ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Гадаадын иргэн, харьяатын харилцаа Виз

“Монгол Улсын виз” гэж гадаадын иргэнд Монгол Улсын хилээр нэвтрэх эрх олгосон зөвшөөрлийн хуудсыг хэлнэ. Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсад нэвтрэх гадаадын иргэн Монгол Улсын виз (цаашид “виз” гэх)-ийг зохих журмын дагуу авсан байна.

Дараах үндэслэл байвал гадаадын иргэнийг Монгол Улсад орохыг үл зөвшөөрнө:

  • 16 насанд хүрээгүй буюу эрх зүйн чадамжгүй гадаадын иргэн хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчгүй бол;
  • Монгол Улсад ял шийтгүүлсний дараа тус улсаас гарсан бөгөөд ялгүйд тооцох хугацаа нь дуусаагүй бол;
  • Монгол Улс тааламжгүй этгээд гэж зарласан бол;
  • олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байгаа бол;
  • Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахад харшилж байвал;
  • Монгол Улсад байх, буцаж явах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаагүй бол;
  • энэ хуульд заасан журмын дагуу албадан гаргасан бөгөөд Монгол Улсад орохыг хориглосон хугацаа дуусаагүй бол.

Гадаадын иргэнд Монгол Улсын нутаг дэвсгэрт дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

  • Монгол Улсын хууль тогтоомж болон олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ Монгол Улсын эрх ашиг, тус улсын иргэний болон бусад хүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд харш үйлдэл хийх;
  • Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын болон орон нутгийн хурлын сонгуульд сонгох, сонгогдох, ард нийтийн санал асуулгад оролцох;
  • Монгол Улсын нутаг дэвсгэрт улс төрийн үйл ажиллагаа явуулах байгууллага байгуулах, түүнд элсэн орох, хөрөнгө, санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэргээр улс төрийн аливаа үйл ажиллагаа явуулах;
  • тус улсын үндэсний эв нэгдлийн эсрэг сурталчилгаа явуулах, үндэсний, зан заншилд хохирол учруулж болох хүмүүнлэг бус шашны урсгал, хүчирхийллийн аливаа хэлбэр, садар самуун, мансууруулах бодисыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хэрэглэх;
  • хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр зөвшөөрөлтэй эрхлэхээр заасан үйл ажиллагааг зөвшөөрөлгүй явуулах;
  • Монгол Улсын виз, оршин суух, бүртгүүлэх журам зөрчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхлэх, шилжин суурьших;
  • хууль тогтоомжид заасан бусад үйл ажиллагаа.

Зөрчлийн тухай хуулийн 16.2-т дугаар зүйлд заасны дагуу захиргааны шийтгэл оногдуулсан гадаадын иргэний паспортад гарах хугацааг заасан “хасав” тэмдгийг дарна. Хасалт нь захиргааны шийтгэл ногдуулсан өдрөөс хойш 10 хүртэл хоногийн хугацаатай байна. Гадаадын иргэн нь уг хугацаанд багтаж  Монгол Улсаас гарах үүрэгтэй.

Гадаадын иргэний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага бүртгэх, хасалт хийх, хүчингүй болгох тэмдгийн загварыг тус тус баталж, загварыг холбогдох байгууллагуудад хүргүүлнэ.

Шаардлагатай тохиолдолд виз, визийн зөвшөөрөл олгохдоо хууль хяналтын байгууллагын саналыг авна.

Гадаадын иргэний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь виз, визийн зөвшөөрөл олгох, сунгах хүсэлтийг ажлын тав хоногт, яаралтай бол ажлын гурав хоногт багтаан шийдвэрлэнэ.

Виз, визийн зөвшөөрөл хүсэгч мэдүүлгийн хуудас, бичиг баримтыг бүрэн гүйцэт, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй.

Хүчин төгөлдөр визтэй гадаад паспортын хуудас дууссан (тэмдэглэгээ хийх зайгүй болсон), хүчингүй болсон зэргээр ашиглах боломжгүй болсон паспортыг шинэ паспортын хамт авч яваа тохиолдолд виз шилжүүлэхийг шаардахгүй.

Виз олгох эрх бүхий байгууллага виз, визийн зөвшөөрөл олгох хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авч болно.

Визийн мэдүүлгийн хуудасны загварыг хууль зүй болон гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

Виз, визийн зөвшөөрөл мэдүүлэхэд гадаадын иргэний паспортын хүчинтэй хугацаа 6 сараас дээш байна.


http://e-khutuch.mn/guide/print/31/278/advice