ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Гадаадын иргэн, харьяатын харилцаа Виз

“Монгол Улсын виз” гэж гадаадын иргэнд Монгол Улсын хилээр нэвтрэх эрх олгосон зөвшөөрлийн хуудсыг хэлнэ. Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсад нэвтрэх гадаадын иргэн Монгол Улсын виз (цаашид “виз” гэх)-ийг зохих журмын дагуу авсан байна.

Асуудлыг шийдвэрлэх дараалал

Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсад нэвтрэх гадаадын иргэн Монгол Улсын виз (цаашид “виз” гэх)-ийг зохих журмын дагуу авсан байна. Визийг хүчин төгөлдөр паспорт буюу паспортыг орлох баримт бичигтэй гадаадын иргэнд олгоно. Визийг хавсралт хуудсаар олгож болно.

Виз нь дипломат, албан, энгийн гэсэн зэрэгтэй байна.

Виз нь орох, гарах-орох, дамжин өнгөрөх зориулалттай, Монгол Улсын хилээр нэвтрэх зорилгыг агуулсан ангилалтай, нэг, хоёр, олон удаагийн гэсэн төрөлтэй байна.

Дипломат зэргийн виз: Дипломат зэргийн визийг дипломат паспорттай гадаадын иргэн, улаан өнгийн лесе пасе бүхий НҮБ-ын ажилтан, албан тушаалтанд олгоно.

Дипломат зэргийн визийг визийн хуудсан дээр “D” гэсэн латин үсгээр ялгаж тэмдэглэнэ.

Албан зэргийн виз: Албан зэргийн визийг дараах гадаадын иргэнд олгоно.

  • албан паспорттай бөгөөд албан хэргээр зорчих, оршин суух гадаадын иргэн, цэнхэр өнгийн лесе пасе бүхий НҮБ, түүний төрөлжсөн байгууллагын ажилтан, албан тушаалтан, олон улсын байгууллагын ажлаар ирэх энгийн паспорттай гадаадын иргэн, түүний гэр бүлийн гишүүн;
  • тус улсын төр, захиргаа, нутгийн өөрөө удирдах байгууллага, Улсын Их Хуралд суудал бүхий намын урилгаар ирэх албан болон энгийн паспорттай гадаадын иргэн;
  • Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу тус улсад ажиллах албан болон энгийн паспорттай гадаадын иргэн;
  • гадаад улсын болон олон улсын хэвлэл, мэдээллийн байгууллагын албан болон энгийн паспорттай ажилтан.

Албан зэргийн визийг визийн хуудсан дээр “A” гэсэн латин үсгээр ялгаж тэмдэглэнэ.

Энгийн зэргийн виз: Дипломат болон Албан зэргийн визнээс олгохоос бусад тохиолдолд гадаадын иргэнд энгийн зэргийн виз олгоно. Энгийн зэргийн визийг визийн хуудсан дээр “E” гэсэн латин үсгээр ялгаж тэмдэглэнэ.

 

ВИЗ НЬ ДАРААХ АНГИЛАЛТАЙ:

Ангилал

Виз хүсэх эрх бүхий этгээд

“D” ангиллын виз

Дипломат зэргийн визийг дипломат паспорттай гадаадын иргэн, улаан өнгийн лесе пасе бүхий НҮБ-ын ажилтан, албан тушаалтан

“A” ангиллын виз

1. Албан паспорттай бөгөөд албан хэргээр зорчих, оршин суух гадаадын иргэн, цэнхэр өнгийн лесе пасе бүхий НҮБ, түүний төрөлжсөн байгууллагын ажилтан, албан тушаалтан, олон улсын байгууллагын ажлаар ирэх энгийн паспорттай гадаадын иргэн, түүний гэр бүлийн гишүүн;

2. Тус улсын төр, захиргаа, нутгийн өөрөө удирдах байгууллага, Улсын Их Хуралд суудал бүхий намын урилгаар ирэх албан болон энгийн паспорттай гадаадын иргэн;

3. Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу тус улсад ажиллах албан болон энгийн паспорттай гадаадын иргэн;

4. Гадаад улсын болон олон улсын хэвлэл, мэдээллийн байгууллагын албан болон энгийн паспорттай ажилтан.

