ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Нотариатын үйлчилгээ Өвлөгдөх эд хөрөнгийг хамгаалах

Өвлөгдөх эд хөрөнгийг хамгаалах

Хуулийн зохицуулалт

Өвлөгдөх эд хөрөнгийг хамгаалах

  • Иргэний хуулийн 537 дугаар зүйлд заасны дагуу өв нээгдсэн газрын нотариатч өвлөгдөх эд хөрөнгийг хамгаалах арга хэмжээ авч болно.

537 дугаар зүйл. Өвлөгдөх эд хөрөнгийг хамгаалах журам, хугацаа

537.1.Өв нээгдсэн газрын нотариат, нотариатгүй газар баг, сумын Засаг дарга шаардлагатай гэж үзвэл өвлөгч, өвлүүлэгчийн үүрэг гүйцэтгүүлэгч, түүнчлэн төрийн ашиг сонирхлын үүднээс өвлөгдөх эд хөрөнгийг хамгаалах арга хэмжээ авна.

537.2.Өвлөгдөх эд хөрөнгийг бүх өвлөгч хүлээн авах буюу төрийн өмчлөлд шилжих хүртэл хамгаална.

  • Нотариатч өвлүүлэгч нь банкинд хадгаламжтай эсэхийг шалгаж, хадгаламж гэрээслэгдсэн бол энэ тухай өвлөгчид мэдэгдэнэ.
  • Өвлүүлэгчийн эд хөрөнгө, түүний зарим хэсэг нь өв нээгдсэн газраас өөр газар байгаа бол нотариатч түүнийг хамгаалах арга хэмжээ авна.
  • Нотариатч нь өвлөгдөх эд хөрөнгийг бүртгэж, хадгалагч томилох бөгөөд бүртгэл хийхэд хоёроос доошгүй гэрчийг байлцуулан өвлөгдөх эд хөрөнгө, түүний оршин байгаа газар, бүртгэл хийсэн он, сар, өдөр, оролцогч, эд хөрөнгө хадгалахаар хүлээж авсан этгээдийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар, хаяг зэргийг тэмдэглэж, бүртгэлийг гурваас доошгүй хувь үйлдэж оролцогчдоор гарын үсэг зуруулна.

/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

  • Өвлөгдөх эд хөрөнгийг хамгаалах боломжгүй бол нотариатч энэ тухай акт үйлдэж сонирхогч талуудад мэдэгдэнэ.
  • Өвлөгч нь өв хүлээн авахаас татгалзсан тохиолдолд нотариатч эд хөрөнгийг хамгаалах арга хэмжээг дуусгавар болгох тухай бусад өвлөгчид мэдэгдэх бөгөөд бусад өвлөгчид өв хүлээн авахаас татгалзвал өвлөгдөх хөрөнгийг төрийн зохих байгууллагын өмчлөлд шилжүүлж гэрчилгээ олгоно.

/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Нотариатын үйлдэл хийх заавар:

Ес. Өвлөгдөх эд хөрөнгийг хамгаалах

9.1.Өвлөгдөх эд хөрөнгийг хамгаалах арга хэмжээ авахдаа нотариатч нь Нотариатын тухай хуулийн 42 дугаар зүйлийг баримтална.

9.2.Нотариатч нь өвлөгдөх эд хөрөнгийг хамгаалах зорилгоор уг хөрөнгийг бүртгэж,  өвлүүлэгчийн гэр бүлийн гишүүд, өвлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр тодорхой этгээдийн хамгаалалтад өгнө.       

9.3.Хөрөнгийн бүртгэлийг хийхдээ 2-оос доошгүй хөндлөнгийн гэрчийг байлцуулан өвлөгдөх эд хөрөнгө, түүний оршин байгаа газар,   бүртгэл хийсэн он, сар, өдөр, оролцогч, эд хөрөнгө хадгалахаар хүлээж авсан этгээдийн овог, эцгийн нэр, нэр, регистрийн дугаар, хаяг зэргийг тэмдэглэж,  лацдана.      

Бүртгэлийг 3-аас доошгүй хувь үйлдэх ба бүх оролцогчдоор гарын үсэг зуруулна.

9.4.Бүртгэлийн ажиллагаа түр завсарлах буюу тодорхой хугацаагаар үргэлжилбэл тухай бүр лацдаж, энэ тухай тэмдэглэл үйлдэнэ.

9.5.Өвлөгдөх эд хөрөнгийг хамгаалах арга хэмжээ авах боломжгүй бол /өвлүүлэгчтэй хамт амьдарч байсан этгээдүүд татгалзсан, бүртгэгдэх эд хөрөнгийг гаргаж өгөөгүй, тухайн эд хөрөнгө бэлэн байхгүй/ энэ тухай тэмдэглэл үйлдэж сонирхогч талуудад мэдэгдэнэ.

9.6.Хариуцуулсан эд хөрөнгийг үрэгдүүлсэн, нуун далдалсан, гэмтээсэн тохиолдолд хүлээлгэх хуульд заасан хариуцлагыг хадгалагч буюу хамгаалагчид урьдчилан тайлбарлаж,  гарын үсэг зуруулна.


http://e-khutuch.mn/guide/print/30/355/law