ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Нотариатын үйлчилгээ Өвлөх эрхийн гэрчилгээ олгох

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Монгол Улсын иргэн “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй...” бөгөөд иргэний өв залгалжлуулах эрхийг хангах харилцааг Иргэний хууль, Нотариатын тухай хууль, Нотариатын үйлдэл хийх заавар болон бусад холбогдох хууль, хуульчилсан актаар зохицуулсан байдаг.

Хуулийн зохицуулалт

Өвлөх эрхийн гэрчилгээ олгох

  • Өв нээгдсэн газрын нотариатч өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн Иргэний хуульд заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгоно.
  • Өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо дараах баримт бичгийг үндэслэнэ. Үүнд:
    • өвлөгч болохыг нотлох баримт бичиг;
    • өвлүүлэгчийн нас барсны гэрчилгээ, сураггүй алга болсонд тооцсон болон нас барсан гэж зарласан бол энэ тухай шүүхийн шийдвэр;
    • өвлөгдөх эд хөрөнгийн оршин байгаа газар, бүрэлдэхүүн, тоо хэмжээ, тэдгээр нь өвлүүлэгчийн өмч болохыг нотлох баримт бичиг;
    • өвлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэр;
    • өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлт, түүний оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт.
  • Өвлөгч нь Иргэний хуулийн 528.5-д заасны дагуу өв хүлээн авахаас татгалзвал нотариатч хүсэлтийг нь гэрчилж түүнд ногдох хэсгийг бусад өвлөгчид санал болгож зөвшөөрвөл өвлөх эрхийн гэрчилгээ олгоно.

528.5.Өвлөгч өвлөх эрхээ өвлөвөл зохих бусад этгээдэд шилжүүлэхээр зааж, өв хүлээн авахаас татгалзах эрхтэй.

  • Өвлөх эрхийн гэрчилгээнд өвлөгдөх эд хөрөнгө, ногдох хэсгийг тодорхой заах бөгөөд түүнийг тогтоохдоо Иргэний хуулийн 522, 531, 533 дугаар зүйлийг баримтална.

522 дугаар зүйл. Гэрээслэлийн агуулга

522.1.Иргэн нь хуульд зааснаар өвлөх эрхтэй буюу эрхгүй нэг буюу хэд хэдэн иргэн, түүнчлэн төр буюу хуулийн этгээдэд өөрийн эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь үзэмжээрээ хуваарилан гэрээсэлж болно.

522.2.Төр буюу хуулийн этгээдэд эд хөрөнгө гэрээслэгч нь түүний зориулалтыг зааж болно.

522.3.Гэрээслэгч бүх эд хөрөнгөө хууль ёсны өмчлөгч бус этгээдэд гэрээслэх тохиолдолд өвлүүлэгчийн насанд хүрээгүй буюу хөдөлмөрийн чадваргүй, түүнчлэн түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, түүний асрамжинд байсан хөдөлмөрийн чадваргүй нөхөр /эхнэр/, төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх, хууль ёсны бусад өвлөгчдөд хуульд зааснаар өвлүүлбэл зохих хөрөнгийн хоёрны нэгээс багагүй хэсгийг заавал өвлүүлнэ. Ийнхүү заавал өвлүүлэх хэсгийн хэмжээг тодорхойлохдоо хуваарьт болон дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн өвлүүлэгчид оногдох хэсгийг оролцуулан тооцно.

522.4.Хуульд зааснаар өвлөх эрхтэй нэг буюу хэд хэдэн, эсхүл бүх этгээд өвлөх эрхээ хасуулсан тохиолдолд энэ хуулийн 522.3 хамаарахгүй.

522.5.Өв нээгдэхээс өмнө гэрээслэлд заасан өв залгамжлагч нас барсан буюу өвийг хүлээн авахаас татгалзсан бол гэрээслэгч нь өөр өв залгамжлагчийг томилж болно.


531 дүгээр зүйл. Өвлөх эрхийн гэрчилгээ олгох

531.1.Хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг өв нээгдсэн газрын нотариат, нотариатгүй газар баг, сумын Засаг даргад гаргана.

531.2.Хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа олгоно.

531.3.Гэрчилгээ олгох тухай хүсэлт гаргасан буюу өвлөгдсөн эд хөрөнгийг авсан этгээдээс өөр өвлөгч байхгүй нь лавтай баримтаар нотлогдвол гэрчилгээг энэ хуулийн 531.2-т заасан хугацаанаас өмнө олгож болно.

531.4.Энэ хуулийн 522.3-т заасан өвлөх эрх бүхий этгээд байхгүй тохиолдолд гэрээслэлээр өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэн өдрөөс хойш нэг жилийн дотор өвлөгч гэрээслэлээ үзүүлснээр олгоно.

531.5.Эзэнгүй эд хөрөнгийг төрийн өмчлөлд шилжүүлэх гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жилийн дараа төрийн зохих байгууллагад олгоно.