“T” ангиллын виз

Гадаадын хөрөнгө оруулагч болон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, түүний салбар, төлөөлөгчийн газарт ажиллах удирдах албан тушаалтанд;

“O” ангиллын виз

Төрийн бус байгууллага, олон улсын хүмүүнлэгийн байгууллагын шугамаар ирэх гадаадын иргэнд;

“В” ангиллын виз

Ажил хэргийн шугамаар ирэх гадаадын иргэнд;

“S” ангиллын виз

Суралцах, мэргэжил дээшлүүлэх болон дадлага, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, эрдэм шинжилгээний байгууллага болон инновацийн салбарын гарааны компанид эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хөдөлмөрийн гэрээгээр хийх зорилгоор ирэх гадаадын иргэнд;

“J” ангиллын виз

 Тус улсад жуулчлахаар ирэх гадаадын иргэнд паспортын төрлийг үл харгалзан;

“HG” ангиллын визийг

Тус улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах гадаадын иргэнд паспортын төрлийг үл харгалзан;

“SH” ангиллын виз

Шашны байгууллагын шугамаар ирэх, оршин суух гадаадын иргэнд паспортын төрлийг үл харгалзан; 

“TS” ангиллын виз

Монгол Улсад цагаачлах зөвшөөрөл авсан гадаадын иргэнд;

“Н” ангиллын виз

Монгол Улсад хувийн хэргээр оршин суугчийн гэр бүлийн гишүүн болон хувийн урилгаар ирэх гадаадын иргэнд паспортын төрлийг үл харгалзан.

 

Визийн зөвшөөрөол олгох:

Визийн зөвшөөрөл нь тухайн визийн зөвшөөрөл олгогдсон өдрөөс 90 хоногийн дотор хүчинтэй байна.

Уригч нь хилийн боомтод олгогдох визийн зөвшөөрөл авах хүсэлтээ гадаадын тухайн иргэнийг Монгол Улсад ирэхээс 14 хоногийн өмнө Гадаадын иргэн, харьяатын газарт гаргана.

Гадаад харилцааны яаманд “O” болон “B” ангиллын визийн зөвшөөрөл авах хүсэлт гаргахдаа дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ:

  • уригчийн албан хүсэлт;
  • цахимаар бөглөсөн мэдүүлэг;
  • гадаадын иргэний хүчин төгөлдөр паспорт буюу паспортыг орлох баримт бичиг (цаашид “паспорт” гэх)-ийн хуулбар;
  • хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  • хураамж төлсөн баримт.

Гадаадын иргэн, харьяатын газарт  “O” болон “B” ангиллын визнээс бусад ангиллын визийн зөвшөөрөл авах хүсэлт гаргахдаа дараах бичиг баримтыг бүрдүүлнэ:

  • уригчийн хүсэлт;
  • гадаадын иргэний хүчин төгөлдөр паспортын хуулбар;
  • хөдөлмөр эрхлэх, хөрөнгө оруулах зорилгоор ирэх гадаадын иргэнд төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөл;
  • хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  • гэр бүлийн гишүүд дагалдан ирэх тохиолдолд гэрлэлтийн, төрсний, үрчлэлтийн гэрчилгээг баталгаажуулсан апостиль гэрчилгээ буюу консулын баталгаа, шаардлагатай тохиолдолд орчуулгын хамт.

Түр ирэгчийн олон удаагийн виз, визийн зөвшөөрөл хүсэхэд дээрхээс гадна уригч аж ахуйн нэгж, байгууллагатай байгуулсан гэрээ, гаалийн бүрдүүлэлт, татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын тодорхойлолт зэрэг хилийн боомтоор олон удаа нэвтрэх шаардлагатайг нотлох бичиг баримтыг бүрдүүлнэ.

Харин  “J” ангиллын 30 хүртэл хоногийн виз мэдүүлэхэд визийн зөвшөөрөл шаардахгүй бөгөөд Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар, өргөмжит консулд уг визийн талаарх хүсэлтээ мэдүүлнэ.  

Виз олгох байгууллага нь Монгол Улсын харьяатаас гарсан, Монгол Улсын иргэнээс төрсөн гадаадын иргэн, тэдгээрийн гэр бүлийн гишүүнд “Н” ангиллын 90 хүртэл хоногийн нэг болон хоёр удаагийн “орох” визийг зөвшөөрөлгүйгээр олгож болно.

