгэл

Нотариатч баримт бичиг, үйл явдлыг гэрчлэхдээ нотариатын бүртгэл хөтөлж түүнд нотариатчийн хийсэн нотариатын үйлдлийг он, сар өдрийн дарааллаар нь үнэн зөв, засваргүй, гаргацтай, тодорхой бичнэ. Нотариатч гэрчилсэн үйлдлийн цахим бүртгэлийн хэвлэмэл эх хувийг цаасан хэлбэрээр хадгална.

Нотариатын бүртгэлд үйлчлүүлэгчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар, оршин суугаа газрын хаяг, хэрэв нотариатын үйлдэл хийхэд тэмдэглэл хөтөлсөн бол энэ тухай тус тус тэмдэглэнэ.

Үйлчлүүлэгч, нотариатын үйлдэл хийхэд оролцсон гэрч, бусад оролцогч нотариатын бүртгэлд гарын үсэг зурна.

Нотариатын үйлдэл хийсэн баримт бичигт дарсан баталгааны тэмдгийн дардас дээрх дугаар нь тухайн бүртгэлийн дугаартай ижил байна.

Нотариатын бүртгэлийг уусдаггүй нэг өнгийн бэхээр хөтөлнө.

Дор дурдсанаас бусад тохиолдолд нотариатын үйлдлийг тухай бүрт нь хийнэ.

Нотариатын үйлдэл хийхийг хойшлуулах, түдгэлзүүлэх тохиолдлууд

  • Үйлчлүүлэгч согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, эсхүл өөрийн үйлдэлд хяналт тавих чадваргүй байгаа бол энэ нөхцөл байдлыг арилах хүртэл нотариатын үйлдэл хийхийг хойшлуулна.
  • Иргэн, хуулийн этгээдээс баримт бичиг, түүний хуулбар, шаардлагатай мэдээллийг нэмж гаргуулах буюу тэдгээрийг шинжлүүлэх шаардлага гарсан тохиолдолд нотариатын үйлдэл хийхийг тодорхой хугацаагаар хойшлуулж болно.
  • Нотариатаар гэрчлүүлж байгаа баримт бичиг буюу эрхийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан тухай өөр этгээдээс өргөдөл ирүүлсэн тохиолдолд уг асуудлаар нотариатын үйлдэл хийхийг 3-7 хүртэл хоногийн хугацаагаар хойшлуулах бөгөөд энэ хугацаанд нэхэмжлэл гаргасан нь тогтоогдвол шүүхийн шийдвэр гартал нотариатын үйлдэл хийхийг түдгэлзүүлнэ.

Нотариатын үйлдэл хийхээс татгалзах тохиолдлууд

  • үйлчлүүлэгчийн баримт бичиг нь хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээнд харшилж байвал;
  • өөртэй нь болон түүний гэр бүлийн гишүүнтэй нь холбоотой асуудал байвал;
  • өөрийнх нь байнгын үйлчлүүлэгчийн хувийн нууцтай холбоотой асуудлаар бусад этгээд нотариатын үйлдэл хийлгэхийг хүсвэл;
  • үйлчлүүлэгч нь эрх зүйн чадамжгүй, эсхүл төлөөлөх эрхгүй байвал;
  • хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрөө итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцвол уг хэрэгт холбогдох баримт бичгийг;
  • хуульд заасан бусад.
Асуудлыг шийдвэрлэх дараалал
Асуудлыг шийдвэрлэх хугацаа
Асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд гомдол гаргах

Хүн хөрөнгөтэй болохын хэрээр түүнийгээ өөрийн дотны хэн нэгэндээ хууль ёсны дагуу шилжүүлэн үлдээх талаар илүүтэй бодох болсон байна.

Тиймээс амьдралынхаа туршид бий болгосон эд хөрөнгө, эрхээ өөрийн хүсэл зоригийн дагуу хүссэн хүндээ өвлүүлэхээр үлдээж байгаа баримт бичгийг гэрээслэл гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл гэрээслэл гэдэг нь тухайн иргэний өмчлөх эрхээ хэрэгжүүлж байгаа сүүлчийн хүсэл зориг юм.

Гэрээслэлийн харилцааг Иргэний хууль, Нотариатын тухай хууль, Нотариатын үйлдэл эрхлэн хийх заавараар нарийвчлан зохицуулсан байдаг.

Иргэн нь хуульд заасан өвлөх эрхтэй буюу эрхгүй нэг буюу хэд хэдэн иргэн, түүнчлэн төр буюу хуулийн этгээдэд өөрийн эд хөрөнгө болон эрхийг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь өөрийн үзэмжээрээ хуваарилан гэрээсэлж болно.

Нотариатч  эрх зүйн чадамжтай иргэний хүсэлтийг үндэслэн гэрээслэлийг гэрчлэх бөгөөд гэрээслэлээ бичгээр үйлдэж нотариатчийн дэргэд гарын үсгээ зурна. Гэрээслэлийн агуулга тодорхой, ойлгомжтой, засваргүй, гаргацтай  байх бөгөөд гэрээслэгч гэрээслэл биелүүлэгчийг томилж гэрээслэлдээ эд хөрөнгийн зориулалтыг зааж болно. Мөн гэрээслэлд хэд хэдэн өвлөгчийг оролцуулж байгаа бол өвлөгдөх эд хөрөнгийн хэмжээг тодорхой зааж бичих шаардлагатай.

Гэрээслэгч хэдийд ч гэрээслэлээ өөрчилж, цуцалж болдог.

Гэрээслэлийг нотариатаар баталгаажуулснаар хүчин төгөлдөр болдог. Гэрээслэл нь тухайн гэрээслэгчийг нас барсаны дараа задлагддаг учраас анхнаасаа гэрчлэхдээ хуулийн шаардлагыг хангаж, бичиг баримтыг зөв бүрдүүлж гэрчлэх хэрэгтэй. Ингэснээр гэрээслэгчийн хүсэл зориг биелэгдэх учиртай юм.

Гэрээслэлийг гэрчлэхдээ Нотариатчдын танхимаас бүртгэлийн дугаар авдаг. Энэ нь улсын хэмжээнд хийгдсэн нийт гэрээслэлийн тоо тодорхой байдаг гэсэн үг юм.

Нотариатч гэрээслэлийг гэрчлэхдээ зохих баримт бичиг бүрдсэн эсэхийг нягтлан шалгана. Гэрчилсэн гэрээслэлээ хавсралт материалын хамт зориулалтын дугтуйнд хийж, битүүмжлэн тамга, тэмдэг дарах ба нэг хувийг нь гэрээслэгчид олгож, үлдэх хувийг Монголын нотариатчдын танхимд хадгалуулдаг.

Нотариатч өв нээгдсэн үед гэрээслэлийг албан ёсоор задалж, гэрээслэлээр өв залгамжлагчид танилцуулахдаа гэрээслэгчийн нас барсаны гэрчилгээ эсхүл энэ тухай лавлагааг үндэслэн гүйцэтгэнэ.


http://e-khutuch.mn/guide/print/30/352/all