533 дугаар зүйл. Өвлөх эд хөрөнгийн хэмжээ нэмэгдэх

533.1.Хууль ёсны өвлөгчдийн аль нэг нь өөрт оногдох хэсгийг хэнд олгохыг заалгүй өвлөхөөс татгалзсан, эсхүл өвлөх эрхээ алдсан бол түүнд оногдох хэсгийг хууль ёсны бусад өвлөгчдөд тэгш хуваан олгоно.

533.2.Гэрээслэгч өөрийн бүх эд хөрөнгийг гэрээсэлсэн тохиолдолд гэрээслэлээр өвлөгчдийн аль нэг нь өөрт оногдох хэсгийг, хэнд олгохыг заалгүйгээр өвлөхөөс татгалзсан, эсхүл өвлөх эрхээ алдсан бол түүнд оногдох хэсгийг энэ хуулийн 522.3-т заасан хууль ёсны өвлөгчдөд тэгш хуваан олгоно.

533.3.Гэрээслэгч эд хөрөнгийнхөө зарим хэсгийг гэрээсэлсэн бөгөөд гэрээслэлээр өвлөгчдийн аль нэг нь энэ хуулийн 533.2-т заасан үндэслэлээр өвлөгчдийн тооноос хасагдвал, түүнд оногдох хэсгийг хууль ёсны өвлөгчдөд тэгш хуваан олгоно.

533.4.Энэ хуулийн 533.1-533.3-т заасан өвлөгдөх эд хөрөнгийн оногдох хэсгийг хүлээн авах өвлөгч байхгүй бол тухайн эд хөрөнгийг төрийн өмчлөлд шилжүүлнэ.

  • Өвлөгч нь насанд хүрээгүй буюу эрх зүйн чадамжгүй бол өвлөх эрхийн гэрчилгээг болон хууль ёсны төлөөлөгч /эцэг /эх/, асран хамгаалагч, харгалзан дэмжигч/-д нь олгож, энэ тухай тусгайлан тэмдэглэл үйлдэнэ.
  • Эрх бүхий байгууллага өвлөгдөх эд хөрөнгийг битүүмжилсэн бол уг өвлөгдөх эд хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлөгдтөл өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хориглоно.

Нотариатын үйлдэл хийх заавар:

Найм. Өвлөх эрхийн гэрчилгээ олгох

8.1.Нотариатч нь өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийг баримтална.

8.2.Дараахь баримт бичгийг үндэслэн хууль ёсны өвлөгчийн гэрчилгээг олгоно. Үүнд:

8.2.1.өвлүүлэгчийн эхнэр /нөхөр/ болох тухай гэрлэлтийн гэрчилгээ эсхүл гэрлэлт бүртгэлийн лавлагаа;

8.2.2.төрүүлсэн болон үрчилсэн хүүхэд болох тухай төрсний болон үрчлэлтийн гэрчилгээ эсхүл төрөлт, үрчлэлт бүртгэсэн архивын лавлагаа;

8.2.3.өвлүүлэгчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх мөн болохыг нас барагчийн төрсний болон үрчилсний гэрчилгээ эсхүл төрөлт, үрчлэлтийг бүртгэсэн лавлагаа;

8.2.4.өвлүүлэгчийн ах эгч дүү мөн болохыг нотлох хүн тус бүрийн төрсний гэрчилгээ, эсхүл төрөлт бүртгэсэн лавлагаа, төрөл садангийн лавлагаа, эцэг, эхийн хэдэн хүүхэд төрүүлсэн тухай лавлагаа;

8.2.5.өвлүүлэгчийн өвөг эцэг, эмэг эх, ач, зээ, ачинцар, зээнцэр мөн болохыг нотлох төрсний гэрчилгээ, зохих лавлагаа, хүн амын тооллогын архивын магадлагаа;

8.2.6.өвлүүлэгчийг нас барахаас өмнө 1-ээс доошгүй жилийн хугацаанд түүний асрамжинд байсан хөдөлмөрийн чадваргүй иргэний тухайд холбогдох баг, хорооны Засаг даргын тодорхойлолт, эмнэлгийн магадлагаа, шаардлагатай тохиолдолд гэрчийн тодорхойлолт бусад баримт бичиг;

8.2.7.өвлүүлэгчийн насанд хүрээгүй болон нас барснаас хойш төрсөн хүүхдийн төрсний гэрчилгээ эсхүл төрсөн тухай лавлагаа, түүнчлэн өвлүүлэгчийн асрамжид байсан хөдөлмөрийн чадваргүй насанд хүрсэн хүүхэд, эхнэр/нөхөр/, төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эхийг эмнэлгийн магадлагаа, баг, хорооны Засаг даргын тодорхойлолт, холбогдох бусад байгууллагын тодорхойлолт;

8.2.8.өвлүүлэгчийн нас барсны гэрчилгээ, сураггүй алга болсонд тооцсон, нас барсан гэж зарласан бол энэ тухай шүүхийн шийдвэр;