Виз, визийн зориулалт, төрөл, хугацаа: Орох, гарах-орох, дамжин өнгөрөх зориулалттай, Монгол Улсын хилээр нэвтрэх зорилгыг агуулсан ангилалтай, нэг, хоёр, олон удаагийн зориулалтын визийг дараах гадаадын иргэнд олгоно: 

  • түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин суух гадаадын иргэнд “орох”;
  • .Монгол Улсад суугаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн буюу консулын газар, НҮБ, түүний төрөлжсөн байгууллагын суурин төлөөлөгчийн болон гадаад улс, олон улсын хэвлэл мэдээллийн төлөөлөгчийн газарт ажиллах гадаадын иргэнээс бусад албан болон хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэн тус улсаас гараад буцаж ирэх тохиолдолд “гарах-орох”;
  • Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин нэг улсаас нөгөө улсад зорчиж байгаа гадаадын иргэнд “дамжин өнгөрөх”.

Визийн хүчинтэй байх хугацаа гэдэгт орох, дамжин өнгөрөх бүх төрлийн визийн хувьд виз олгосон өдрөөс Монгол Улсын хилээр нэвтрэх хүртэлх хугацааг ойлгоно.

 “Гарах-орох” визийн хүчинтэй байх хугацаа гэдэгт гадаадын иргэний Монгол Улсаас гараад буцаж ирэх хугацаа хамаарах бөгөөд энэ нь түүний гадаад улсад байх хугацааг мөн тодорхойлно.

Визийн хүчинтэй байх хугацаа:

  • нэг болон хоёр удаагийн “орох” виз 90 хоног;
  • нэг болон хоёр удаагийн “гарах-орох” виз 180 хүртэл хоног;
  • нэг болон хоёр удаагийн “дамжин өнгөрөх” виз 90 хоног;
  • түр ирэгчийн болон дамжин өнгөрөх олон удаагийн визийн хүчинтэй хугацаа нь 183 буюу 365 хоног.

Албан болон хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэнд олгох “гарах-орох” бүх төрлийн визийн хүчинтэй хугацаа нь оршин суух зөвшөөрлийн хугацаанаас хэтрэхгүй байна.

Визийн хуудсан дээр бичигдсэн “байх хугацаа” нь гадаадын иргэн Монгол Улсын хилээр нэвтэрснээс хойш тус улсад байх хугацааг заах бөгөөд дараах хугацаатай байна:

  • нэг болон хоёр удаагийн орох виз 90 хүртэл хоног;
  • түр ирэгчид олгох олон удаагийн виз 30 хоног;
  • бүх төрлийн “дамжин өнгөрөх” виз 10 хүртэл хоног.
  • Түр ирэгч гадаадын иргэний Монгол Улсад байх хугацааны нийлбэр тухайн жилд 180 хоногоос илүүгүй байх бөгөөд түүнээс илүү хугацаагаар байх тохиолдолд оршин суух зөвшөөрөл авна.
  • Албан болон хувийн хэргээр оршин суух гадаадын иргэний “орох” визэд Визийн хуудсан дээр бичигдсэн “байх хугацаа” хугацааг заахгүй бөгөөд оршин суух  зөвшөөрөл мэдүүлэх хугацааг визийн  хуудасны тусгай тэмдэглэл хэсэгт бичиж болно.

Виз олгох:

Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар, өргөмжит консул нь Монгол Улсыг хавсран суугаа болон гадаад улсын бусад дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын төлөөний ноот бичгийг үндэслэн гадаадын иргэнд зохих визийг олгож болно.

Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар, өргөмжит консул байхгүй улсаас ирж байгаа гадаадын иргэнд шаардлагатай тохиолдолд олон улсын хилийн боомт дээр “орох” виз олгож болно.

Монгол Улсад суугаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн буюу консулын газар, НҮБ, түүний төрөлжсөн байгууллагын суурин төлөөлөгчийн болон гадаад улс, олон улсын хэвлэл мэдээллийн төлөөлөгчийн газарт ажиллах гадаадын иргэнээс бусад Монгол Улсад оршин суугч гадаадын иргэнд уригчийн хүсэлтийг үндэслэн “гарах-орох” виз олгож болно.

 “Дамжин өнгөрөх” визийг хилийн боомт дээр тухайн гадаадын иргэний очих улсын виз, эсхүл тийзийг үндэслэн олгоно.

Иргэд харилцан зорчих нөхцөлийн талаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй тохиолдолд гадаадын иргэн гэрээнд зааснаас илүү хугацаагаар зорчих, оршин суух зөвшөөрөл хүсэх тохиолдолд зохих ангиллын визийг урьдчилан авсан байна.

