ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Нотариатын үйлчилгээ Өвлөх эрхийн гэрчилгээ олгох

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Монгол Улсын иргэн “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй...” бөгөөд иргэний өв залгалжлуулах эрхийг хангах харилцааг Иргэний хууль, Нотариатын тухай хууль, Нотариатын үйлдэл хийх заавар болон бусад холбогдох хууль, хуульчилсан актаар зохицуулсан байдаг.

Иргэнийг нас барсаны дараа тухайн иргэн гэрээслэл үлдээгээгүй буюу гэрээслэлтэй холбоотой ямар нэгэн харилцаа байхгүй бол  түүний хөрөнгийг хуульд нэрлэн зааж өгсөн өвлөгчдөд шилжүүлснээр хууль ёсны өв залгамжлалын харилцаа үүсдэг.

Тухайн иргэн амьд сэрүүн байхдаа өөрийн эд хөрөнгө, эрхийг ямар хувь хэмжээгээр хэнд өвлүүлэхийг шийдвэрлэн гэрээслэл үлдээж болох ба гэрээслэл үлдээлгүй нас барсан тохиолдолд түүний эд хөрөнгө, эрх хуульд заасан нөхцөл журмын дагуу хуульд заасан өвлөгчдөд очдог.

Амьдрал дээр ихэнхдээ л гэрээслэл үлдээлгүй нас барсан байх нь элбэг бөгөөд  энэ үед түүний үлдсэн хөрөнгийг хэнд өвлүүлэх тухай асуудлыг Иргэний хуульд заасан журмын дагуу нотариатч шийдвэрлэж өвлөх эрхийн гэрчилгээ олгож байна. Харин гэрчилгээ олгох үед өвлөгчдийн хооронд ямар нэгэн маргаангүй байх нь чухал. Хөрөнгийн талаар ямар нэгэн маргаантай байвал шүүх хуулийн байгууллагаар шийдвэрлүүлнэ.

Өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрхийг хуульд заасан нөхцөл, журмын дагуу хууль ёсны өв залгамжлагч өвлөж буйг нотолсон, нотариатаас олгож байгаа хууль зүйн ач холбогдол бүхий баримт бичгийг өвлөх эрхийн гэрчилгээ гэнэ.

Хууль ёсны өвлөгч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг өв нээгдсэн газрын нотариатад, нотариатын үүрэг гүйцэтгэгчид хандана. Өв нээгдсэн газрын нотариатч өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн холбогдох бичиг баримтыг бүрдүүлж өвлөх эрхийн гэрчилгээ олгоно.

Хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа олгоно. Өөр өвлөгч байхгүй гэдгийг лавтай баримтаар тогтоосон нөхцөлд нэг жилийн дотор олгож болно. Энэ нэг жилийн хугацаа нь бусад хамт амьдардаггүй өвлөгчдийн эрх ашгийг хамгаалсан, өвлүүлэгчийн хөрөнгийн талаар мэдэж болох боломжит хугацаа юм.

Иргэний хуулийн 528 дугаар зүйлд зааснаар өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш 3 сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариатад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ. Бусад өвлөгчид өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан эсхүл нотариатад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ.  Дээрхи заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол өвлөхөөс татгалзсан гэж үзнэ.

Тиймээс хамт амьдарч байгаагүй өвлөгчдийн хувьд тухайн өв хөрөнгийг хүлээн авахын тулд нэг жилийн дотор нотариатад хандан өвлөгдөж буй хөрөнгийг хүлээн авсан эсхүл өвлөх эрхийн гэрчилгээ авах тухай хүсэлт гаргаж гэрчлүүлэх шаардлагатай.  Өргөдөл хүсэлтээ гаргаагүй эсхүл өвлөгдсөн хөрөнгийг эзэмдэн аваагүй эрхлэн удирдаагүй өөрөөр хэлбэл 1 жилийн хугацаанд хөрөнгө өвлөхөөр ямар нэгэн идэвхтэй үйлдэл хийхгүйгээр нэг жилийн хугацаа өнгөрсөн бол Иргэний хуульд заасны дагуу тухайн өвлөгч өвлөгдөх хөрөнгийг өвлөн авахаас татгалзсан гэж үздэг болохыг анхаарах шаардлагатай.

Нөгөө талаар өвлөгч нь өвлөх эрхээсээ өөрийн хүсэлтээр татгалзаж хэн нэгэнд нэр заан өвлүүлэхийг зөвшөөрсөн тухай өргөдөл, хүсэлтийг  гаргаж,  нотариатаар гэрчлүүж болно. Гадаадад байгаа иргэдийн хувьд өвлөхийг хүссэн, өвлөхөөс татгалзсан өргөдөл, хүсэлтийг гэрчлүүлэх боломжтой.

Хэн нэгэн этгээд нас барсан л бол түүний өмчилж, эзэмшиж байгаа хөрөнгийг хэнд өвлүүлэх вэ гэдэг асуудал яригдах болохоос түүний хөрөнгийг бусдад бэлэглэх, худалдах гэрээ, хэлцэл, захиран зарцуулах итгэмжлэл хийгдэхгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. 

Өвлөх эрхийн гэрчилгээ авахыг хүссэн эсхүл өв хүлээн авахаас татгалзсан тухай өргөдөл, хүсэлтийг гэрчилсэн этгээд Нотариатчдын танхимын өвийн нэгдсэн сангийн бүртгэлд оруулдаг. Энэ нь өвлөгчдийн хөрөнгө өвлөн авах эрхийг хангаж байгаа явдал юм. Нотариатч өвлөх эрхийн гэрчилгээ олгохоос өмнө нэгдсэн сангаас өвлөгдөх хөрөнгө, өвлөгчийн талаар өв хүлээн авах эсхүл татгалзах хүсэлт гаргасан эсэх, өмнө нь өвлөх эрхийн гэрчилгээ авсан эсэх талаар мэдээллийг авна. Энэ нь өвлөх эрхийн гэрчилгээг хэн нэгэнд давхардуулан олгохгүй байх, хэн нэгэн иргэнийг хохироохгүй, эрх ашгийг нь хамгаалж байгаа ач холбогдолтой юм.

Нотариатч хууль ёсны өвлөгч мөн эсэхийг зохих баримт бичиг, холбогдох байгууллагын лавлагаа, тодорхойлолт, шүүхийн шийдвэрийг үндэслэн тогтооно.


http://e-khutuch.mn/guide/print/30/356/advice