8.2.9.өвлөгдөх эд хөрөнгийн оршин байгаа газар, бүрэлдэхүүн, тоо хэмжээ, тэдгээр нь өвлүүлэгчийн өмч болохыг нотлох баримт бичиг;

8.2.10.хууль ёсны өвлөгч гэдгээ баримтаар нотлох боломжгүй бол энэ талаар гарсан шүүхийн шийдвэр;

8.2.11.өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлт, өвлүүлэгчийн оршин суугаа газрын засаг захиргааны тодорхойлолт /өвлүүлэгч нас барах үедээ хэн хэнтэй амьдарч байсан, одоо уг хаягт хэн, хэн амьдарч байгаа, тухайн хаягт амьдарч байгаа хугацааг тодруулсан/; /ХЗДХС-ын 2021 оны А/210 дугаар тушаалаар өөрчилсөн/

8.2.12.гэрээслэлээр өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо гэрээслэгч бүх эд хөрөнгөө хууль ёсны өвлөгч бус этгээдэд гэрээслэсэн тохиолдолд Иргэний хуулийн 522 дугаар зүйлийн 522.3 дахь хэсэгт заасан өвлөгч байгаа эсэхийг тодруулсан баримт бичиг, лавлагаа;

8.2.13.өвлөгдөх хөрөнгөд өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон эсэх, өв хүлээн авах, өвлөх эрхийн гэрчилгээ олгох, өв хүлээн авахаас татгалзах хүсэлт гаргасан эсэх, гэрээслэл үйлдсэн эсэх, өв хөрөнгөтэй холбоотой маргаан байгаа эсэх талаарх Нотариатчдын танхимын өв, гэрээслэлийн нэгдсэн бүртгэлийн лавлагаа; /ХЗДХС-ын 2021 оны А/210 дугаар тушаалаар 8.2.13 дахь заалтыг нэмсэн/

8.2.14.бусад холбогдох баримт бичиг, лавлагаа./ХЗДХС-ын 2021 оны А/210 дугаар тушаалаар өөрчилсөн/

8.3.Нотариатч нь өвлөх эрхийн гэрчилгээг Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2-д заасны дагуу өв нээгдсэн өдрөөс хойш нэг жил өнгөрсний дараа хууль ёсны өвлөгчид олгоно.

8.4.Гэрчилгээ олгох тухай хүсэлт гаргасан бөгөөд өвлөгдсөн эд хөрөнгийг авсан этгээдээс өөр өвлөгч байхгүй нь лавтай баримтаар нотлогдвол нотариатч нь гэрчилгээг Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2-т заасан хугацаанаас өмнө олгож болно.

8.5.Өвлөгдөх эд хөрөнгийг төрийн өмчлөлд шилжүүлэх бол өв нээгдсэнээс хойш нэг жилийн дараа нотариатч нь төрийн холбогдох байгууллагад өвлөх эрхийн гэрчилгээг олгоно.

8.6.Хууль ёсны болон гэрээслэлээр өвлөгчдийн зарим нь өөрт оногдох хэсгийг хэнд шилжүүлэхийг заалгүй өвлөхөөс татгалзсан бол түүний бичгээр үйлдэж, гарын үсгээ зурсан татгалзлыг нь нотариатч гэрчлэх бөгөөд татгалзсан этгээдэд оногдох хувийг бусад хууль ёсны өвлөгчид олгоно.

8.7.Гэрээслэгч нь Иргэний хуулийн 522.3-д заасны дагуу бүх эд хөрөнгөө хууль ёсны өмчлөгч бус этгээдэд гэрээслэсэн тохиолдолд өвлүүлэгчийн насанд хүрээгүй буюу хөдөлмөрийн чадваргүй, түүнчлэн түүнийг нас барсны дараа төрсөн хүүхэд, түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадваргүй нөхөр/эхнэр/, төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх, хууль ёсны бусад өвлөгчдөд хуульд зааснаар өвлүүлбэл зохих хөрөнгийн хоёрны нэгээс багагүй хэсгийг заавал өвлүүлнэ.

Хэрэв өвлөх эрх бүхий этгээд байхгүй тохиолдолд гэрээслэлээр өвлөх эрхийн гэрчилгээг гэрээслэлийг үндэслэн өв нээгдсэн өдрөөс хойш нэг жилийн дотор өвлөгчид олгоно.

8.8.Өвлөгч нь насанд хүрээгүй буюу эрхийн чадамжгүй бол өвлөх эрхийн гэрчилгээг хууль ёсны төлөөлөгч болон асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь олгож, энэ тухай тусгайлан тэмдэглэл үйлдэнэ.

8.9.Өв хүлээн авах, өв хүлээн авахаас татгалзсан хүсэлт болон өвлөх эрхийн гэрчилгээ олгосныг нотариатч орон нутагт аймгийн салбарын, нийслэлд Нотариатчдын танхимын нэгдсэн бүртгэлд оруулна.


http://e-khutuch.mn/guide/print/30/356/law