Виз хүсэгч виз мэдүүлэхдээ визийн хураамжийг төлсөн байх шаардлагатай бөгөөд виз олгохоос татгалзсан тохиолдолд уг хураамжийг буцаан олгохгүй.

Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, өргөмжит консул, хилийн боомтод “D” ангиллын, Төрийн байгууллагын урилгаар ирсэн болон Засгийн газар хоорондын байгууллагад ажиллах гадаадын иргэнээс  бусад “A” ангиллын виз хүсэгч гадаадын иргэн нь мэдүүлгийн хуудас бөглөн дараах бичиг баримтыг бүрдүүлнэ:

  • хүчин төгөлдөр паспорт;
  • 3.5x4.5 см хэмжээтэй 1 хувь цээж зураг;
  • гадаад улсын гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын албан бичиг, эсхүл гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөл.

Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, өргөмжит консул, хилийн боомтод “J” ангиллын виз хүсэгч гадаадын иргэн нь мэдүүлгийн хуудас бөглөн дараах бичиг баримтыг бүрдүүлнэ:

  • хүчин төгөлдөр паспорт;
  • 3.5x4.5 см хэмжээтэй 1 хувь цээж зураг;
  • Монгол Улсад ирэх, буцах нислэг буюу галт тэрэгний тийз захиалгын хуудас;
  • Монгол Улсад зорчих хугацаанд байрлах зочид буудлын захиалгын хуудас, байрлах газрын хаяг; шаардлагатай тохиолдолд хөдөлмөр эрхэлдэг, санхүүгийн чадавхитайг нотолсон бичиг баримт;
  • гадаадын иргэд бүлгээр аялах тохиолдолд эрх бүхий хүлээн авагчийн урилга болон илгээгч байгууллагын хүсэлт;
  • визийн хураамж төлсөн баримт.

Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, өргөмжит консулд Монгол Улсын виз олгох  журмын 4.9, 4.10-т зааснаас бусад ангиллын виз хүсэгч болон хилийн боомтод журмын 4.9-д зааснаас бусад ангиллын виз хүсэгч гадаадын иргэн нь мэдүүлгийн хуудас бөглөн дараах бичиг баримтыг бүрдүүлнэ:

  • хүчин төгөлдөр паспорт;
  • 3.5x4.5 см хэмжээтэй 1 хувь цээж зураг;
  • виз олгох эрх бүхий байгууллагаас олгосон тохиолдолд визийн зөвшөөрөл, хувийн урилга;
  • гадаадын иргэд бүлгээр аялах тохиолдолд эрх бүхий хүлээн авагчийн урилга болон илгээгч байгууллагын хүсэлт;
  • шаардлагатай бол албан хүсэлт;
  • визийн хураамж.

Шаардлагатай тохиолдолд виз олгох байгууллага виз хүсэгчтэй ярилцлага хийсний үндсэн дээр виз олгох эсэхийг шийдвэрлэж болно.

Визийн мэдүүлгийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон энэ журмын холбогдох заалтыг баримтлан дараах албан тушаалтан хянан баталгаажуулна:

  • гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын консулын асуудал эрхэлсэн газрын захирал, дэд захирал;
  • Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн, консулын хэлтсийн дарга, консулын албан тушаалтан, өргөмжит консул;
  • гадаадын иргэний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга, түүний эрх олгосон албан тушаалтан.

Дээрх албан тушаалтан гадаадын иргэний визийн мэдүүлгийг хянан баталгаажуулсан тохиолдолд хүчин төгөлдөр паспортын тэмдэглэлгүй хуудсан дээр виз олгоно.

Визийн мэдүүлгийг хянан үзээд виз олгохоос татгалзах тохиолдолд энэ тухай мэдэгдэх хуудсыг виз мэдүүлэгчид өгнө.

Виз бүхий паспортыг үрэгдүүлсэн, солиулсан гадаадын иргэнд визийн хуудасны үнийг төлүүлэн өмнө олгосон визийг дахин олгож болно.

Гадаадын иргэнд зөвшөөрөлгүй виз олгосон, визийн хуудсанд тэмдэглэх мэдээллийг буруу тэмдэглэсэн тохиолдолд визийг хүчингүй болгож, зохих ангиллын визийг дахин олгоно. Визийн хуудасны үнийг буруутай этгээдээр төлүүлнэ.

Визийг цахим хэлбэрээр олгож болно.

Виз, визийн зөвшөөрөл олгохоос татгалзах, визийг хүчингүй болгох:

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаас гадна дараах үндэслэлээр виз, визийн зөвшөөрлийг олгохоос татгалзана:

  • гадаадын иргэн виз, визийн зөвшөөрөл мэдүүлэхээс өмнө 1 сарын хугацаанд Зөрчлийн тухай хуулийн 16.2-т заасан зөрчил гаргаж шийтгэл хүлээсэн;
  • Монгол Улсад зорчих зорилгоо тодорхойлж чадаагүй;
  • виз олгоход шаардагдах бичиг баримтыг гаргаж өгөөгүй;
  • хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, худал мэдүүлэг өгсөн;
  • мэдүүлгийн хуудсыг бүрэн гүйцэд бөглөөгүй.

Визийг дараах үндэслэлээр хүчингүй болгоно:

  • визийг хуурамчаар үйлдсэн;
  • уригчийн үндэслэл бүхий хүсэлтийг харгалзан;
  • тагнуул, цагдаагийн байгууллагын бичгээр ирүүлсэн саналыг үндэслэн;
  • визийн хуудсан дээрх бичилт, тэмдэглэгээ алдаатай;
  • албадан гаргаж байгаа;
  • визийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй олгосон;
  • бичиг баримт хуурамчаар бүрдүүлэн виз, оршин суух зөвшөөрөл мэдүүлсэн;
  • оршин суух зөвшөөрлийг хүчингүй болгосон болон хугацаа дууссан.

Визийг хүчингүй болгохдоо визийн хуудас дээр “хүчингүй” буюу “void” тэмдэг дарна.

Виз, визийн зөвшөөрөл олгохоос татгалзсан тохиолдолд виз, визийн зөвшөөрөл хүсэгч 30 хоногийн дараа дахин хүсэлт гаргаж болно.

Монгол Улсад байх визийн хугацааг сунгах, ангилал өөрчлөх:  Визийн хүчинтэй хугацааг сунгахгүй.

Гадаадын иргэн Монгол Улсад байх визийн хугацааг сунгуулах хүсэлтээ мэдүүлгийн хуудас бөглөн дараах бичиг баримтын хамт уг хугацаа дуусахаас ажлын 4-өөс доошгүй хоногийн өмнө Гадаад харилцааны яам, Гадаадын иргэн, харьяатын газарт гаргана:

  • хүчин төгөлдөр паспорт;
  • уригчтай бол уригчийн хүсэлт;
  • 3.5x4.5 см хэмжээтэй 1 хувь цээж зураг.

Түр ирэгч гадаадын иргэний визийн сунгалт хоорондын хугацаа 90 хоногоос доошгүй  байна.

Төрийн болон Засгийн газар хоорондын байгууллагын шугамаар ирсэн гадаадын иргэний визийн хугацааг сунгахад Түр ирэгч  гадаадын иргэний визийн сунгалт хоорондын хугацаа хамаарахгүй.

Хөрөнгө оруулагч, төрийн болон Засгийн газар хоорондын байгууллагад ажиллахаар ирсэн, Монгол Улсын харьяатаас гарсан, Монгол Улсын иргэнээс төрсөн гадаадын иргэн болон тэдгээрийн гэр бүлийн гишүүн түр ирэгч оршин суух зөвшөөрөл хүссэн тохиолдолд визийн ангиллыг өөрчилж болно.

Гадаадын иргэн оршин суух зөвшөөрлийн хэлбэрээ өөрчлөх хүсэлт гаргасан тохиолдолд визийн ангиллыг нь өөрчилнө.

Монгол Улсад байх визийн хугацааг сунгахдаа бүртгэл хийн, паспортад “бүртгэв” гэсэн тэмдэг дарна. “Бүртгэв” тэмдэгт гадаадын иргэнийг бүртгэсэн он, сар, өдрийг бичиж, тэмдэгний хажууд бүртгэлийн дугаарыг тэмдэглэнэ.

Монгол Улсад байх визийн хугацааг сунгах хоногийг "хасав" гэсэн тэмдгийн зүүн доод буланд бичнэ. “Хасав” тэмдгийн “он, сар, өдөр” гэсэн хэсэгт визийн сунгалтын сүүлийн өдрийг бичиж, тэмдгийн хажууд сунгасан визийн дугаарыг тэмдэглэнэ.


http://e-khutuch.mn/guide/print/31/278/decide_order